НИЙГЭМ

Хүүхдийнхээ нүдэн дээр эхнэрээ хөнөөгөөд зугтсан этгээдийг цагдан хорьж шалгаж байна

-ОНЦ НОЦТОЙ ХҮН АМИНЫ ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ДУУСААГҮЙ БАЙГАА ГЭВ-

Өнгөрсөн есдүгээр сарын 04-ний үүрийн 04 цагийн орчимд Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хутгалуулсан хүн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Уг мэдээллийн цаана бага насны хүүхдийнхээ нүдэн дээр эхнэрээ хутгалан хөнөөгөөд зугтсан хэрэг үйлдэгдсэн билээ.

Уг хэрэг өдгөө мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Харин сэжигтэн этгээдийг ШШГЕГ-ын харъяа урьдчилсан хорих 461-р ангид саатуулжээ.

Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай очиж шалгахад тус нийтийн байрны нэг давхрын үүдний хаалганы дэргэд цээжин тус газраа хоёр удаа хутгалуулсан 40 орчим эмэгтэй нас барсан байдалтай олджээ. Харин бага насны хүүхэд нь гадагш гүйгээд гарсан, олдохгүй байсан ч тун удалгүй гудамжинд уйлаад сууж байхад нь олж гэртээ оруулан ах эгч нарт нь хүлээлгээ өгсөн гэдгийг оршин суугчид хэлжээ. Одоогоор гэр бүлийн хүчирхийллийг нүдээр харж, ээжийг нь төрсөн аав нь хутгалан хөнөөж байхыг харсан долоон настай хүүгийн сэтгэл санаа хүнд байгаа тухай эх сурвалж мэдээлж байгаа билээ.

Цагдаагийн алба хаагчдыг дуудлагын дагуу анх очиж шалгахад холбогдогч этгээд нь хохирогч эмэгтэй Г-н амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан байсныг шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, түүний хамтран амьдрагч, нөхөр 50 настай Ц нь үйлдсэн болохыг тогтоосон. Ийнхүү архидан согтуурсан үедээ эхнэрээ хөнөөгөөд зугтсан хэргийн сэжигтэнг орон даяар шуурхай эрэн хайх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Талийгаач Г нь охины хамт Сүхбаатар дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд байр түрээслэн амьдардаг бөгөөд нөхөр Ц нь хөдөө суманд мал маллаж байгаад 2018 оноос хотод эхнэр, хүүхдийн хамт түр оршин сууж байсныг шалгалтын явцад олж тогтоосон. Мөн талийгаач нь дээрх нийтийн байранд үйлчлэгчийн ажил эрхэлдэг байжээ.

Цагдаагийн байгууллагаас хохирогч, холбогдогч болон өмнө нь тухайн тоотоос гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл ирүүлж байсныг шалгаж үзэхэд 2019 оны долоодугаар сард хохирогч Г-ээс “Манай нөхөр зодоод байна” гэх дуудлага мэдээллийг ирүүлж байсан аж. Энэ дагуу зөрчил гаргагч Ц-г эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн /гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль/ 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчилд зөрчлийн хэрэг нээн шүүхэд шилжүүлж долоо хоног баривчлах шийтгэл хуулийн дагуу оногдуулж байсан байна. Мөн 2019 оны  наймдугаар сард хохирогч Г-ээс “Манай нөхөр зодоод байна” гэх дуудлага мэдээллийн дагуу зөрчил гаргагч Ц-г мөн эрүүлжүүлж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцүүлж долоо хоног баривчлах шийтгэл тус тус оногдуулсан байсан аж.

Гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж эхнэрээ хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэгтэн Ц-г эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай тасралтгүй зохион явуулж, хүн нэг бүрийг шалгаж, хяналт тавьж ажилласан байгаа юм. Харин цагдаагийн алба хаагчид отолж хийж байх үед хэрэг үйлдэгдсэн нийтийн байрны хашааны гадна сэжиг бүхий тээврийн хэрэгсэл зогсож, дотроос нь буусан этгээд онц ноцтой гэмт хэрэгтэн Ц мөн болохыг тогтоож, сэжигтэй этгээдийг зугтаалгах буюу иргэдийн аюулгүй байдлыг хангасны дараа түүнийг дайчлан баривчилсан байдаг.

-ЭХНЭРЭЭ ӨӨРИЙН МЭДЭЛГҮЙ ХОЁР УДАА ХУТГАЛЧИХСАН БАЙСАН ГЭЖЭЭ-

Хэрэг болсон өдрийн талаар гэмт хэрэгтэн Ц мэдүүлэхдээ:  “Тухайн өдөр найзуудынхаа хамт гэртээ шил архи хувааж ууцгаасан юм, тухайн үед согтоод эхнэртэйгээ үл ялих зүйлээс болж маргалдсан юм. Тэгээд хутга аваад хутганыхаа ар талаар 2,3 удаа цохисон тэгтэл гэнэт хутгалчихсан байсан. Тухайн үед манай эхнэр согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан” гэж ярив.

У.УРАНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button