БШУЯ: ЭЕШ-ын оноо аймгуудын боловсролын түвшний эрэмбийг илэрхийлэхгүй

Улс орон даяар дөрвөн өдрийн турш ЭЕШ болж өндөрлөсөн. Энэ жил ЭЕШ өгөхөөр 34.432 шалгуулагч бүртгүүлэн бөгөөд тэдгээрийн 30 мянга орчим нь энэ онд 12-р ангиа төгссөн сурагчид байв.
Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалт өндөрлөсний дараа аймаг, дүүргүүдийг сурагчдын хичээл бүрт авсан оноогоор нэгтгэн эрэмбэлж байр эзлүүлсэн зурган мэдээлэл цахим сүлжээнд талцал үүсгэд буй гэж хэлж болно. Тодруулбал, тухайн мэдээлэлд иргэд хувийн байдлаар байр сууриа илэрхийлж, аймгийнхаа боловсролын түвшинг зөвхөн төгсөх ангийн сурагчдын үзүүлэлтээр өнгөц үнэлж байна.

Тиймээс бид энэ асуудлаар БШУЯ-наас тодруулахад: "Энэ бол албан бус эрэмбэ. Учир нь Боловсролын үнэлгээний төв болон манайхаас ЭЕШ-ын оноогоор нь аймаг, болон дүүргүүдийг байр эзлүүлж эрэмблэдэггүй. Яагаад гэвэл энэ нь тухайн аймгийн боловсролын чанарыг дангаар илтгэх чанарын үзүүлэлт биш.
Мөн бэлтгэсэн сурагч нь өндөр оноо авч улс болон аймагтаа тэргүүлсэн багш нарыг шагнаж, урамшуулах ажил ч хийдэггүй. Учир нь харьцангуй ойлголт бөгөөд тухайн сурагч бүх анги түвшинд ганцхан багшаар хичээл заалгаагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл анги, түвшин бүрээс олж авсан мэдлэг болоод бусад багш нарын оролцоо ч нөлөөтэй гэж хардаг. Мөн бид багш нарыг зөвхөн гүйцэтгэлийн үнэлгээгээр нь үнэлдэг болсон. Үүний хүрээнд багш нар зөвхөн хийсэн ажлаа шударгаар үнэлүүлж урамшууллаа тооцуулдаг. Энэ дагуу нийт багш нарын 43 хувь нь гүйцэтгэлийн үнэлгээгээр сайн үнэлэгдсэн" гэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.