НИЙГЭМ

СУРВАЛЖИЛГА: “Монголын нууц товчоо”-г цээжээр мэддэг, 12 настай хүү

“Монголын нууц товчоо”-ны талаар мэдэх үү гэж уншигч та бүхнээс асуувал бүгд “Мэднэ” хэмээн хариулах нь лавтай. Харин бүх бүлгийг нь цээжээр мэдэх үү гэж асуувал “Тийм ээ” хэмээн хариулах нь хэд бол. Бүхлээр нь битгий хэл аль нэг бүлгийг нь цээжээр мэддэг, хаанаас нь ч асуусан түгдрэлгүй хариулдаг хүн ховор. Тэгвэл нийслэлийн зургадугаар сургуулийн химийн гүнзгийрүүлсэн сургалттай, Т.Серинов багштай 7б ангийн сурагч Мөнхмандахын Мөнхтэнгэр “Монголын нууц товчоо”-г цээжилжээ.

Түүгээр ч үл барам 12 настай тэрбээр Монголын бүх хаадын нэр, түүх, төр барьсан хугацааг мэддэг, хэнийх нь ч тухай асуухад торолгүй хариулдаг юм билээ. М.Мөнхтэнгэрийн бас нэг хобби нь спорт.

Тэрбээр буудлага, гардан тулаанаар хичээллэж байсан, өглөө бүр 390 удаа суниадаг. Тэгэхдээ алган дээрээ 300, хоёр гараа атгаад 90 удаа суниахын сацуу нурууны дасгал тогтмол хийдэг гэнэ. Үеийнхэндээ үлгэрлэн, аав, ээжийнхээ төдийгүй сургуулийнхаа бахархал болж яваа түүнтэй ярилцлаа.

М.МӨНХТЭНГЭР ХИМИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ АНГИД СУРДАГ

-Химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг нээгээд тавхан хонож байгаа гэж дуулсан. Шинэ ангийнхантайгаа хэр дасаж байна вэ?

-Дажгүй ээ, ер нь хоёр, гурав хоноод дасчихсан. Ихэнхтэй нь найзууд болсон. Заримтай нь сайн танилцаж амжаагүй явна. Энд хуучин ангиас надтай хамт долоон хүүхэд сурч байгаа болохоор ер ганцаарддаггүй. Манай шинэ анги 35 сурагчтай.

-Уран зохиол, түүхийн хичээлдээ дуртай юм билээ. Тэгсэн мөртлөө химийн ангид орсон тань сонирхол татаж байна. Гэрийнхэн нь энэ ангид орохыг зөвлөсөн юм уу. Эсвэл ахын дүү өөрөө ингэж шийдсэн юм уу?

- Би хими, физик, математик, түүх, биеийн тамирын хичээлдээ дуртай. Аав, ээжтэйгээ ярилцаж байгаад энэ ангид орлоо.

-Ихэвчлэн ямар дүн авч байна вэ?

-Ямар ч байсан дандаа наяас дээш дүн авч байгаа.

“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-г ЦЭЭЖИЛД ДУУСАХАД ЖААХАН ДУТУУ БАЙГАА

-Хүүхдүүд сонирхдог, шимтэн унших дуртай олон бүтээл бий. Тэдгээрээс “Монголын нууц товчоо”-г яагаад цээжлэхээр шийдэв?

-Би ер нь багаасаа түүх сонирхсон. Монголын эзэнт гүрний болон хаадын түүхийн тухай унших илүү дуртай. Өнгөрсөн жил аав надад “Монголын нууц товчоо” бэлэглэсэн юм. Тэр үеэс хойш цээжилж байгаа. Зүгээр л сонирхолтой санагдаад цээжлэхээр шийдсэн юм.

-Одоо ер нь бүтнээр нь цээжлэхэд хэр дутуу байгаа бол?

-Жаахан л дутуу үлдсэн.

-Хаанаас нь ч, юуны ч тухай асуухад шууд ярьж өгч чадах уу?

-Чадна. Ялангуяа, эхний гурван бүлгийг бүр ч сайн цээжилчихээд байгаа. Би автоматаар бус утгачилж, яг гоё өөрийн болгож цээжилдэг. Тэгэхгүй зүгээр л тэрнийх нь дараа тийм үг байдаг гэж цээжилбэл ямар ч утгагүй шүү дээ. Бас гоё мэдрэмж авахын тулд уншдаг. Яг эртний найруулгаар нь цээжлээрэй гэж аав үргэлж захидаг.

-Зарим хүн чамайг сорьж асуудаг уу?

-Бараг асуудаггүй. “Ямар мундаг юм бэ” гэж магтдаг.

-“Монголын нууц товчоо”-ноос өөр цээжээр мэддэг ном бий юү?

-Байхгүй.

-Аав, ээж хоёр уран зохиол, түүхэд хэр дуртай вэ?

-Аав лав дуртай. Ээж харин тийм ч дуртай биш. Би гурван дүүтэй, айлын том.

-Хэр сайн, халамжтай ах вэ?

-Тэрийг дүү нар минь сайн мэдэж байгаа даа. Би хичээдэг л дээ. Ер нь сайн ах байх аа.

-Дүү нартаа “Монголын нууц товчоо”-г үргэлж ярьж өгдөг үү?

-Үгүй ээ. Заримдаа л дүү нарыгаа унтуулахын тулд ярьж өгдөг. Хоёр бага дүүгийн нэг нь дөрөв, нөгөө нь нэг настай. Миний яг доод талын дүү манай сургуульд сурдаг.

-“Монголын нууц товчоо”-г цээжилсэнийг тань шинэ ангийнхан нь мэддэг үү?

-Мэдэхгүй. Хуучин ангийнхны ихэнх нь мэддэг байсан. Аав надаас үргэлж асууж, цээжилсэн хэсгийг шалгадаг.

-Хуучин ангийнхандаа ярьж өгдөг байсан уу?

-Үгүй. Уг нь тэгье гэж боддог байсан ч зав ер гардаггүй байсан юм аа. Ганц нэг найздаа л цээжилснээ уншиж өгсөн.

МОНГОЛЫН БҮХ ХААДЫН ТҮҮХИЙГ МЭДДЭГ

-Түрүүн Монголын хаадын тухай унших дуртай гэсэн. Хэдэн настайгаа хойш судалж, уншиж байгаа вэ?

-Зургаан настайгаасаа хойш уншиж, судалж байна.

-Аль ч хааных нь тухай асуухад шууд хариулж чадах уу?

-Чадна. Хэн хэдэн онд хаан байсан, дараа нь хэн төр барьсан гэх мэт бүгдийг нь мэднэ.

-“Монголын нууц товчоо”-г яаж цээжилдэг вэ. Өөрийнхөө туршлагаас хуваалцахгүй юу?

-Би өглөө босоод юуны түрүүнд дасгалаа хийдэг. Дараа нь нэг хуудсыг цээжилдэг.

ӨГЛӨӨ БҮР ХОЁР АЛГАН ДЭЭРЭЭ 300, ГАРАА АТГААД 30 УДАА СУНИАДАГ

-Ямар дасгал хийдэг вэ?

-Алган дээрээ 100, хоёр гараа атгаад 30 удаа суниадаг. Эхний тавиа хурдан, дараагийнх нь тавийг удаан хэмнэлээр. Үүнийгээ тус бүр гурван удаа давтдаг. Тэгэхээр алган дээрээ  300, хоёр гараа атгаад 90 удаа суниадаг гэсэн үг. Бас завсраар нь мөр, нурууны дасгал, гар зүгшрүүлдэг цохилт хийдэг. Би хэсэг хугацаанд буудлагын спортоор хичээллэсэн юм. Гэтэл нэг удаа аав “Нуруу нь муруйчихаж” гэсэн. Түүнээс хойш нурууны дасгал хийх болсон.

-Хэзээнээс хойш ингэж суниаж байгаа вэ?

-Зургаан настайгаасаа хойш. Дүү маань дөрвөн настайгаасаа хойш уран нугаралтаар хичээллэж байгаа.

-Өглөө бүр гэрийнхэн нь хамт дасгал хийдэг үү?

-Дүү бид хоёр өглөө бүр хамт хийдэг. Би суниалтын, дүү нугаралтын дасгалаа давтдаг. Аав бид хоёрын хэрхэн хийж буйг шалгадаг, тэг, ингэ гэж зөвлөгөө өгдөг.

-Хичээлдээ дүүтэйгээ хамт ирдэг үү. Эсвэл аав, ээж нь хүргэж өгдөг юм уу?

-Манайх Баянхошуунд байдаг. Хичээлдээ ихэвчлэн дүүтэйгээ хамт ирдэг. Орой тарахаар аав, ээж хоёр ирж авдаг.

ЦАГДАА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Цагдаа болохыг мөрөөддөг. Хэрвээ тэгж чадахгүй бол запас мэргэжилтэй байх хэрэгтэй гэж аав хэлсэн. Тиймээс би химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг сонгосон юм. Ирээдүйд бусдад тусч, аливаа зүйлд тууштай, хөдөлмөрч хүн болохыг хүсдэг. Би долоон настайгаасаа хойш “Хаянгарваа” дэвжээнд тулааны бэлтгэл хийдэг байсан юм. Тэгж байгаад буудлагаар давхар хичээллэсэн. Олон дугуйланд хичээллэх амаргүй, төлбөр өндөртэй. Тэгээд больчихсон.

-Аль нэгээр нь дахин хичээллэх бодол бий юү?

-Байгаа. Аав намайг өндөр болохоороо, есдүгээр ангид орохоороо буудлагаар хичээллээрэй гэсэн. Тэгээд би одоо өндөр болохоо хүлээж байгаа.

“СОНСОГЧИЙН АЛДАР” ТЭМЦЭЭНИЙ МӨНГӨН МЕДАЛЬТАЙ

-Ямар нэгэн тэмцээнд оролцож байсан уу?

-Гардан тулааны “Сонсогчийн алдар” тэмцээнд хоёр удаа оролцохдоо эхнийхэд нь мөнгөн медаль авсан. Дараагийнхад нь ялагдаад, амжилт гаргаж чадаагүй.

-“Монголын нууц товчоо”-г цээжилж дууссаныхаа дараа уншихаар төлөвлөсөн ном бий юү?

-Өгөдэй хааны тухай ном уншихаар төлөвлөсөн. Би түүхийн холбогдолтой ном түлхүү уншихыг хүсдэг. Бас танин мэдэхүйн номонд дуртай. Өвөө надад нэг танин мэдэхүйн ном бэлэглэсэн юм. Тэр номыг уншиж магадгүй.

М.Мөнхтэнгэрийн талаар 7б ангийн багш Т.Серинов, найзууд нь ингэж ярилаа.

Т.СЕРИНОВ: ТҮҮХИЙН ОЛОН НОМ УНШИН, ҮЕИЙНХЭНДЭЭ ҮЛГЭРЛЭЭРЭЙ ГЭЖ ШАВЬДАА ЗАХЬЯ

 Шинэ анги бүрдээд тавхан хонож байгаа, энэ ангийг аваад удаагүй байгаа болохоор би сурагч бүрийнхээ талаар хараахан сайн судалж амжаагүй байна. Мөнхтэнгэр математик, хими, түүхийн хичээлд дуртай. Нөхөрсөг, тусч, хичээнгүй, даруухан, манай ангийн шилдэг сурагчдын нэг нь. Сая “Монголын нууц товчоо”-ны хэсгээс ангийнхандаа цээжээр уншихыг сонсоод их бахархлаа. Цээжлэх, юмыг тогтоох авьяастайгийнх нь илрэл л дээ. Үнэнийг хэлэхэд тус номыг цээжилснийг нь сая л мэдлээ. Монголын нууц товчооны талаар монгол хүн бүхэн мэднэ. Харин цээжээр мэддэг хүн ховор байдаг шүү дээ. Цаашид Мөнхтэнгэрийн энэ авьяасыг улам хөгжүүлж, бусдад үлгэр дууриал үзүүлэхэд нь тусалж, дэмжинэ. Хичээлдээ улам шамдан, түүхийн олон ном уншин, ангийнхандаа төдийгүй үеийнхэндээ үлгэрлээрэй гэж шавьдаа захья.

Б.АМАРМЭНД: НАЙЗ МААНЬ ШУДАРГА, ДАРУУХАН

Би Мөнхтэнгэртэй нэгдүгээр ангиасаа хойш долоон жил найзалж байна. Манай найз онц сурдаг, хичээлдээ идэвхтэй, тэргүүний сурагчдын нэг. Шударга, даруухан, хэлсэндээ заавал хүрдгээр нь бахархдаг. Чөлөөт цагаараа ном уншиж, бэлтгэл хийх дуртай. Ирээдүйд цагдаа эсвэл тамирчин болохыг хүсдэг гэж надад нэг удаа хэлсэн. Найзтайгаа бараг муудалцаж байгаагүй. Хоёр удаа олимпиадад цуг оролцсон. Би “Монголын нууц товчоо”-г хоёр удаа уншсан. Ерөнхийд нь гадарладаг ч цээжээр мэдэхгүй. Би Мөнхтэнгэртэй тоглох дуртай. Зөндөө гоё дурсамж бидэнд бий. Нэг удаа зургийн хичээл дээр Мөнхтэнгэрийн нүүрэн дээр санаандгүй цавуу наачихаж билээ. Тэгэхэд бид хоёр элгээ хөштөл инээсэн.

М.БАТМӨНХ: МӨНХТЭНГЭРТЭЙ НАЙЗЛАХАД, ХАРИЛЦАХАД АМАР БАЙДАГ

Химийн ангид орсноосоо хойш Мөнхтэнгэртэй найзалж байна. Танилцаад тавхан хонож байгаа ч түүнтэй сайхан танилцсан. Мөнхтэнгэр шударга, даруухан, үнэнч, тусч, найзлахад амар байдаг юм. Бид хоёр чөлөөт цагаараа инээдтэй юм ярьж, хөгжилдөх дуртай. Нээрэн нэг удаа ангийнхны хүүхдийн нүүрийг цасаар угаасан. Бид хоёр спорт дээр санаа нийлдэг. Мөнхтэнгэр тулаан, би хөлбөмбөг, жүдогийн спортод дуртай. Мөнхтэнгэр “Монголын нууц товчоо”-г цээжээр мэддэгийг нь сая л мэдлээ.

Б.АНАР: НАЙЗАД МААНЬ ЯМАР НЭГЭН ДУТАГДАЛ БАЙХГҮЙ

Би Мөнхтэнгэртэй нэгдүгээр ангиасаа хойш найзалж байна. Би заримдаа түүхийн хичээлдээ түүнээс туслалцаа авдаг. Мөнхтэнгэр үргэлж тусладаг. Хэзээ үгүй гэж хэлж байгаагүй. Мөнхтэнгэртэй хичээл дээр болсон юмаа ярингаа гэр рүүгээ явах дуртай. Манай найз тусархүү, хөдөлмөрч, нөхөрсөг. Түүнд ямар нэгэн дутагдал байхгүй. Хичээлдээ сайн, спортод авьяастай. Өнгөрсөн зун бид хоёр уулзсан юм. Мөнхтэнгэр хичээлийн нэг номоо алга болгочихоод номын дэлгүүрээс худалдаж авах гээд явж байсан юм л даа. Гэтэл замдаа мөнгөө гээчихсэн. Баахан сандраад, яг явсан газраараа буцаад явав. Нэлээд явж байгаад ашгүй олон, үнэхээр их баярласан. Тэгээд Мөнхтэнгэр нөгөө номоо аваад, багшид өгсөн. Тэр талаар бид хоёр ярьж, дурсах дуртай.

Б.БУЯНДАЛАЙ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мөнхмандах
Мөнхмандах
2019-11-18 10:31

Баярл�##�аа маш дэлгэрэнгүй сайхан ярилцлага болсон байна. аав нь хүүгээрээ ихэд бахархав

xxx
xxx
2019-11-21 10:20

Baidagl narcissismtai huuhedl bn

Зочин
Зочин
2020-05-13 20:21
Reply to  xxx

Huuy tiim ym bol ooroo unshaad tseejilchih bur zuragtaar garj bsn

Зочин
Зочин
2020-05-12 18:04
Reply to  xxx

ataarhaad bgn bol naa ataarhalaa dotoroo uldee ooroo chadahch ymshig yaj unshij bsniig ni chi harsanch boloosoi uneheer tod unshij bsan

Зочин
Зочин
2020-05-12 18:03

monhtenger naizdaa surlagiin amjilyiig husey

Холбоотой мэдээ

Back to top button