Нийгэм мэдээ

"МУИС-ийн оюутнууд 1000 номтой цахим номын санг өнөөдрөөс ашиглана"

МУИС-ийн номын сангаас санаачлан хэрэгжүүлсэн цахимжуулах төсөл 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд үргэлжилсэн. Тэгвэл уг номын сан өнөөдөр нээлтээ хийлээ. Төслийг хэрэгжүүлэхдээ МУИС-ийн нэгж, салбар бүрийн ном олголтыг харьцуулан судлаж, хамгийн их үйлчилгээний үзүүлэлттэй салбар сургууль болох ХЗС-ийн номын санг сонгон авчээ. Номын сангийн нээлтийн үеэр МУИС-ийн захирал Д.Бадарч үг хэллээ.

Тэрбээр "Бид Цахим шилжилтийн эрин үед амьдарч байна. Өнгөрсөн долоо хоногт Юнескогийн ерөнхий бага хурлын 42 дугаар чуулганд Монголын төлөөлөгч болон оролцож байгаад ирлээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Юнескогийн Юнисефээс зохион байгуулсан цахим шилжилтийн арга хэмжээний үеэр манай улсын боловсролын салбарын цахим шилжилтийг өндрөөр үнэлсэн. Мөн боловсролын салбарын цахимжилт өндөр таван улсын нэгээр тодорч ирэх оны есдүгээр сард бид боловсролын салбарын цахим шилжилтийн талаар нээлттэй үйл ажиллага зохион байгуулна.

Манай сургуулийн хувьд мэдлэгийг бүх нийтийн баялаг болгох тал дээр, хүн болгонд хүртээж ажиллахыг зорьдог. 1000 гаруй номтой цахим номын сан нь МУИС-д бүртгэлтэй бүх оюутанд зориулагдсан оюуны хөрөнгө оруулалт юм" гэв.

МУИС-ийн ХЗС-ийн номын санг цахимжуулж эхэлсэн тухайд

МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журмын хүрээнд зарлагдсан инновацийн төсөлд бичиг баримтаа өгч шалгарсан нь энэхүү ажлын эхлэл болсон юм. ХЗС-ийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол хэл дээрх ном бүтээлд зохиогч, зохиогчийн эрх, эзэмшигчийн зөвшөөрөл авсан бүтээлээр дотоод цахим сан хөмрөгөө нэмэгдүүлэх, уншигч хэрэглэгчид цаг хугацаа орон зай хамаарахгүй цахим материал үзэх боломжийг нэмэгдүүлэхээр зорьсон.

Зохиогчийн эрхийн судалгаанд үндэслэн зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч зөвшөөрсөн бүтээл тус бүр дээр гэрээ хийх, хэвлэмэл бүтээлийг сканердах, цахим хэлбэрт хөрвүүлэх, системд байршуулах, уншлага үйлчилгээнд гаргах гэх мэт олон шат дараалалтай ажлуудыг хийснээр ЦАХИМ САН байгуулагдлаа.

Хувь хүний болон байгууллагийн номыг цахимжуулах хоёр үе шаттайгаар энэхүү цахим номын сангийн бүртгэл эхэлсэн. Нэг жилийн хугацаанд 1200 төрлийн ном, сурах бичиг бүртгэсэн байна.

Цахим хэлбэрт шилжүүлсэн бүтээлийн бүтэц

  • Хууль эрхзүйн чиглэлийн сурах бичиг, гарын авлага
  • Салбарын эрдэмтдийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, судалгааны бүтээлүүд
  • Хууль, тушаал, тогтоол, шийдвэрийн эмхэтгэл тайлангууд
  • Эрдэм шинжилгээний бүтээлүүд

Цахимжсан бүтээлийн олон нийтэд нээлттэй байдал

Цахимжсан бүтээлийг МУИС-ийн уншигч хэрэглэж болохоор номын сангийн КОХА програмд байрлуулдаг. Оюуны өмчийн газар луу зохиогчийн эрхийн судалгаа хийсний үндсэн дээр 5000 номны зохиогчийн эрхийн хугацаа дууссан эсэхийг шалгуулахаар явуулснаас 2049 бүтээлийг нээлттэй байршуулж эхэлсэн. МУИС-аас санаачилсан үйл ажиллагааг "Esan, Mplus" дэмжин олонд танигдсан суурь шинжлэх ухааны 54 сурах бичгийг цахимжуулж олонд нээлттэй байршуулжээ.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
mgl hyn
mgl hyn
2023-11-20 14:52

Esan chin dendyy ynetei tawisan bn lee

Холбоотой мэдээ

Back to top button