Ярилцлага

Б.Бат-Ундрал: Уралдааны үеэр шөрмөс тасарсан ч гүрийсээр байгаад 5000 км туулан, барианд орсон

“Өнгөрсөн жил 61-ийн гарман дээр болсон уралдааны үеэр уулын уруу машинаа унагаачихсан. Мотороо цохиулахаас сэргийлэхийн тулд өнхөрч байх хооронд нь машинаа гялс унтраав. Гурван удаа өнхрөөд яг дугуйн дээрээ буудаг юм байна. Тэнэнгүүт нь өө, ашгүй гэж бодон, машинаа гялс асаагаад уралдаанаа дуусгасан юм. Барианд ороход хүмүүс алга ташин баяр хүргэхэд өөрийн эрхгүй уйлж билээ” хэмээн инээмсэглэх түүнийг Бямбасүрэнгийн Бат-Ундрал гэдэг.

Авто, мото спортоор хичээллэдэг Монголын хуруу дарам эмэгтэй тамирчдын нэг тэрбээр долдугаар сард ““Silk Way Rally 2019” уралдаанд 10 өдрийн турш, 5000 км туулан хурд сорихдоо эмэгтэйчүүдийн ангилалд мөнгөн медаль хүртсэн. FIM-ээс Дэлхийн цомын дөрвөн цувралын нийлбэр дүнгээр шилдгээ хэдхэн хоногийн өмнө тодруулахдаа түүнийг дэд аварга болсныг албан ёсоор зарлаж, баяр дээр нь баяр нэмлээ. Ингэснээр Б.Бат-Ундрал Дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны уралдаанч болсон юм. Тус уралдаанаас медаль хүртэхийг манай үе үеийн тамирчид зорьж, зүтгэсээр өдий хүрсэн. Энэ амжилтад эмэгтэй тамирчин хүрч, улсдаа анхдагч болсноор нь бахархахгүй байх аргагүй.

“Дакар ралли”-д хурд сорих мөрөөдөлтэй Б.Бат-Ундрал Европ тивийн ноён оргил “Эльбрус”-т мөрөө гаргасан авьяаслаг, элдэвтэй бүсгүй. “Үхлийн уул” гэгддэг “К-2” оргилд гарах мөрөөдөлтэй түүнийг Малайзад энэ сарын 28-нд эхлэх бартаат замын олон улсын уралдаанд оролцохоор эх орноосоо мордохынх нь өмнө уулзаж, ярилцлаа.

ТЭМЦЭЭНТЭЙ ДАВХАЦСАН ТУЛ МЕДАЛИА БИ ӨӨРӨӨ ОЧИЖ АВЧ АМЖИХГҮЙ

-Юуны өмнө Дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны уралдаанч болсон танд баяр хүргэе. “Silk Way Rally-2019-өөс та мөнгөн медаль хүртсэн. Энэ удаа Дэлхийн цомын нийлбэр дүнгээр дэд аварга боллоо. Монголынхоо андагч болох болзлыг хэрхэн хангав?

-Баярлалаа. Дэлхийн цом дөрвөн цувралтай. Тэдгээрээс хамгийн нэр хүнд, чансаатай нь “Silk Way Rally” уралдаан.  2009 оноос хойш зохион байгуулж буй тус уралдааныг энэ жил анх удаа БНХАУ, Монгол, ОХУ-ын нутгаар дайруулан хийлээ. Долдугаар сарын 6-16-нд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон “Silk Way Rally” уралдаанд анх удаа өрсөлдөхдөө эмэгтэйчүүдийн ангилалд мөнгөн медаль хүртсэн. Би уг нь Дэлхийн цомын сүүлчийн уралдаанд оролцохоор төлөвлөсөн байлаа. Даанч бэртлийн улмаас хурд сорьж чадаагүй. Бэртлээ сэдрээхээс болгоомжилсон юм л даа. 

FIM-ээс өнгөрсөн гурав дахьд Дэлхийн цомын дөрвөн цувралын нийлбэр дүнгээр шилдгээ тодруулахад нь би дэд аварга боллоо. Миний шагналыг Монакод 28-нд гардуулах юм билээ. Би Малайзын тэмцээнд оролцохоор төлөвлөсөн. Шагнал гардуулах арга хэмжээ тэмцээнтэй давхажсан тул би очиж амжихгүй. Тиймээс миний шагналыг Монголын автомашин, мотоциклын холбоо ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх ах очин, гардаж авна. Медалиа хурдан харах сан гээд тэсэн ядан хүлээж сууна.

-“Silk Way Rally-2019” таны оролцсон хэд хэд олон улсын ураалдан бэ?

-Тав бил үү зургаа дахь нь. “Silk Way Rally” уралдаан Монголын нутгаар дайран өнгөрсөн нь бидэнд том давуу болсон. Эх орныхоо уур амьгал, газар нутгийг бид сайн мэднэ. Монголын тамирчид энэ уралдаанаар дамжуулан улсаа дэлхийд сурталчилж чадсан. Уралдааныг найман нисдэг тэрэг даган, дэлхийн 30 гаруй телевиз дамжуулсан. Тэмцээнд оролцсон тамирчдын таксын 50 хувийг улсаас даасан нь их урам өглөө. Эмэгтэй тамирчид ямар нэгэн төлбөр төлөөгүй. Би энэ уралдаанд хурд сорихдоо шинэ мотоцикл хөлөглөсөн. “Husqvarna Mongolia” компани тодорхой хөнгөлөлттэй нөхцлөөр шинэ “husqvarna 350 cc endure” мотоциклийг ралли тоноглолоор тоноглож өглөө. Намайг “Silk Way Rally”-д уралдахад олон хүн тусалж, дэмжсэн. Бүгдээрээ амжилт хүсээд, сүүнийхээ дээжийг өргөөд үдсэн болохоор шантрах, ухрах эрх надад байгаагүй.

5000 км зам туулан өрсөлдөөд, дэлхийн шилдгүүдтэй хамт уралдах нэр төрийн хэрэг байлаа. Үнэнийг хэлэхэд би медаль хүртэхээс илүү замаа дуусган, барианд амжилттай орохыг зорьсон. Ийм хол замд юу эс тохиолдохыг тэр гэх вэ. Бэртэх, мотоциклоосоо унах энүүхэнд. Зөндөө олон удаа онхолдсоон.

ЯС Л ХУГАРААГҮЙ БОЛ УРАЛДАНА ГЭЭД ГҮРИЙЧИХСЭН

 -Улаанбаатараас Завхан аймаг 1000 км зайтай. Тэгэхээр 5000 км зайд уралдана гэдэг таван удаа Завханд очихын дайтай гэж бодохоор сүрдмээр. Уралдааны аль хэсэг хамгийн бартаатай, адал явдалтай байв?

-Уралдааны өмнө ч гэсэн зөндөө адармаатай юм болсоон. Тэмцээний өмнө бэлтгэлийн үеэр хоёр ч удаа бэртсэн. Үнэнийг хэлэхэд Сибирийн тайгаар яаж уралдах вэ гэж эмээж байлаа. Ой модон дундуур явахад бартаа ихтай, үертэй байсан л даа. Гараанаас түрүүнд мотоциклтой тамирчид хөдөлдөг. Араас нь автомашинууд уралдана. Модон дундуурх нарийнхан жимээр уралдах, тэмцээнд оролцож буй том оврын машинуудтай зөрөх чанга байлаа. Нэг усархаг газраар явж байтал араас баахан машинууд орж ирээд шавраар булсан. Тэгэхээр нь шилээ аваад, их тайвширч билээ. Ер нь тэрнээс хойш бие тайвшаад, сандрахаа, зүрхшээхээ больсон.

Уралдааны хоёр дахь өдөр уулын налуу, огцом эргэлттэй замаар уралдаж байтал Монголын нэг тамирчин осолдчихсон байв. Араас ирж буй том машинууд харахгүй дайрчих эрсдэлтэй байсан юм л даа. Өнөөх тамирчинд ОУХМ Болдбаатар, Өнөрбаяр хоёр тусалж байсан юм. Тэд “Ахын дүү мотоциклоо тэр дээр гаргаад тавьчих” гэсэн юм. Би уг нь нэг их яаралгүй, намуухан хурдаар явсан ч яг нөгөө газар дээр очоод уначихсан. Босоод ирэх нь ээ гар эвгүй болчихов. Нугарахгүй, хавдаад, өвдөж байна гэж жигтэйхэн. Орой нь Францын багийн эмч нарт үзүүлэв. Тэд ЭХО-д харснаа шөрмөс нь тасарсныг хэлсэн. Эмч нар “Танд эрүүл мэнд чухал. Та уралдаанаа зогсоосон нь дээр” гэсэн. Тэр хүртэл зөндөө олон хүний итгэлийг тээгээд очсон надад хайран санагдалгүй яах вэ. Яс л хугараагүй бол уралдана гээд гүрийчихсэн.

Маргааш нь Монголын нутаг руу орж ирэв. Яг тэр өдөр миний мотоциклийн яндангийн нэг боолт болохоо байчихав. Эвгүй л хазалвал унтраад болдоггүй ээ. Эрхий хуруу өвдөж байна гэж жигтэйхэн. Унтрангуут нь зүүн гараараа асаана. Жалга, эвгүй замаар явахдаа хазаа жаахан хасангуут унтарчихна. Мотоциклоо асаахаас гадна, хурд хүчийг нь тохируулахад эрхий хуруу чухал үүрэгтэй юм билээ. Уралдааны үеэр заримдаа хурууныхаа өвдөлтийг мэдрэх сөхөө байгаагүй. Шөрмөс нь тасарсан хуруугаараа асаагаад л уралдсан. Юун хуруу өвдөж байна гэх манатай. Тэсээд л өрсөлдсөн. Монголд орж ирээд эмчид үзүүлэхэд “Өвдөлтөө тэсээд явж чадахгүй бол тэмцээнээс хасагдахгүй юу” гэсэн. Тэгж хэлсэн эмчид би одоо ч баярлаж явдаг. Намайг тэгж хурцалж, шар хөдөлгөөгүй бол уралдаанаа дундаас нь орхичих ч байсан юм бил үү.  

Ер нь “Silk Way Rally” уралдаанд өрсөлдсөн дэлхийн шилдгүүдийн шандсыг Монголын өргөн тал нутаг их сорьсон. Цөөнгүй уралдаанч манай улсад уралдаж явахдаа бэртсэн. Оросын тамирчин А.Нифонтовагийн эгэм, “Дакар”-т хоёр удаа өрсөлдсөн туршлагатай, Чехийн уралдаанч Габрелагийн ташаа бэртсэн. Чех тамирчин шүд зуун уралдсаар 200 км туулахад нь их бахархсан шүү.

Нээрэн Өмнөговь аймгийн нүүрсний замаар уралдахад их сонин байсан шүү. Бас уралдааны сүүлийн өдрүүдэд Хятадын сайран дундуур өрсөлдөх ёстой чанга байлаа. Тоос ихтэй. Машин зөрөнгүүт тоос босно гэж тоймгүй, Юу ч харагдахгүй. Шил зүүгээд, нүдээ аниад ямар ч нэмэргүй. Тоос нь буутал нэлээд хэдэн минут юу ч харагдахгүй, баримжаалаад л давхисан.

ЗАМАА ДУУСГАН, БАРИАНД ОРООД ӨӨРИЙН ЭРХГҮЙ УЙЛСАН

-Хамгийн сүүлийн өдөр замаа дуусган, барианд амжилттай ороход ёстой уужим амьсгаа авсан байх. 5000 км туулан, 10 хоног уралдсаны эцэст зорилгодоо хүрэх мөчид юу бодогдсон бэ?

-Ёо, үгээр илэрхийлэхийн аргагүй гоё мэдрэмж төрсөн. Сүүлийн өдөр уралдааны зам дуусахад хэдхэн км дутуу байв. Тэгсэн мөртлөө зам улам хүндэрсэн. Яалт ч үгүй ядраад, хүч шавхагдсан.

-Гар нь зовиурласан хэвээр байсан уу?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Жимбийтэл нь боогоод л уралдсан. Уралдааны сүүлийн өдрүүдэд өвдөх нь улам нэмэгдсэн. Би хүний өмнөөс уралдаагүй. Тийм болохоор тэгж, ингэж байна гээд янгуучлах эрх байгаагүй. Зөвхөн миний л асуудал учраас тэр. Тийм хүнд үед өнөөх эмчийн үгийг бодон, өөрийгөө хурцалсан.

-Ер нь болих талаар бодсон уу?

-Ёстой тийм бодол төрөөгүй. Би ер нь тийм амархан бууж өгдөг хүн биш. Мотоцикл эвдрэн бүр аргагүй байдалд орчихоогүй л бол уралдаанаа заавал дуусгадаг. Тэгж явсаар барианд ороход өөрийн эрхгүй уйлсан. Дэлхийн цомын цуврал уралдааныг дуусгалаа, барианд орлоо гэж бодохоор өөрийн эрхгүй огшдог юм билээ.

Намайг өмнө нь дэмжиж байсан болон одоо дэмжиж байгаа Ерөнхийлөгчийн тамгын газар , Монголын авто машин мотоциклийн спортын холбоо, Монголын авто мастеруудын холбоо, “National auto moto sports club 55”, “ARGOLD” “Pride racing team” “Алтайн бугат” “LUCAS Oil products inc” “HOST construction”, “Түмэн төмөрт”, “Петро матад, “Рояал групп”, “KTM Mongolia” Power racing and touring club” “Шунхлай”, “Panda design studio”, AODE, “CZECH Republic team”, “Жалам хар”, “Нью бланс аудит”, “Encanto”, “BAKU’S Picture”, “Husqvarna Mongolia”, “Улз мото клуб”, “Nomad moto” клуб, “Төмөрт Тэнгэр” ХХК, “Алтай Трест” ХХК, “Moto zagaschid” групп, “Lady riders болон Атаманууд” группийн гишүүд, тамирчид механикууд болон авто, мото спортын бүх тамирчид, гэр бүлийнхэндээ баярлаж явдаг.

БИ АВТОМАШИН, МОТОЦИКЛ ХОЁУЛАНГААР НЬ УРАЛДДАГ

-Монголд уралдаанч эмэгтэй хуруу дарам. Авто, мото спорттой амьдралаа хэрхэн холбож байв?

-Би Дархан-Уул аймагт төрсөн. Багадаа хурдан морь унадаг байлаа. Морьд зурхайнаас эргэх мөч үнэхээр гоё. Ер нь авто, мото спортоор хичээллэхийг багаасаа мөрөөдсөн. Өртөг өндөртэй болохоор санхүүгийн боломжтой болох чухал байв. Мэдээж тэгэхийн тулд их сургууль төгсөх, ажил хийх хэрэгтэй байлаа. Тэгж явсаар 2013 онд мотоцикл худалдан авч, дараа жилээс нь хичээллэж эхэлсэн. Би ахаасаа их айдаг, хүндэлдэг. Нэг удаа энэ тухайгаа цухас хэлсэн чинь дургүйлхэв.  Тэгэхээр нь загнах байх гэж айгаад гэрийнхэндээ хэлээгүй. Нууцаар бэлтгэл хийгээд уралддаг байлаа. Тэгж байтал бэртээд баригдчихав. Аав, ээж хоёр “Эрсдэл ихтэй, хүнд спорт шүү дээ. Больсон нь дээр” гэсэн. Би “За” гэсэн ч дотроо “Хичээллэнэ ээ” л гээд өөрийгөө хурцалсан. 2014 онд олон улсын уралдаанд хурд сориод, финиш хийхэд манайхан намайг хүлээн зөвшөөрсөн, дэмжих болсон. Ингээд ярихаар зарим хүнд дураараа юм шиг санагдаж магадгүй. Ерөөсөө би эхлүүлснээ дуусган, тууштай байж, ямар нэгэн шалтгаан тоочиж энэ спортыг орхихыг хүсээгүй. Мото төдийгүй авто спортоор цөөхөн эмэгтэй хүн хичээллэдэг болохоор тамирчид биднийг их дэмждэг. Цалингаа цуглуулж байгаад арайхийж мотоцикл авсан надад анхандаа зориулалтын шилнээс авахуулаад юм юм л дутуу байлаа. Тэгж явахад “Амжилт хүсье. Хичээгээрэй” гээд бээлийгээ, дугуйгаа тайлаад өгсөн тамирчиддаа их баярлаж явдаг. Тэгж тусалсан хүмүүсийн тусыг би хэзээ ч мартахгүй.  Өнөөгийн амжилтад аав, ээж хоёрын минь тус асар их. Тэмцээнд оролцохоор гадагшаа явахад хоёр хүүг минь хараад үлдэнэ гэдэг том тус шүү дээ. Аав, ээж хоёртоо их баярлаж явдаг.

-Энэ жил танд “Silk Way Rally” илүү чухал байсан, анхаарлаа хандуулсан нь мэдээж. Ер нь автомашинаар тэмцээнд оролцсон уу?

-Ёстой тийм байлаа, “Silk Way Rally”-д хамаг анхаарлаа хандуулсан. Гуравдугаар сард “Чингис мастер кросс”-т уралдаж байхдаа машиныхаа моторыг цохиулсан. Тэрнээс хойш “Silk Way Rally” уралдаад машинаа засах зав төдийлөн гараагүй. Уралдаан дууссаны дараа хүлгээ засаж эхэлсэн. Одоо ер нь засвар нь дуусах дөхчихсөн байгаа.

БИ МОНГОЛДОО ЭРЭГТЭЙ ТАМИРЧИДТАЙ УРАЛДДАГ

-Монголд уралдаан эмэгтэйчүүдийн ангилалд болдоггүй. Эрчүүдтэй уралдах бүр ч өрсөлдөөнтэй байдаг нь мэдээж.

-Мото спортоор 2006 оноос хойш хичээллэж байгаа Янжка гэдэг бүсгүй бий. Эмэгтэй хүн мото спортоор хичээллэж, уралдаж чадахыг түүнээс анх үлгэрлэж билээ. Авто спортоор хичээллэдэг, дугаар авсан дөрвөн эмэгтэй тамирчин бий. Монголын олон шилдэг аваргуудтай, бахархал болсон эрчүүдтэй уралдаж яваагаараа бахархдаг. Тэдэн шиг ур чадвартай болохыг мөрөөддөг. Зарим нэг уралдааны эхний хэсэгт магнайд явахаар бөөн баяр болдог (инээв). Тэгээд л дараагийн тойргуудад шилдгүүд намайг гүйцдэг. Олон машин гараанаас зэрэг хөдлөх, ралли төрөлд олон өдөр уралдах хоорондоо өөр. Ер нь хамгийн гоё нь ралли.

-Авто, мото спорт асар их тэсвэр тэвчээр, зориг шаарддаг. Олон залуусын дунд гараанаас гарах гээд зогсож байхдаа та өөрийгөө яаж хурцалдаг вэ?

-Би чадна л гэж боддог. Бас яаж толгойн эгнээнд гарах вэ гэж. Дунд хэсэгт гарвал олон машинд мөргүүлнэ. Хойно гарчихвал юу ч харагдахгүй. Тэр олон машин гараанаас зэрэг гарахад жинхэнэ алаан болдог байхгүй юу. Олон автомашины хөдөлгүүрийн дуу ямар сайхан сонсогддог гэж санана. Нүргэлээд л эхлэхэд нь сайхан тайвширдаг.

УРАЛДААНЫ ҮЕЭР МАШИН ГУРАВ ӨНХӨРСӨН Ч ШУУД АСААГААД ӨРСӨЛДСӨН

-Уралдааны үеэр осолдож, хүнд бэртэж байсан уу?

-Байсаан байсан. Өнгөрсөн жил 61-ийн гарман дээр болсон тэмцээнд алдаа гаргаад торгуулаад хамгийн арын эгнээнээс уралдсан. Тэгсэндээ бүр шар хөдлөөд. Уг нь миний буруу шүү дээ. Уралдааны үеэр зайгаа хурдан нөхөх гэж байгаад уулын уруу машин унагаачихсан. гУРВАН удаа өнхрөөд яг дугуйн дээрээ буудаг юм байна. Тэнэнгүүт нь өө, ашгүй гэж бодон, гялс асаагаад тойргоо дуусгасан юм.

-Та тухайн үед шоконд орсон уу, хэр их сандрав?

-Хэрвээ машин өнхөрвөл гялс унтраах хэрэгтэй, тэгэхгүй бол мотор цохино гэж тамирчид захьдаг. Тийм болохоор машин өнхөрч байх хооронд би машинаа унтраасан. Дөрвөн удаа өнхөрчихсөн машин ямар олиг байх вэ. Шил нь хагараад, нэлээд эвдэрч. Асаах гэсэн чинь асдаггүй. Лав хоёр минут болсон байх. Тэгж байтал ашгүй аслаа. Үнэнийг хэлэхэд машинаа унагаасандаа, чадаагүйдээ их харамссан. Сүүлд бодох нь ээ би тухайн үед шокод орчихсон байсан юм шиг байна лээ. Нэг туг алгасаад явчихсан. Барианд ороход олон хүн баяр хүргэхэд нүдний нулимс цийлэгнэсэн. Ер нь машинаа унагаачихаад янзлах хэцүү. Цаг хугацаа, мөнгө санхүү их ордог.

УРАЛДААНЫ ҮЕЭР АЛЬ БОЛОХ ГЭГЭЭЛЭГ ЗҮЙЛ БОДОХЫГ ХИЧЭЭДЭГ

-Машинаа унагаах, бэртэх эрсдэл ихтэй. Та ер уралдааны үеэр хэр айдаг вэ?

-Бодол үг, үг амьдрал болдог. Мэдээж айлгүй яах вэ. Гэхдээ аль болох гэгээлэг зүйлийн тухай бодохыг хичээдэг. Өнгөрсөн жил Дарханы уралдаанд оролцохдоо машинаа харайлгаад хоёр дугуйн дээрээ  тогтсон. Ийшээ унавал дөрвөн дугуйн дээрээ бууна, нөгөө тийшээгээ хазайвал өнхөрнө. Азаар дөрвөн дугуйн дээрээ буусан ч өмнөх шигээ шахаж уралдаагүй. Нэгдүгээрт би айсан. Хоёрдугаарт 61-ийн гарам дээрх шиг машинаа эвдэхээс болгоомжилсон. Одоо ер нь хэр баргийн гэмтлийг өөрөө янзалчихдаг. Моторыг бол задалчихна, боож арай чадахгүй.

-Та хоёр хүүтэй юм билээ. Авто, мото спорт хэр сонирхдог вэ. Та тэмцээнд оролцохдоо дагуулж явдаг уу?

-Аль болох дагуулж явахгүй байхыг хичээдэг. Энэ спорт ямар ч хэцүү билээ. Хэцүүг нь мэддэг болохоор хоёр хүүгээ хичээллүүлэхийг хүсдэггүй.

-Сурсан зүйлийг сураар боож болдоггүй гэдэг. Энгийн үед хурдан давхидаг уу?

-Хүмүүс надаас ингэж их асуудаг. Замын хөдөлгөөнд оролцохдоо, ийш, тийшээ явахдаа алаад өгдөг үү гэдэг. Тэмцээнд оролцох, энгийн үед машин барих хоёр өөр. Тамирчин бид уралдаанд оролцохын тулд аюулгүй байдлаа бүрэн хангаад, хувцас, тоноглол өмсөөд уралддаг. Харин энгийн үед машинаар хурдан давхих эрсдэлтэй. Ямар нэгэн юм боллоо гэхэд намайг хамгаалахгүй шүү дээ.

-Авто, мото спорт өртөг өндөртэй. Тэмцээн, бэлтгэлдээ сард, жилд дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Ер нь би тэгж тооцоо гаргадаггүй. Яагаад гэвэл ажлынхаа хажуугаар дуртай юмаа хийж яваа учраас. Өнөөдөр машиндаа сая төгрөгөөр сэлбэг авчихлаа гэж тэмдэглэдэггүй. Ивээн тэтгэгч байгууллагуудын буянаар болгоод л явна.

-Улсаас ер нь хэр дэмждэг вэ?

-“Silk Way Rally”-д оролцоход л улсаас дэмжсэн. Бусад уралдаанд өрсөлдөхдөө зардлаа хувиасаа гаргаж уралдсаар өдий хүрсэн.

“ДАКАР РАЛЛИ”-д 2021 ОНД УРАЛДАХААР ТӨЛӨВЛӨСӨН

-Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли”-д уралдах бодол бий юү?

-(Гаран дээрээ “Дакар” гэж бичүүлсэн шивээсээ үзүүлэв). Энэ шивээсийг би 2015 онд шивүүлсэн юм. Одоо ер нь 2021 онд “Дакар”-т уралдах ерөнхий төлөвлөгөө бий.

“К-2” ОРГИЛД ГАРАХЫГ МӨРӨӨДДӨГ

-Хэрвээ тэгвэл “Дакар”-т тоосоо өргөсөн Монголын анхны эмэгтэй тамирчин болох юм байна, Та.

-“Дакар”-т уралдахыг үнэхээр хүсэж, зорьж байна. Тухайн үед юу болох нь  уу. Өртөг өндөртэй болохоор одоо шууд би оролцоно гээд хэлэхэд бэрх. “Дакар”-т уралдахаас гадна бас нэг зорилго надад бий. Тэр нь “K2” оргилд гарах.

-K2” оргилд Монголоос ганцхан уулчин амжилттай гарсан нь Гавьяат тамирчин Б.Гангаамаа. Та тэгэхээр уулын спортоор давхар хичээллэдэг юм байна, тийм үү?

-Энэ жил хичээллэж бараг амжсангүй. Хамгийн сүүлд буюу гуравдугаар сард Их, Бага богд хайрханы оргилд гарсан. Эверист оргилд жилд олон уулчин гардаг. Харин “K2”-т тийм биш. Монголоос ганцхан уулчин гарсан нь хэр хэцүү, амаргүйгийнх нь илрэл.

БИ “ЭЛЬБРУС” ОРГИЛД ГАРСАН

-Одоогоор ямар, ямар оргилд гараад байгаа вэ?

-Монголынхоо ихэнх мөст цастай хайрханы оргилд нь гарсан. 2017 онд “Эльбрус” оргилд гарч, уулчны жаргалыг мэдэрсэн.

ЯМАР Ч ЗҮЙЛД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДАХЫГ ХИЧЭЭДЭГ

-Та ер нь ямар мэргэжилтэй вэ. Одоо хаана ажилладаг вэ?

-Би хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй. Төгссөнийхөө дараа  “Оргил” худалдааны төвд хүний нөөцөөр долоон жил ажилласан. Тэр хугацаанд УИХ-ын гишүүн Ганбаатар ахаас их зүйл сурсан. Одоо уул уурхайн “Арголд” компанид ажилладаг. Манай хоёр захирал намайг их дэмждэг. Ер нь ямар ч ажилд сэтгэл чухал. Хүнтэй найзлахдаа, ажил хийхдээ гэх мэт бүх зүйлд би сэтгэлээсээ хандахыг хичээдэг. Ямар нэгэн юм таалагдахгүй бол шууд орхиж чаддаг, эргэж харалгүйгээр. Би телевиз огт үздэггүй, ном унших, тэмдэглэл хөтлөх дуртай.

-Хамгийн сүүлд ямар ном уншив?

-Л.Өлзийтөгөсийн “Үзэхийн хязгаар”-ыг. Одоо бизнесийн удирдлагын магистраар сурч байна. Хичээлийнхээ номуудыг уншиж амжихгүй л явна.

-Спорт, ажил, хичээлээ хэрхэн зохицуулдаг вэ?

-Өө, тэгээд хүн чин сэтгэлээсээ хичээвэл болдог л юм байна. Нэг тэмцээнд оролцоод ирэхэд 10 гаруй хоногийн ажил цалгарддаг. Тэгээд л өнөөх ажлаа нөхөж хийхийн тулд уйгагүй зүтгэдэг. Хажуугаар нь хичээлээ нөхнө. Зав гарвал машин, мотоциклоо янзалдаг.

-Өнөөгийн залуус гадаадад амьдрах хүсэлтэй, Монголоос явбал бүх зүйл сайхан болчих юм шиг бодолтой болоод байх шиг. Ер нь залуусыг ямар байгаасай гэж боддог вэ?

-Ер нь би аливаа зүйлийг гэгээлгээр харахыг хүсдэг. Монголд сайхан амьдрах олон боломж бий. Дайн дажингүй, өөрийн дураараа сайн амьдардаг. Хүссэнээ хийж болно. Энэ бол том боломж. Хамгийн гол нь өөрийгөө дайчлаад, тэр боломжийг ашиглах их чухал.

БИ ХҮН ЧАНАРТАЙ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ

-Та амьдралдаа ямар зарчим баримталдаг бол?

-Би хэнтэй ч өөрийнхөөрөө харилцахыг хичээдэг. Хэн нэгэнд заавал таалагдах албагүй. Надад мэдээж алдаа, сул тал бий. Өнөөдөр хэн нэгнийг гаднаас нь хараад шууд дүгнэдэг хүн цөөнгүй. Халтайсан юм явж байна энэ тэр гээд л шүүмжлээд. Хэртэй, ноорхой хувцастай байсан ч хамаагүй бидэнтэй л адилхан хүн. Тэр хүн ямар авьяастай, мундгийг хэн ч гаднаас нь харааад мэдэхгүй. Ер нь хүнийг алдаан дээр нь дөрөөлөх хамгийн муухай. Уралдааны үеэр хэн нэгэн унавал бүх тамирчин зогсоод тусалдаг. Хүн чанараа хэзээ ч гээж болохгүй. Өнөөдөр найзынхаа төрсөн өдөрт очиж амжихгүй байлаа гэж бодъё. Утсаар мэнд хүргээд, уучлалт хүсээд өнгөрч болно. Харин бие нь өвдвөл заавал зав гаргаад очихыг чухалчилдаг, би.

-Малайзад болох бартаат замын олон улсын уралдаан рүү хэзээ явах вэ?

26-ны өглөө ганцаараа явна. Манай тамирчид өчигдөр явсан. Монголын бартаат замын автомашины холбооноос биднийг дэмжиж байгаа. Хүү маань нөгөөдөр тэмцээнд оролцоно. Намайг очиж дэмжээрэй гээд дээрээс хойш гуйсан болохоор би үлдсэн юм. Маргааш бүтэн өдөржин хичээлтэй. Нөгөөдөр хүүгээ дэмжчихээд л явна даа. Манайхан баахан сэлбэг захих байх. Тэмцээн 28-нд эхэлнэ. Малайзын уралдаанд би өнгөрсөн жил  оролцохдоо эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлж, нийт тамирчдаас хүрэл медаль хүртсэн. Бартаат замын уралдаан, өдөр шөнийн гараатай тул их хэцүү. Энэ удаа амжилтаа ахиулахын төлөө хичээнэ ээ.

Б.Бат-Ундралын гаргаад буй амжилтууд.

2014 онд:

  1. 1200 км зайд болсон “Мастер ралли”-д финиш медаль.
  2. 1300 км зайд болсон УАШТ-д түрүүлсэн
  3. 4000 км зайд болсон “FAcoat Rally Mongolia” олон улсын уралдаанд барианд орсон.

2015 онд:

  1. 4000 км зайд болсон “FAcoat Rally Mongolia” олон улсын уралдаанд барианд орсон
  2. 250 км зайд болсон “Baja Mongolia” уралдаанд финиш медаль.
  3. 1500 км-т болсон УАШТ-ээс финиш медаль

2016 он:

  1. 150 км-т болсон “Baja Mongolia” уралдаанаас финиш медаль
  2. 1200 км-т болсон “Мастер ралли” уралдаанаас хүрэл цом
  3. 1400 км-т болсон УАШТ-ээс финиш медаль
  4. 250 км-т болсон “Baja Mongolia” уралдаанаас финиш медаль

2017 он:

  1. 150 км-т болсон “Baja Mongolia” уралдаанд 2015, 2017 онд финиш медаль
  2. 1300 км зайд болсон УАШТ-д түрүүлсэн
  3. 1200 км-т болсон УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн
  4. УАШТ-ий нийлбэр дүнгээр хүрэл медаль, цом авсан

2018 онд:

  1. “Авто хими” мастер кросс уралдаанаас “Эр зоригийн шагнал” хүртсэн
  2. 1300 км-т болсон автомашины УАШТ-ээс финиш медаль
  3. “North Asia rally” уралдаанаас финиш медаль
  4.  “Sprint Rally” уралданаас мөнгөн цом
  5. Малайз улсад болсон “RFC grand final” дэлхийн аваргын тэмцээнд ангилалдаа хүрэл, төрөлдөө алтан медаль авсан

2019 он:

  1. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний нэг цуврал болох “Silk way” уралдаанд эмэгтэйчүүдийн ангилалдаа хоёрдугаар байрт орсон
  2. Гүржид зохион байгуулсан “Georgia adventure rally” уралдаанд түрүүлсэн.
  3. Дэлхийн цомын нийлбэр дүнгээр мөнгөн медаль

-“Зэрлэг 4х4” тэмцээнд хоёр, “Мастер кросс” тэмцээнд УАЗ-469-өөр найман удаа оролцсон.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button