Эгэл бус амьдралЯРИЛЦЛАГА

ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: Хятадын бэлтэй компаниудтай өрсөлдөн, бусдад буян үйлдэж яваа бүсгүй

СЭТГЭЛИЙН ӨГЛӨГТ ХЯЗГААР ҮГҮЙ

“Боломжгүй, бүтэхгүй гэж бусдад хэлэх нь байтугай тэгж бодохыг ч хүсдэггүй” гээд инээмсэглэх түүнийг Баярмагнайгийн Энхцэцэг гэдэг. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат тэрбээр эх орондоо ихийг хийж бүтээн, бусдаас дутахгүй амьдрахын төлөө бор зүрхээрээ зүтгэж яваа эгэл жирийн монгол эмэгтэй.

Амьддаа бие биенээ хайрлаж, алив бүхнээрээ бусдад харамгүй туслахыг амьдралынхаа гол зарчим болгосон энэ бүсгүйг жаахан байхад аав, ээж нь “Ядарсан нэгний мод түлээг хагалаад өгч бай” гэж сургаж илүү гарсан сүүгээ хөршийндөө өгдөг сэтгэлтэй болгон төлөвшүүлжээ. Ингээд ярихаар түүнийг чинээлэг, эсвэл томоохон компанийн захирал, төрийн өндөр албан хаагч юм болов уу гэж уншигч та андуурч магадгүй. хэцүү бэрхийг туулсан хүн л бусдын зовлонг илүү ойлгодог шүү дээ. Тэгвэл огт тийм биш. Б.Энхцэцэг бусдын адил борви бохисхийх чөлөөгүй хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртэж яваа эрхэм. Юугаар ч үнэлж, хэмжихийн аргагүй зүйл бол сайхан сэтгэл, тусархуу зан чанар гэдэг. Бусдад туслах, аз жаргал бэлэглэх оргилуун хүслээр жигүүрлэн яваа Б.Энхцэцэг өрөвч нэнжин, тусархуу сэтгэлээрээ баян.

Монголд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж олон бий. Тэдгээрээс хэд нь сайн үйлсэд идэвхитэй оролцон, бусдад эрвийх дэрвийхээрээ тусалдаг билээ. Бусдад тусалж, дэмжих юм сан гээд бодож явах нэг хэрэг. Харин түүнийгээ үйлдлээрээ харуулж, ажил хэрэг болгон, бусдын сайн сайхны төлөө буян үйлдэн, олонд үлгэрлэхээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Үүнд л Б.Энхцэцэг хэмээх энэ бүсгүйн бусдаас ялгарах онцлог оршиж байгаа болов уу. Түүний тухай олон хүнээс сонсож байлаа.

“Eguur.mn” сайтын редакцад цөөнгүй хүн хандан, бусдыг үргэлж баярлуулан, үлгэрлэж яваа бүсгүйг сурвалжлахыг, уншигчидтайгаа “уулзуулахыг” зөвлөсөн юм. Түүнийх нь дагуу бид Б.Энхцэцэгтэй утсаар холбогдоход эхэндээ эрс дургүйцсан. Ямартай ч ятгаж байгаад уулзахдаа бусдад тусалж, сайн үйлсэд идэвхтэй оролцдогийнх нь тухай асуухад хариулахаас эрс татгалзсан юм. “Би бусдад мундаг хүн болж харагдахын тулд сайн үйлсэд нэгддэггүй. Зүгээр л нэг ч болтугай хүнийг баярлуулахыг хүсдэг. Тийм болохоор тэгж, ингэж тусласан гээд ярих шиг муухай юм байхгүй” гээд халгаасангүй. Тэгэхээр нь ойр дотных нь хүмүүсээс тодруулж байгаад эдгээрийг мэдсэн юм.

Нягтлан бодогч мэргэжилтэй Б.Энхцэцэг 2008 оноос Эмээлт захад ажиллан, 2017 онд махны бизнест хөл тавьж, “Финанс холдинг” компаниа байгуулжээ. Компанийнхаа үйл ажиллагааг жигдрүүлж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдсэнийхээ дараа эрвийх дэрвийхээрээ бусдад туслан, сайн үйлсийн аянд нэгдэж эхэлсэн гэнэ. Хэнд, хэрхэн туслах вэ хэмээн бодож суутал бусдын олон хүүхдийг өсгөн, хүмүүжүүлж, “Сарнай” төвийг байгуулсан М.Сарнай бүсгүйн тухай нэвтрүүлэг гарчээ. Тэдэнтэй хурдхан л уулзаж, туслах сан гээд нойр нь ч хүрээгүй гэнэ. Маргааш нь эртхэн босоод судалжээ. Тэгээд тэдэнд туслах аяныг “Итгэл сэтгэлийн гүүр” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ зохион байгуулж байгаа тухай олж мэджээ.

43 настайдаа үрийн зулай үнэрлэсэн Б.Энхцэцэг тухайн үед нялх биетэй байж. Уг нь зургадугаар сарын 1-нд өөрийн биеэр “Сарнай” төвд очоод хандив өргөхийг хүссэн ч нялх хүүхэдтэй болохоор амжаагүй гэнэ. Тиймээс дараа нь Ц.Сувд-Эрдэнийн утасны дугаарыг лавлахаас тодруулж байгаад холбогдон, гэртээ дуудаж уулзаад данс руу нь таван сая төгрөг шилжүүлжээ. Тэгэхдээ олонд туслах сэтгэлийнх нь гүүр болж яваа түүнд талархан эгчдээ өгөх гээд авсан ноолууран малгай, ороолтоо бэлэглэсэн гэнэ. Тухайн үед “За, эгч нь та нарыг сайн сайхан яваасай л гэж хүсэж байна. Намайг ингэж тусалсан гэж бусдад зарлаад яах вэ. Зүгээр л баярлалаа гэж хэлэхэд надад хангалттай” гэж тэдэнд захижээ.

ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД БУСДАД 270 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ

 “Үнэнийг хэлэхэд хэн нэгэнд санасан хэмжээндээ туслах боломж надад байхгүй. Гэхдээ хийе, болгоё гээд явахад ажил аяндаа бүтдэг. Хүн сэтгэлээрээ баян байх хамгийн сайхан. Хүний итгэлийг алдахгүй байхыг эрхэмлэж явдаг” хэмээсэн Б.Энхцэцэг ажлаа хийсээр, бусдад тусламжийн гараа сунгасаар. Тэрбээр тусалсан хүмүүсийнх нь амьдрал дээшлэн, дэвжихэд хамгийн их урам авдаг гэнэ.

 Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэж монголчууд ярьдаг. Бусдад тусалж, үргэлж сайхан, гэгээлэг юм бодож явдгийг нь ч түшсэн үү бизнес нь ч овоо өргөжиж. Нэг өдөр ажил дээрээ очтол компанийнх нь ажилтан, нутгийнх нь М.Зоригоо гэдэг хүн нэлээд баргар, согтуу сууж байсан гэнэ. Учрыг нь лавлахад, эхнэр нь өөр хүнтэй суун түүнийг орхиод явсан, хүүхдүүд нь ч бас ааваасаа зайгаа барьсан байжээ. Тэгээд өнөөх ажилтан сэтгэлээр унан, бор дарсанд нэлээд орж. Тэгж явааг нь өрөвдсөн Б.Энхцэцэг түүнд урам өгөн, амьдралаа шинээр эхлэх боломж олгохын тулд нэг өрөө байр бэлэглэжээ. Компанийнхантайгаа ярилцаж байгаад сүүлийн үеийн загварын тавилгаар бүрэн тохижуулж  өгсөн гэнэ.

Өнгөрсөн жил Д.Батмөнх хэмээх нэгэн иргэний эхнэр нас бараад хэдхэн хоноод байхад нь гэр нь шатан, дөрвөн хүүхэд, настай ээжийнхээ хамт үлдсэн. “TV5” телевизийн хамт олон түүнд туслах аяныг зохион байгуулж, өргөө цагаан гэртээ болгосныг хүмүүс сайн мэднэ. Д.Батмөнхөд туслах аяныг нээнгүүт хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгасан хүн бол Б.Энхцэцэг. Тэрбээр охиныг нь харах хүнгүй байсан тул тус телевизийн байранд тэвэрч очоод Д.Батмөнхөд хоёр сая төгрөг хандивлажээ. Энэ үеэр “TV5” телевизийнхэн ихэд баярлан түүнээс ярилцлага авах хүсэлт тавихад нь гялс зугтаачихсан гэнэ. Яагаад зугтаасныг нь тодруулахад “Бусдад зүгээр л туслах сайхан. Намайг бусдад тусалсныг бусад хүн мэдэх шаардлагагүй. Би тэгж, ингэж тусалсан гээд сайрхан ярих шиг муухай юм байхгүй. Тиймээс бусдад мэдэгдэхгүй гэсэндээ л зугтаачихсан юм” хэмээн инээмсэглэсэн.

Б.Энхцэцэг “TV5” телевизээс зохион байгуулсан хандивын аянд цөөнгүй удаа сэтгэлийн хандив өргөсөн. Тус телевизийн хамт олон эхнэр нь ослоор нас барж, долоон сартай хүүхдийн хамт модон амбаарт амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Гантулгад туслах аянг өнгөрсөн жил явуулсан. Эл аянд Б.Энхцэцэг нэгдэхдээ түүнд хоёр сая төгрөг хандивлажээ. Үүнийгээ бусдад мэдэгдэхгүйн тулд “TV5” телевизээр дамжуулж өгсөн юм билээ.

Ер нь бусдад туслах, боломжоороо хандив өргөх нь түүний хоёр дахь ажил гэхэд хилсдэхгүй. Цахим ертөнцөөр, зурагтаар сэтгэл эмзэглэм мэдээ гарахад сэтгэл нь их шаналдаг, өөрийн эрхгүй уйлчихдаг гэнэ. Тэгээд бусдад тусалж, дэмжиж байж л санаа нь амардаг юм билээ. Сүүлдээ ч сайн дурын байгууллагынхан түүнийг андахаа байж “За, бид ийм сайн үйлс зохион байгуулж байна. Энэ хүнд маань ийм юм хэрэгтэй байна. Та туслах боломж байна уу” гээд шууд хэлдэг гэнэ. Тэр бүрт нь дургүйцэж, цааргалалгүй харин ч эсрэгээрээ уриалгахан хүлээж аван тусалдаг гэнэ.

Б.Энхцэцэг жилийн өмнө компанийнхаа таван ажилтанд тус бүр нь 16 сая төгрөгийн үнэтэй машин бэлэглэж, урамшуулжээ. Тэгсэн нь тэдэнд их урам өгч, бусад компанийнханд сайхан үлгэр дууриал болсныг “Финанс холдинг”-ийнхон захирлаараа бахархан өгүүлсэн.

ТҮҮНИЙ БИЗНЕСТ ТУЛГАРСАН БЭРХШЭЭЛ

Б.Энхцэцэг энэ мэтээр хоёр жилийн хугацаанд бусдад  270 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлжээ. Жирийн нэгэн иргэний хувьд энэ бол бага тоо биш. Түүний дүү нь эдгээр мэдээллийг бидэнд өгөөд “Юм үнэнээрээ сайхан. Зарим хүн эгчийгээ худлаа рекламдлаа” гэж магадгүй. Манай эгч бол энэ талаар хэзээ ч ярихгүй. Ёстой даруухан, нам жим амьдрахыг хүсдэг хүн” гээд Б.Энхцэцэгийн тусламжийн гараа сунгасан 270 гаруй сая төгрөгийн хуулгыг бидэнд үзүүлсэн юм.

Б.Энхцэцэг энэ онд нэгэн шалтгааны улмаас бусдад өмнөх шигээ төдийлөн тусалж чадахгүй байгаа гэнэ. Тэр нь бизнест нь тулгарсан бэрхшээл. Түүний удирдддаг “Финанс холдинг” компани БНХАУ руу мах экспортолдог. Монголд махны үйлдвэр барихад дөрвөн тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Жирийн нэгэн иргэнд тийм их мөнгө яаж байх билээ. Тиймээс аргагүйн эрхэнд хоёр үйлдвэр түрээслэдэг юм байна, жилд тус бүрийг нь 200 сая төгрөгөөр. Ганцхан жилд түрээсэнд 400 сая төгрөг төлж байхаар өөрийн гэсэн үйлдвэртэй болъё гээд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл хөөцөлдсөн ч олдоогүй гэнэ.

Мэдээж Б.Энхцэцэг өөрийн гэсэн үйлдвэргүй болохоор БНХАУ руу мах шууд экспортлох эрхгүй. Тиймээс өмнөх жилүүдэд бусад компаниудаас квотыг нь худалдаж аваад махаа гаргадаг байж. Гэтэл энэ жил мах үнэтэй, өмнөхөөсөө илүү ашигтай байгаа болохоор ч тэр үү Монголын махны бүх квотыг БНХАУ-ын бэлтэй, танил талтай компаниуд мөнгөөр цохиж аваад, түүнд нэг ч кг махны квот олдоогүй гэнэ. Үүний улмаас тэрбээр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдрэн, туйлдаж явна.

Хамгийн эмгэнэлтэй нь манай улсаас БНХАУ руу мах экспортолдог түүнээс өөр монгол хүн байдаггүй гэнэ. Б.Энхцэцэгийн “Финанс холдинг”-оос бусад бүх компани Хятад эзэнтэй, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулагчтай. Стандартад тэнцэхгүй ганц нэг үйлдвэр байлаа гэхэд хятадууд 1.5-2 сая юанийн хахууль өгөөд, хүссэнийгээ тэнцүүлдэг гэнэ. Тэгээд тэдгээрээ дамжуулан, махаа урагш нь гаргадаг.

Б.ЭНХЦЭЦЭГ ЭНЭ ЖИЛ ГАНЦ Ч КГ МАХ ЭКСПОРТЛОХ КВОТ АВЧ ЧАДААГҮЙ

Б.Энхцэцэг бог, бодын 2500 орчим тонн мах нөөцөлжээ. Түүнийгээ хадгалахын тулд олон зоорь ажиллуулан, хоёр үйлдвэртэйгээ нийлээд тог цахилгааных нь мөнгөнд сар бүр найман сая төгрөг төлдөг гэнэ. Хоёрдугаар сараас хойш ингэж төлж байгаа гээд бодохоор талийх нь ойлгомжтой. Үүний сацуу хоёр үйлдвэрийнх нь жилийн түрээс нь 400 сая. Жирийн нэгэн бизнес эрхлэгчид асар их алдагдал, дарамж тулгарч байгаа нь лавтай.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар түүнээс тодруулахад “Энэ жил ХХААХҮЯ-с сая жилийн эцсийн адууны махны квот гарч нийт 31000 тонн квот гарч экспортлогч аж ахуй нэгжүүдэд хуваарилагдсан, энэ нийт бүгд квотыг БНХАУ-ын иргэд үнээр цохин худалдан авч тухайн аж ахуй нэгжүүдийн нэр дээр хилээр махаа гаргуулсаар ирсэн. Богийн мах ч адилхан. Монгол Улсаас мах экспортод гарч эхэлсэн цагаас л монголд дүрэм журмаараа нэг ч удаа мах экспортлох үйл ажиллагаа явагдаж байгаагүй, одоо ч тэр л хэвээрээ зөвхөн хятадын гар хөл бологсдын халаас зузаарч, монгол иргэдийн эрх ашиг үеийн үед хөндөгдсөөр ирсэн юм.

Чин үнэндээ нэг монгол хүн, нэг ч монгол компани монгол мах экспортлож чадахгүй бүх экспортлогч аж ахуй нэгжүүдийн нэр дээр хятадууд махаа хилээр гаргаж байгаад асуудал оршиж байна. Энэ онд эрх бүхий аж ахуй нэгжүүдийн махны квот олдохгүй байгаа олон шалтгаан бий. Зөвхөн мөнгөтэй 100 хувийн хөрөнгө оруулалттай хятад иргэд хүссэн хэмжээгээрээ квотыг авдаг болсон нь эрх бүхий мэргэжилтэн, мэргэжлийн байгууллагуудтай шууд холбоотой. Монгол Улсын иргэнд хууль дүрэм журам үйлчлээд гадны иргэдэд хууль дүрэм журам үйлчлэхгүй байгаа нь шударга биш байгаа юм. Хятадууд экспортлох эрхгүй үйлдвэрт махаа бэлтгээд хилээр гаргалаа гээд ч асуудал дагуулаагүй.

Монгол Улсаас мах экспортлосон цагаас л ийм байхад монгол хүндээ ч квот өгчихгүй, бүх квотыг хятадууд худалдан авч хууль дүрэм журам зөрчин махаа гаргуулсаар байхад энэ улсын иргэн эх орондоо туйлдаж байгаад үнэхээр их гомдолтой байна. Төр бодлогоо эргэж хараасай. Дийлэнх нь 100 хувийн хятадын хөрөнгө оруулалттай хятад эзэнтэй аж ахуй нэгжүүд байдаг, улс төрчдийн ч компаниуд байгаа. Тэд ч квотоороо хятадуудын худалдан авч бэлтгэсэн махыг хууль дүрэм журамаа зөрчин нэр дээрээ хилээр гаргаж өгдөг” хэмээн нулимс дуслуулан өгүүлэв.

Монголчууд эх орондоо эзэн нь байя хэмээн ярих дуртай. Тэгсэн мөртлөө махны экспорт хятадуудын хараат болсонд олон хүн эмзэглэж явдаг юм билээ. БНХАУ руу ганцхан монгол хүн мах экспортолдог гээд уншигч та бод доо, эмзэглэхгүй байхын аргагүй. Тэгсэн мөртлөө квот аваад бусдад худалддаг дээр дурьдсан Монголын  гурван компаниас хятадуудтай адил үнээр авъя гэхээр өгдөггүй нь бүр ч хачирхалтай. Уг нь монгол хүн монгол хүнээ л дэмжиж, боломжийнхоо хэрээр тусалж баймаар сан. Тэгж байж манай улсын нэг ч атугай иргэн сайхан амьдарна, компани нь хөл дээрээ босно, тэр хэрээр ажилгүйдэл багасна. Эзэнгүй төрийн эмгэнэл салбарт бүрт сүүдрээ тусгаж байгаагийн нэгэн жишээ энэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

30 Сэтгэгдэл

  1. Мундаг эгч байнаа. Ажил үйлсэд гэгээн бүхнийг хүсье. Өмхий Хятадуудын Монгол төр дэмждэгээ хэзээ болих юм бэ?? Иймэрхүү бор зүрхээрэээ яваа жирийн бизнесменүүдээ эхлээд дэмж л дээ…

  2. Мундаг эмэгтэй байна. Төрийн 3өндөрлөгт захиа бичээд хэрэггүй. ЖДҮ гээд айгаад хөдлөхгүй. Харин Улаан сайд болон ЖДҮ санд хүсэлтээ гаргаад Танай сайт , ОюунЭрдэнэ гэгч болон дэмждэг олон нийтийн байгууллага хүмүүс ЖДҮ санд дэмжихийг хүссэн хүсэлтүүдээ өгөх хэрэгтэй. Тэгээд зээлийн ш####гаруул####танд нь ороод(Үйлдвэрийн зээл)цаадуул чинь яахыг харах хэрэгтэй харин танай сайт явцыг хянах хэрэгтэй
    Ийм хүмүүст л сан зориулагдсан. Барьцаа хөрөнгийн хувьд хүрэлцээтэй(Зөвхөн түрээсэнд 400сая төлөх чадвартай юм байна)харагдаж байна

    1. Засаг дарга асан Батсуурь даргадаа хэлээд үзлдээ. нутаг нэгтнийхээ төлөө хөдлөх байлгүйдээ.

  3. Mundag emegtei bn . Gehdee uuchlaarai. Mahaa hyatad ru gargaj yah gd bgan . 3 saya ard chini mahnii une diilehgui tengert garaa biz de mah chini. Arai gej horiglod joohon tanagtai bn . Iim mundag uym chini uur biznes ee hii l de. Ard tumen chini mahaa idmer l bn sh de. Mash ih ashigtai bolohor ulairad bn gej oilgoloo. Hujaa nart mahaa gargahiig demjihgui bnoo . Ta nar gargaad l ehleher mahnii une diilehgui usnu .

  4. Хятадууд манай м####ын махыг урагш гаргаж асар их мөнгө ашиг олдог мөртлөө Манайд ямар татвар төлж, ямар тусламж үзүүлж байгаа вэ?????. Харин Монгол хүн тэр тусмаа ийм өгөөмөр сэтгэлтэй, олсон ашгаа бусаддаа буян болгож өгч бодит хандив тусламж үзүүлж чаддаг энэ эмэгтэйд тэр КВОТ-ыг өгөөсэй. Мөнгө гэдэг чинь хувааж хүртэх капит#### болохоос хуримтлуулж хураадаг хөрөнгө биш шүү. Монгол Хүнээ эхлээд боддог төр засаг байгуулагдаасай даа.

    1. М####аа сайн м####лаад махаа гадагш үнэтэй гаргав#### Монголын ард түмэнд л ашигтай бус уу. Өсөж үрждэг эд. Ялангуяа хонь ямаа. Бэлчээрийн даац хэтрээд байгаа.
      Махыг экспортод гаргадаг болъё гэж хичнээн жил мөрөөдөж бгаа биздээ. М####чдын орлого олох ганц боломж

  5. Одоо ер нь бүх бизнэс ийм л болж байна би хятадаас импортоо барилгын матери#### оруулж ирдэг байлаа одооо га####ь нь аймаар их ямар ч ашиг олохгүй тэгсэн мөртлөө 100 н айлаар хэн бизнес хийж байн хятадууд л хийж байна одоо эрээнээс орж ирж байгаа ачааг хятадууд л га####ийг н хийж байна гаадийн байцаагчид хятадуудаас хахууль авахад амар болоод тэр 100 айлд очоод хараарай монгол сайхан з####уус үрчийсэн хужаа нарын грушик л хийж байна улс төрчид н улс орноо худ####даж идсээр л

    1. Нөлөө бүхий улс төрчдын монголын 3- компани “ Махимпекс” , “ Монгол мах экспо” , “ Жарг####ант махимпекс” зэрэг нь монгол иргэнээ 1- рт тавиж дэмжихгүй байгаа нь харамс####тай байна, нөгөө бэлтэй хятад иргэдийг 1- рт тавиж дэмжсэнээр тэд нийгэмд юу хийж өгсийн бэ улс төрч эрх мэдэлтэнгүүдээ ?

  6. Yagaad Hariin hyataduudad yilchileed Mongol uls irgenee demjihgyi bdag bilee.yyniig holbogdoh baiguullaga anhaaraachee.end yamar neg huuli bus ajillagaa orshij bgaa yum bishyy.

  7. Үнэхээр мундаг эмэгтэй байна. Бахархаж байна. Баяр хүргэе. Цаашдын зорисон зорилго ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсэе.

  8. Энэ сайхан хөдөлмөрч эмэгтэйгээр үнэхээр бахархаж байна. Гэтэл манай нөхдүүдийн зүгээс ямарч дэмжлэг үзүүлэхгүй дарамт үзүүлдэг. Ундармаа гишүүн Та ичээсэй.

  9. Мундаг бүсгүй байна. Төр засаг монгол хүнээ 1т тавих хэрэгтэй штээ яагаад хужаа нарт үйлчлээд байдын бэ

  10. ene emegtei shig eksportloh erhgui hytaduud husseneeree gargaj bna gej bna shde, yamar muuhai yum be mongol hunee ehleed demjeed uguusei doo , amjiltbusgui mini zutgeed bgarai

  11. Ene emegteig taninaa yostoi mundag emegtei olon sain uilsiin ajil hiij bsaniig medne, iim humuus ee demjeed uguusei ! Hytaduud husseneeree gargaj bhad yagaad mongol hun gargaj boldoggui yum be ? Salbariin said ni anhaarah heregtei shde!

  12. Мундаг шүү. Олон хүнд сэтгэл санаа мөнгөн тусламж, эд матери####ын тусл####цаа үзүүлж байхийг харж байсан. Амжилт хүсье!

  13. Ямар мундаг юм бэ . Ийм нийгэмд хэрэгтэй хүмүүсээ дэмжээд өгөөсэй с####барын сайд нь хятадуудыг л дэмжээд байдаг харамс####тай байна….

  14. Үнэхээр мундаг юмаа маш их бахархаж байна, юу хийдгийг нь мэдэхгүй, харин хүнд үнэхээр чин сэтгэлээсээ хандаж тус####дагыг мэднэ, яаж ийм сайхан сэтгэлтэй байдаг юм болоо гэж бодогдох өдөр олон байсан, чамдаа маш их амжилтыг хүсьe, бас маш их баярлаж явдаг шүү.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button