Ж.Бат-Эрдэнэ гишүүн таксины жолооч болжээ
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ таксигаар иргэдэд үйлчилгээ үзүүлж, санал бодлыг нь сонссон байна. Тэрээр 2016 онд Булган аймгаас УИХ-д сонгогдсон бөгөөд аймгийнхаа намын хороог ахалдаг билээ. Ж.Бат-Эрдэнэ гишүүний хувьд орон нутагтаа жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх замаар иргэд ая тухай, бүтээгч байдлаар амьдрах ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг нэгэн билээ.
Тэрээр такси үйлчилгээ үзүүлсэн талаараа өөрийн нүүр номонд бичихдээ “Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт унаж байна. Иргэд маань бухимдаж байна. Асуудлуудыг мэдэхийн тулд таксинд жолооч хийж үзлээ. Өнөөдөр иргэд маань зовж байна, зүдэрч байна, ядуурал дээд цэгтэй хүрч байна. Гишүүд, нөхөд минь том том зүйл ярихын оронд эхлээд ард иргэдийнхээ асуудлуудыг шийдмээр байх юм.
Жолооч нартайгаа яриад явах үед ихэвчлэн том зүйлийн талаар бус амьдралын талаар төрөөс амьжиргааг нь сайжруулах, ард иргэд залуучуудад боломж олгох, бензин түлш, мах өргөн хэрэглээний үнэ тэнгэрт хадлаа үүнийг яах вэ. Та хэд юу хийдэг улс вэ гэж бухимдаж байна.Аливаа зүйлд хийсвэрээр хөөрч попрохоос илүү бодитойгоор үйлдэл хийж төрөөс иргэдэд боломжийг нь засаж өгөх нь бидний үүрэг гэдгийг зарим гишүүд ойлгоосой” гэжээ.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.