Ярилцлага

Ч.Тунгалагтуяа: Эрүүл хүнээс дутахгүй гэдгээ туялзуур сэлэмний спортоос мэдэрдэг

“Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” Төрийн бус байгууллагаас санаачлан зохион байгуулж буй “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” үндэсний хоёрдугаар уралдаан ид үргэлжилж байна. Олны талархлыг хүлээн, олон хүнд итгэл найдвар, урам зориг бэлэглэж буй тус уралдааны оролцогч Ч.Тунгалагтуяатай ярилцлаа. 34 настай, “Үнэ цэнэтэй бүхэнд бид өгсүүр замаар л хүрдэг” хэмээн хэлэх дуртай тэрбээр зураач мэргэжилтэй, уран зургийн дугуйлангийн багш, туялзуур сэлэмний спортоор хичээллэдэг авьяаслаг бүсгүй.

“ХҮМҮҮНЛЭГИЙН ИЛЧ” ӨРГӨМЖЛӨЛИЙГ ХҮРТЭХ ЗОРИЛГОТОЙ

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Чойжхоролын Тунгалагтуяа гэдэг, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны гишүүн. СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг 2017 онд төгссөн, зураач мэргэжилтэй. С.Ганболд багшийн шавь, чөлөөт уран бүтээлч. Дугуйландаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг.

https://www.facebook.com/oorertontsoo/videos/1456872724454751/

-Олон хүнд итгэл найдвар өгсөөр ирсэн “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” уралдаанд оролцоход юу нөлөөлөв. Таны гол зорилго юу вэ?

-Юуны түрүүнд энэ арга хэмжээний эд, эс нь болж, хүмүүсийг уриалж байгаа нь чухал. Шударгаар хэлэхэд сүүлийн долоон жилийн турш сайн дурын ажил хийж буй хүний хувьд “Хүмүүнлэгийн илч” өргөмжлөлийг л хүртэх зорилготой дахин оролцож байгаа. Энэ номинацийн төлөө зүтгэж байна (инээв). Бас нэг гол зорилго бий. Тэр нь тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс олон зүйлийг хийж, бүтээж чаддагийг урлагаар дамжуулан олон нийтэд харуулах, нөлөөлөх зорилготой.

ТҮРҮҮЛЭЭСЭЙ, ТЭРГҮҮН МИСС БОЛООСОЙ ГЭЭД ДЭМЖИЖ БАЙГАА ХҮН НАДАД БИЙ

-Хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 22-нд болж, шилдгээ тодруулах юм билээ. Өмсөх гоёлоо өөрөө урлаж байгаа гэж дуулсан. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Тийм ээ. Би энэ уралдаанд 2014 онд анх оролцохдоо мөн монгол загварын дээлээ өөрөө оёод өмссөн юм. Долоо хоног суугаад оёж билээ. Энэ удаа ч мөн адил загварын плаж, монгол дээл, толгойны гоёогоо өөрөө оёж байна. Мөн авьяаслаг үзүүлбэр дээр гитартай дуулахаар төлөвлөсөн. Мөн хүмүүнлэг үзүүлбэр дээр илтгэл тавина. Дуугаа, илтгэлээ бэлдээд түмэн завгүй гүйж явна.

-Таны хувьд ер нь “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” уралдаанд түрүүлэх нь чухал уу, оролцоод сайхан мэдрэмж авах нь чухал уу?

-Мэдээж түрүүлэх нь чухал биш. Хэдийгээр би энэ тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байгаа ч түрүүлээсэй, тэргүүн мисс болох ёстой гээд дэмжиж байгаа хүн надад бий. Тэр найзыгаа ч бас чадах бүхнээрээ дэмжин, хамт оролцож байгаа. Мөн энэ тэмцээнээр дамжуулан гоо үзэсгэлэн, хүсэл мөрөөдөл хөгжлийн бэрхшээл болдоггүйг олон нийтэд мэдрүүлэх, үлгэрлэх чухал байна.

-“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” уралдааны онцлог, ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Биднээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй олон хүнд итгэл найдвар, урам зориг өгч байгаа. Энэ удаагийн уралдаанд түрүүлсэн бүсгүй ирэх оны гуравдугаар сард Францад болох миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авахаараа онцлогтой.

ТЭРГЭНЦЭРТЭЙ ТУЯЛЗУУР СЭЛМЭЭР ХИЧЭЭЛЛЭСЭН МОНГОЛЫН АНХНЫ ТАМИРЧДЫН НЭГ НЬ БИ

-Та пара туялзуур сэлмээр хичээллэсэн Монголын анхны тамирчдын нэг. Эл спортод хэрхэн хөл тавьсан бэ?

-Өмнө нь тэргэнцэртэй марафоноор хичээллэдэг байсан. Тус төрлийн УАШТ-ий гурван түрүүтэй, дотоодын тэмцээний цөөнгүй медальтай. Тухайн үед би СУИС-д сурдаг байлаа. Хичээл, бэлтгэлээ зэрэг амжуулахад бэрх байсан тул аргагүйн эрхэнд спортоо орхисон. Пара марафоноор бэлтгэл хийх боломж, нөхцөл Монголд хомс. Үүний сацуу хичээлдээ бүрэн анхаарахын тулд тэгэхээс өөр арга байгаагүй. Өнгөрсөн жилээс Монголд туялзуур сэлэмний спортын тэргэнцэртэй төрөл шинээр хөгжин, хичээллэх боломжтой болсон. Би эл спортоор бэлтгэл хийгээд жил гаруй болж байна. Хэзээ ч сэтгэлээ татаж чадахгүй болтлоо туялзуур сэлмээр тууштай хичээллэхээр шийдсэн. Цаашид туялзуур сэлмээр тууштай хичээллэн, өмнөө тулгарсан саад, бэрхшээл бүхний өөдөөс итгэл төгс сөрөх эрч хүч авахыг хүсдэг. Үүний сацуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд эл спортоор амжилтад хүрч, тэр ч бүү хэл паралимпийн эрх авах ч боломжтойг бусдад үлгэрлэх нь миний чин хүсэл. Ер нь зөвхөн би гэлтгүй туялзуур сэлэмний тэргэнцэртэй төрөл, Монголын тэргэнцэртэй туялзуур сэлэмний холбоо зэрэг олон зүйл шинэ. Манай холбоо үйл ажиллагаагаа эхлүүлээд жил гаруй болж байгаа. Одоогоор эл спортоор тууштай хичээллэн, бэлтгэл хийдэг 20 гаруй тамирчин бий. Тэднээс 7-8 нь миний адил амьдралаа туялзуур сэлэмтэй тууштай холбох хүсэлтэй.

-Бэлтгэлээ хаана, хэрхэн хийдэг вэ?

-Туялзуур сэлэмний бэлтгэлээ “Флеш фенсинг” клубт, Мөнхтулга дасгалжуулагчийн удирдлагад хийдэг. Цаашдаа эл спортоор тууштай хичээллэхийг хүсэж байна. Арванхоёрдугаар сарын 7-нд нэг тэмцээнд оролцохоор төлөвлөсөн. Одоогоор туялзуур сэлмээр нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй зарим хүн шинэ зүйлд хөл тавихын өмнө өөрийгөө голдог, чадахгүй байх гээд чамладаг юм билээ. Аль болох бусдаас нууцлаг амьдрахыг хүсдэг гэдэг. Та тэгж эргэлзсэн үү?

https://www.facebook.com/1796762203879157/videos/1803982583157119/UzpfSTEwMDAwMzk2MTExODQwMjoxNTY5NzA3OTg2NTA0NTU3/

-Би өөрийгөө огт чамлаж, голоогүй. Өдий хүртэлх хугацаанд чамгүй олон зүйлд өөрийгөө сорьж, иймэрхүү бэрхшээлийг туулж, даваад сурчихсан учраас тэр. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооныхон “Туялзуур сэлэмний спортын шинэ төрөл Монголд хөгжиж байгаа юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн хичээллэх боломжтой. Чи үзээд алдахгүй юу” гэхэд нь дуртайяа зөвшөөрсөн. Бэлтгэл хийх тусам гоё санагдсан, өдөр бүр тулалдах хүсэл төрөөд байлаа. Туялзуур сэлэмний спортоос би эрүүл хүнээс дутахгүй гэдгээ мэдэрдэг, өнөөдрийнхөөс илүү амжилтад хүрч чадна гэх эрч хүч, урам авдаг.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮС ЭЛ СПОРТООР АМЖИЛТ ГАРГАЖ ЧАДАХЫГ БУСДАД ҮЛГЭРЛЭХИЙГ ХҮСДЭГ

-Та өөртөө итгэлтэй байж. Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Үнэнийг хэлэхэд дэмжихээсээ илүүтэй “Дэмий, боль” гэж эсэргүүцэх хүн олон байсан. Зарим нь “Юу ч гэсэн оролдоод үз” гэсэн. Ер нь төдийгөөс өдий хүртэл олон зүйлд өөрийгөө сорьсон, юм юманд сонирхолтой болохоор өмнөх шигээ хичээллээд л больчих байх гэж бодсон бололтой. Ээж намайг үргэлж дэмждэг. Бусад нь бараг дэмжээгүй. Тиймээс өнгөрсөн жил Монголд анх удаа болсон тэргэнцэртэй туялзуур сэлэмний “Скинни кап-2018” тэмцээнд оролцохдоо түрүүлэхийн төлөө бус тэдний эргэлзээг арилган, бодлыг нь өөрчлөх зорилгоор өрсөлдсөн. Үүний сацуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс туялзуур сэлэм тоглож чадахыг бусдад харуулахыг, үлгэрлэхийг хүсэв. Нэлээд сандарсны улмаас эхний тоглолтдоо хожигдсон. Ямар ч байсан алдаагаа засан, бусад өрсөлдөгчөө дийлээд түрүүлэхдээ их урам авч билээ. Тэгэхэд өрсөлдөгчөө төдийгүй өөрийгөө, эргэн тойронд байдаг хүмүүсийнхээ сөрөг хандлагийг яллаа. Монголын тэргэнцэртэй туялзуур сэлмээр хичээллэсэн анхны тамирчид, тэмцээнд оролцсон анхдагчид болж, түүх бүтээсэн гэж бодохоор сайхан санагддаг. Нээрэн, туялзуур сэлэмний спортоор бэлтгэл хийж эхлэхэд нэг л хэцүү зүйл байсан.

-Тэр нь юу вэ?

-Монголчууд бие бие рүүгээ хүйтэн мэсээр чичих, хатгахыг цээрлэдэг. Багаас бидэнд тэгж сургаж, хүмүүжүүлдэг шүү дээ. Хэдийгээр иргүй, зориулалтын сэлмээр тоглодог ч өрсөлдөгч рүүгээ хатгах хамгийн хэцүү байсан. Зүсэж, исчих гээд байгаа юм шиг санагдаад дасахгүй нэлээд удлаа. Тэгж байтал дасан, баригдмал сэтгэлгээнээсээ гарсан.

-Танаас үлгэрлэн, эл спортод хөл тавьсан хүн бий юү?

-Цөөнгүй байгаа. Туялзуур сэлмийг сонирхон, хичээллэхийг хүсдэг хүн олон бий. Би хүнд сэлэмний төрлөөр хичээллэдэг. Бэлтгэлээ долоо хоногт хоёр удаа “Флеш фенсинг” клубт, дасгалжуулагч, МУИС-ийн оюутан Мөнхтулгын удирдлагад хийдэг. Нэг удаагийн бэлтгэлээ 2-3 цагаар базаадаг. Энэ дашрамд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг туялзуур сэлмээр хичээллэхийг уриалъя.

-Эл спортоор хичээллэхийн хамгийн сайхан нь юу вэ?

-Бэлтгэл дээр давтсан, сурсан техникээрээ оноо авах. Тийм гоё мөчийг юутай ч зүйрлэмгүй.  Туялзуур сэлэмний спортоор хичээллэснээр өөртөө итгэх итгэл маань бүр ч нэмэгдэж, хөдөлгөөний хомсдолд орох вий гэж санаа зовох шаардлагагүй боллоо. Өмнө нь тэмцээн үзэж байхдаа тамирчдыг сэтгэл хөдлөлөө ил гаргахаар гайхдаг байв. “Яагаад ингэж орилдог юм бол” гэж бодоод л. Тэгдэг байсан хүн өөрөө тэмцээнд оролцоод сэтгэл зүйгээ хурцлахын тулд өөрийн мэдэлгүй орилчихсон (инээв).

МОНГОЛ УЛС ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛГҮЙ НЬ ҮНЭН

-Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан спортын төрөл хуруу дарам, тэмцээн харьцангүй цөөн болдог. Тэр хэрээр та бүхний хөгжих боломжийг хязгаарлаад байх шиг. Энэ талаар ямар бодолтой явдаг бол?

-Үнэн л дээ. Зарим байгууллага нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам барих, ажилд авахаас илүү торгуулийг нь төлөх сонирхолтой байх шиг. Ер нь Монголын төр, өнөөгийн нийгэм хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй байгаа нь үнэн. Пара тамирчид бэлтгэлээ ханган, тэмцээнд оролцоход бэлэн болчихоод “Зардлын асуудлаа шийдвэрлэхэд туслаач” гэхэд л дэмждэг. Түүнээс биш энгийн иргэнийг спортод дурлуулж, амжилт гаргах боломжоор хангах тал дээр ямар байгаа билээ. Би лав хангалтгүй гэж дүгнэнэ.

-Пара туялзуур сэлэмний тамирчдад зориулсан техник, хэрэгсэл манайд бий юү. Та бүхэнд хангалттай хүрэлцдэг үү?

-Манай холбооноос өнгөрсөн жил  “Скинни кап-2018” тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад зориулалтын өмсгөл бэлэглэсэн. Пара туялзуур сэлэмний тамирчид бэлтгэл хийдэг, яаж ч хөдөлсөн унадаггүй, зориулалтын замыг манай холбооныхон “Никель Ганбаа”-гаар олон улсын стандартын дагуу урлуулсан юм билээ. Бид тэр заман дээр бэлтгэл хийдэг, хангалттай хүрэлцдэг.

ЁГТ УТГАТАЙ, ДАЛД САНАА АГУУЛСАН ЗУРАГ ЗУРАХ ДУРТАЙ

-Та зураач мэргэжилтэй юм билээ. Ихэвчлэн ямар сэдвээр зурдаг вэ?

-Ерөнхийдөө ёгт утгаар, далд санаа агуулсан зураг зурах сонирхолтой. Тийм, ийм байна гэж шүүмжлэхээс илүү түүнийгээ бүтээлээрээ илэрхийлэх сайхан. Мэдээж үргэлж ёгтолно гэж юу байх вэ. Цаашдаа уран бүтээлээ ямар нэгэн хэлбэрт баригдалгүй, өөрийнхөө мэдрэмжид хөтлөгдөн туурьвихыг хүсдэг. Би бас хөрөг зурах дуртай. Дипломоо хөрөг зургаар хамгаалж байлаа. Тэгэхдээ ээжийгээ зурсан юм.

ДИПЛОМОО ЭЭЖИЙНХЭЭ ХӨРГИЙГ ЗУРААД, ХАМГААЛСАН

https://www.facebook.com/revolution0404/videos/683125048529365/?v=683125048529365

-Яагаад ээжийнхээ хөргийг зурхаар шийдэв. Хамгийн эрхэм, нандин хүн тань учраас уу?

-Тийм ээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний ээж байх ямар хэцүү гэж санана. Би эхээс тавуулаа. Ээж минь өрх толгойлсон эмэгтэй. Төдийгөөс өдий хүртэл бүхнээ зориулж яваа мундаг хүн бий. Ээжийгээ бага ч болтугай баярлуулахын тулд хөргийг нь зурахаар шийдсэн юм. Хэн нэгний хөргийг зурах, ээжийнхийгээ урлах тэс өөр. Гуравдугаар дамжаанд сурч байхдаа “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд захидал илгээхдээ ээжийнхээ хөргийг 40х40 хэмжээтэй зуран, хамт илгээсэн юм. Хэдийгээр миний захидал түрүүлээгүй ч уралдааныг зохион байгуулагчид өнөөх зургийг онцолж, зурагтаар олон удаа гаргахад нь урамшсан. Дипломоо ээжийнхээ хөргөөр хамгаалах санаа тэгэхэд төрсөн юм. Улмаар тэр зургаа улам баяжуулж, охиноосоо ирсэн захидлыг уншин, араг үүрч, савар барин, толгод дээр сууж буйгаар дүрслэв. Зураас, цэг бүрийг нь эрхэмлэж, нандигнан жил шахам хугацаанд зурсан л даа. Лав 7-8 удаа шинээр зурж, ноороглож билээ. Сургууль диплом хамгаалсан зургийг хурааж авдаг болохоор би хоёр ширхгийг бүтээсэн. Нэг нь сургуульд, нөгөө нь манайд бий.

-Эрүүл хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараад өрөвддөг, жирийн бус харилцаж чаддаггүй нь та бүхэнд хүнд тусдаг юм билээ. Уг нь бусадтай адилхан харилцаж, шүүмжилж, магтаад явбал амар байх л даа.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах, амьдрах орчин, нөхцлийг сайжруулахын тулд хамгийн чухал зүйл юу вэ?

-Зарим хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж ямар хүнийг хэлдэг, амьдрал нь ямар байдгийг мэдэхгүйдээ л хамаг учир байгаа юм. Хамгийн түрүүнд халамжилж, өрөвдөхийг урьтал болгодог нь өнөөгийн нийгэмд амьдарч буй хүмүүсийн алдаа. Тэгэхийн оронд бидэнтэй бусадтай адил харилцан, дэмжихдээ дэмжин, шүүмжлэхдээ шүүмжилбэл амар шүү дээ. Улсаас ч тэгэх ёстой шиг ханддаг. Тэгж байхаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөгжих боломжийг нь нээн, эрүүл хүмүүстэй адил хэмжээнд хандан, өрсөлдүүлж яагаад болохгүй гэж. Би ч гэсэн хүмүүсийн ийм хандлагатай өдөр бүр тулгардаг. Оюутан болоход “Хөгжлийн бэрхшээлтэй юм чинь заавал сургуульд ирж сурах гээд яах вэ. Багшаасаа даалгавар аван, гэрээрээ сурчих” гэсэн. Тэгэхэд нь “Сурах гэж элссэн болохоос өрөвдүүлэх гэж оюутан болоогүй” хэмээн тас гүрийсээр дөрвөн жил сургуульдаа явж билээ. Яг үүн шиг өрөвдөн, дутуу үнэлэхээсээ өмнө юу хийж, бүтээж чадахыг нь урьтал болгоосой, нээгээсэй. Туялзуур сэлмээр хичээллэхэд бэлтгэлдээ ирэх, харихаас авхуулаад бэрхшээл бишгүй их. Манай бэлтгэлийн төв хоёр давхарт байдаг, цахилгаан шатгүй. Тиймхэн зүйлд шантарвал юу болох вэ. Уг нь манай холбооныхон “Скинни кап”-т түрүүлсэн тамирчдыг арванхоёрдугаар сард Японд болох олон улсын тэмцээнд оролцуулахаар төлөвлөсөн. Даанч санхүүгийн бэрхшээлийн улмаас биднийг бүртгүүлж чадаагүй гэсэн. Юм нэгээр дуусах биш дээ. Нас залуу, боломж дүүрэн байгаа болохоор паралимпийн наадамд оролцох, медаль хүртэхийг үгүйсгэх аргагүй. Заавал би ийм амжилт гаргах  албагүй. Хөгжлийн бэрхшээлтэй олон хүнд итгэл, найдвар бэлэглэн, паралимпийн медальтан төрөх жимийг нь гаргалцаж чадвал л болох нь тэр.

БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГАРГАХЫГ ХҮСДЭГ

-Уран зургийн үзэсгэлэн гаргах бодол бий юү?

-Байлгүй яах вэ. Уран бүтээлээ ямар ч байсан хйиж байгаа. Энэ олон уралдаан, тэмцээн надад сэргэлт, эрч хүч өглөг. Би уран бүтээлээ хийх, зурах шинэ санаа үргэлж авдаг. Уран зургийн дугуйлангийнхаа хүүхдүүдтэй хамт өнгөрсөн тавдугаар сарын 28-нд “VR Jims” нэртэй үзэсгэлэн гаргасан. Бид дахин гаргахаар төлөвлөсөн. Бэлтгэл ажил ид үргэлжилж байна

-Та ер нь одоогоор хэчнээн бүтээлтэй вэ?

https://www.facebook.com/Nuluulul/videos/981406225303710/?v=981406225303710

-Үнэнийг хэлэхэд яг нарийн тоолж байгаагүй юм байна. Нээрэн “VR Jims” үзэсгэлэнгийн үеэр уран зурагтай хайртай нэг эрхэм надаас хоёр бүтээлийг минь худалдаж авсан. Биднийг дэмжиж ажилласан Азийн хөгжлийн банк, “Koeko” байгууллагын хамт олонд талархсанаа илэрхийлье.

-Таны хамгийн том зорилго юу вэ?

-Уран бүтээл, спортоороо амжилт гаргах. Мөн уран зургийн дугуйлангаараа дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй болон зурах дуртай олон хүүхдэд нөлөөлж, туслах. Ер нь би салбар бүрт амжилт гарган, хөгжлийн бэрхшээлтэй дүү нартаа жим гаргах, тэдэндээ үргэлж туслах зорилготой.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button