Говь-Алтай: Тарваган тахалтай иргэний ойрын хавьтлуудын бие хэвийн тул хөл хориог цуцаллаа
Говь-Алтай аймагт энэ сарын 26-ны өдөр буюу дөрвөн хоногийн өмнө тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аж. Энэ талаар холбогдох байгууллагаас тодрууллаа.
"Энэ сарын 26-ны өдрийн 21.00 цагийн үед аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинж тэмдэг тодорхойгүй "үжил халдвар" оноштой өвчтөн Бугат сумаас ирсэн юм. Бид урьдчилсан байдлаар тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэсэн.
Улмаар аймгийн Зооноз өвчин судлалын төвд түргэвчилсэн шинжилгээ хийхэд “сул эерэг” гарсан тул сорьцыг нарийвчлан шинжлүүлсэн юм. Тухайлбал, зургаадугаар сарын 28-ны 01.00 цагт шинжилгээний хариу эцэслэн гарч тарваган тахлын булчирхайн хэлбэр гэдэг нь батлагдсан. Үүнээс үүдэж аймгийн төв болох Есөнбулаг суманд хязгаарлалт тогтоосон юм.
Одоогоор өвчилсөн иргэний ойрын хавьтлуудын биеийн байдал хэвийн байна. Үүнийг харгалзан үзэж аймгийн Онцгой комисс Есөнбулаг суманд тогтоосон хязгаарлалт, хөл хориог зургаадугаар сарын 29-ний өдөр буюу өчигдөр цуцалсан" хэмээв.
Говь-Алтай аймаг нь тарваган тахлын голомтот бүс нутаг юм. Сүүлийн 10 жил буюу 2011-2022 онд тарваган тахалтай холбоотой 14 тохиолдол батлагдаж байжээ.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.