Нийгэм мэдээ

Америкт суралцдаг 10-17 насны хүүхдүүд алсагдмал сумдын сурагчдад англи хэл зааж байна

Лос Анжелес хотын "Laces" ахлах сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Э.Гарьдын санаачилгаар "Nomads English" Journey хөтөлбөр өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж хэрэгжжээ.

Уг хөтөлбөр нь торгон хилийн бүсэд байдаг баруун аймгийн алс хязгаарын нутгаарх сурагчдад англи хэлний хичээл онлайнаар заах аж.

Баян-Өлгий аймгийн Бөхийн Баастын нэрэмжит Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонт Лаборатори хоёрдугаар сургууль, Алтай сумын Улаанхад багийн бага сургууль, Ховд аймгийн Булган сумын нэгдүгээр сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид уг төсөлд хамрагджээ.

Америкт суралцдаг 10-17 насны 17 хүүхэд сургагч багш болж, үеийнхэндээ ярианы болон дүрмийн, бичгийн, хичээлийг орсон байна. Өнгөрсөн гуравдугаар сараас зургаан сар хүртэл гурван сарын хугацаанд хэрэгжихдээ сурагчдад үр өгөөжөө өгч, арваннэгдүгээр сараас ахин Баян-Өлгий аймгийн Улаанхад багийн сургуулид уг хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ.

Бид Лаборатори хоёрдугаар сургуулийн сурагчидтай холбогдон уг хөтөлбөрийн талаарх тэдний сэтгэгдлийг сонслоо.

-12а ангийн сурагч Б.Амартүвшин "Үеийнхээ хүүхэлтэй нээлттэй харилцдаг учраас, хичээлээ маш сайн хийдэг байсан"-

Манай сургуулийн багш нар хэдий сайн бидэнд хичээлээ маш сайн заадаг. Гэхдээ яриа болон сонсголд төдийлөн анхаардаггүй. Уг хөтөлбөрт хамрагдсанаар яриа болон сонсголын түвшин сайжирсан. Хамгийн гол нь яг үеийнхээ хүүхдээс сурсан болохоор илүү нээлттэй, харилцахад хялбар байсан. Хичээлээ заахдаа хөнгөн хошигнодог байсан нь бидэнд маш их нөлөөлсөн. Дан ганц ширээний ард хадагдах биш, хошигнож, хөгжилтэй байдлаар хичээлээ ордог, заах арга барилын хувьд ондоо гэх үү дээ. Бидэнд интернэт удах, гацах тохиолдол их гарч байсан хэдий ч хичээлээ таслалгүй аль болох суусан. Цагийн зөрүүтэй учраас амралтын өдрийн өглөө эрт хичээл маань ордог. Хааяа нойроо хармалдаг байсан ч гүрийгээд л эрт босчихдог байсан. Энэ ташрамд хичээл заадаг байсан найзууддаа баярлалаа гэж хэлье.

-7а ангийн сурагч н.Энхжин "Сурахын төлөө хичээгээд эрт босдог байсан"-

Сонсох болон ярих дээрээ маш сайн ажиллаж сайжирсан, өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн дүрмүүдийг маш сайн сурсан. Энэ хичээлд хамрагдсанаар миний хүсэл мөрөөдөл өөрчлөгдсөн. Өмнө нь би англи хэлэндээ муу учраас гадаадад сурах нь надаас хол санагддаг байсан. Харин одоо би сурч, ахиж байгаа болохоор гадаадад сурах хүсэлтэй болсон. Сонсгол, дуудлага сайжирсан болохоор хүссэн гадаад дуугаа сонсож дагаж дуулдаг болсон. Хичээллэж байх үед амралтын өдрийн өглөө эрт орох үед үнэхээр унтмаар санагддаг байсан. Гэхдээ сурахын төлөө хичээгээд эрт босдог байсан. Нэг үеийн хүүхдээр хичээл заалгах сонирхолтой бас гоё байсан.

Тэгвэл уг хөтөлбөрийг санаачилсан Лос Анжелес хотын Laces ахлах сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Э.Гарьдтай холбогдон хөтөлбөрийн талаар асууж тодрууллаа.

-Э.Гарьд "Монголд байдаг найзууддаа яаж туслах тухай их удаан бодсон"-

Монголд байгаа найзууддаа яаж туслах тухай их удаан бодсон. Эцэст нь алсагдсан аймаг сумдын хүүхдүүдэд англи хэлний хичээл заах шийдэлд хүрсэн. Америкт сурдаг Монгол хүүхдүүдээс сайн дурын ажилчдаа шалгаруулсан. Нийт 100 гаруй хүүхэд бүртгүүлснээс 17 хүүхдийн цаг зав боломжин дээр тулгуурлан сургагч багшаар сонгосон. Вашингтон ДС, Лос Анжелес, Чикаго, Мклэин, Харбон, Ирван хотуудаас хичээлээ ордог. Долоо хоногт нэг удаа Монголын цагаар өглөөний 7,8 цагт хичээл маань эхэлдэг. Хүүхдүүд тасладаггүй, хоцордоггүй маш их идэвх зүтгэлтэй байсан.

Багш нар ч мөн адил бидэнтэй хамтран ажиллаж, анги танхим боломжтой үедээ тоног төхөөрөмжөөр тусалдаг байсан. Хичээл орох үед нэг хүндрэлтэй зүйл гардаг байсан маань интернэт, дата муу байдаг байсан. Гэхдээ хүүхдүүд маш их мэрийж, чармайж хичээж, оролцдог байсан. Одоогоор бид Улаанхад багийн бага ангийханд хичээлээ орж эхэлсэн. Мөн сургагч багш нар ч маш их зүйл сурсан, олонтой харилцах, сурсан мэдсэнээ бататгах гээд бид шинэ зүйлсийг сурч мэдсэн. Хичжжлийг аль болох сонирхолтой уйдаахгүй орохыг эрмэлздэг байсан. Дуу, бичлэг илгээж, хөгжилтэй тоглоом тоглуулж ордог байсан. Цаашид хөтөлбөрөө үргэлжлүүлнэ ээ.

Цагийн зөрүүтэй бүсэд амьдарч байгаа хэдий ч нэг үеийн хүүхдүүд нэгнээсээ суралцаж байгаа аж. Уг хөтөлбөрийн талаарх мэдээллийг энд дарж авна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-05 09:50

ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛ МОНГОЛД БАЙДАГ ХҮҮХДҮҮД Ч САЙН ХИЙЖ БАЙХ ШААРДЛАГАТАЙ. уЧИР Нь ИХ СУРГУУЛьД ЭЛСЭХЭД НИЙГМИЙН ТУСТ АЖИЛ ХИЙЖ БАЙСАН ГЭЖ ЭНЭ ТҮҮХЭЭ ОРУУЛЖ ӨӨРИЙГӨӨ САЙНААР ХАРУУЛЖ СУРТАЛЧИЛДАГ юМ.

Холбоотой мэдээ

Back to top button