Нийгэм мэдээ

Шинэ ном: Солонгост "харласан" монголчуудын үнэн амьдралыг залуу зохиолч хөндлөө

Х.Умааханы "Харынхан" тууж, "Надад хувилсан усны чимээ" яруу найргийн түүвэр номууд өчигдөр буюу зургадугаар сарын 23-ны ням гарагт нээлээ.

Залуу сэтгүүлчдийн нэг Х.Умаахан жил гаруйн хугацаанд БНСУ-д ажиллаж, амьдраад ирсэн. Тэнд "хар"-аар амьдардаг, хар ажил хийдэг монголчуудтай уулзаж, ярилцлагын ном бэлтгэх санаа сэдсэн ч аажимдаа уран зохиолын бүтээл болсон нь "Харынхан" аж.

Үргэлжилсэн үгийн зохиол бичдэг залуу үе хараахан хүчтэй түрэн гараагүй байна. Ийм цаг үед Х.Умаахан нийгмийн нэгэн хөндүүр сэдэв бүхий тууж бичсэн нь анхаарал татаж байв. БНСУ-д 60 мянга гаруй монгол хүн амьдардаг. Тэдний жаргал зовлон, хүсэл тэмүүлэл, дотоод ертөнц дэх "шуурга" бүр төдийлөн манай нийгэмд бодитоор ойлгогддоггүй. Тэгвэл Х.Умаахан "Харынхан" туужаар энэ сэдвийг хөндсөнөөр онцлог.

Мөн "Надад хувилсан усны чимээ" яруу найргийн түүвэртээ сүүлийн жилүүдэд бичсэн шүлгүүдээсээ шилж, сонгон багтаажээ.

Номуудын редактороор яруу найрагч, орчуулагч Мө.Батбаяр ажилласан байна.

Х.Умааханы анхны номын нээлтэд гэр бүлийнхэн, хайртай дотнын хүмүүс, анд нөхөд, салбар нэгтнүүд нь хүрэлцэн ирж, оролцлоо.

"Харынхан", "Надад хувилсан усны чимээ" номуудыг удахгүй номын дэлгүүрүүдээр худалдаалж эхэлнэ. Түүнээс өмнө зохиогчтой холбогдож, худалдан авах боломжтой.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button