"Ламхайн асуудлыг түргэн шийдвэрлэнэ, хохирогч хүүхдэд хүндэтгэлтэй хандаарай"

Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албанаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр ламхай нарын асуудлын талаар мэдээлэл өгөв.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Гандантэгчэнлин хийдэд шавилан сууж байгаа бага насны хүүхдүүд хохирсон, холбогдсон гэх хэргийн талаар товч мэдээлэл өгье.
2023 оны зургаадугаар сарын 16-нд нэгүүн.мн сайтад уг мэдээлэл нийтлэгдсэн билээ. Тухайн хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм. Үүний дагуу 2023 оны зургаадугаар сарын 23-нд УЕП-ын тушаалаар баталсан харьяалал тогтоох журам бий. Тухайн журмын дагуу Мөрдөн байцаах албаны хүүхдийн эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгах ажиллагаа явагдаж байна.
Мөрдөн шалгах ажлын хүрээнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.4-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй. Одоогоор мөрдөгчийн ажлын хэсэгт тухайн хэрэг шалгагдаж байгааг хэлэх байна.
Хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас түргэн шуурхай шалгаж, шийдвэрлэнэ" гэсэн мэдээллийг өгөв.
Мөн "14 хүрээгүй хүүхдийг бага насны хүүхэд гэж ойлгодог. Бид хүүхдээс мэдүүлэг авах гэж дуудахдаа хүртэл хууль ёсны төлөөлөгчөөр нь дамжуулдаг зохицуулалттай. Хүүхдийн эрх, аюулгүй байдал, нэр хүнд цаашилбал мөрдөн байцаах ажиллагааны нууцлал зэргийг харгалзан хүүхдийн эрхийг хүндэтгэхийг тэрбээр санууллаа.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүнд ажиллаж буй сэтгүүлчид хохирогч, холбогдогч хүүхдүүдийг камерын өмнө суулгаад асуугаад, шалгаагаад байх нь зохисгүй харагдаж байна. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудалд ёс зүйтэй хандах хэрэгтэйг анхаараарай. Мөн хуулийн дагуу шалгагдаж буй хэргийг шалгахаа зогсоосон гэх ташаа мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг хүсье" гэлээ.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.