Нийгэм мэдээ

Мөсөнд авиралтын “Karakorum Ice Festival 2023” тэмцээн Орхоны хүрхрээнд болно

Эртний түүхт Орхон голын хөндийд өвлийн аялал жуулчлалын нэгэн сонирхолтой арга хэмжээг экстрим спорт сонирхогчид 2012 оноос эхлэн зохион байгуулсан билээ. 2019 оноос "Karakorum Ice Festival" гэж нэрлэгдэх болсон тус арга хэмжээ нь энэ сарын 9,10-нд Орхоны хүрхрээнд болно.

Газар газрын мөсөнд авирагчид багаж зэвсгээ үүрэн, Орхон голын Улаан Цутгалангийн хүрхрээг зорин очиж, хоёр өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлддөг.

Энэхүү наадмын хүрээнд мөсөнд авиралтыг монголдоо хөгжүүлж, тамирчдаа бэлтгэн тив, дэлхийн аваргын тэмцээнүүдэд оруулж эхэлсэн бөгөөд Монголын тамирчид Азийн аваргаас алт, мөнгө, хүрэл медалиудыг эх орондоо авчраад байгаа билээ.

Энэ жилийн "Karakorum Ice Festival 2023"-ын билэг тэмдэг ЦАСХАН цагаан хэрэм юм байна.

Хэрэм нь модноос модонд дүүлж явахдаа ямар ч өндрөөс унасан сүүлнийхээ хүчээр гэмтэл авдаггүй тул мөсөнд авирч буй тамирчид, сонирхогчид осол эндэлгүй авирах болтугай хэмээн Цасхан цагаан хэрмийг сонгосон аж.

Жил болгон 80-100 хүн уг наадамд оролцдог бөгөөд очиж үзэхэд нээлттэй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button