Баян-Өлгийчүүд Улсын мэргэнээ 20 сая төгрөгөөр мялаажээ
Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын Үндэсний сурын харваанд түрүүлж “Улсын мэргэн” цол хүртсэн Нармандахын Алтансүх, Урианхай сурын харваанд түрүүлж "Улсын мэргэн" цол хүртсэн Тавхиагийн Галхүү нарын Баян-Өлгий аймгийн ИТХ, ЗДТГ-аас амжилтыг талархан үнэлж, тус бүр нь 20 сая төгрөгөөр мялаажээ.
Улсын их баяр наадмын үндэсний сурын харваанд 698 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, "Өлгийн мэргэчүүд" багийн харваач Нармандахын Алтансүх 40 сумаас 37 оносон амжилтаар түрүүлж “Улсын мэргэн” цол хүртсэн. Харин урианхай сурын харваанд 330 харваач оролцсоноос тус аймгийн Буянт сумын уугуул, спортын мастер Тавхиагийн Галхүү 24 оноогоор тэргүүлэн, “Улсын мэргэн” цолны эзэн болсон билээ.
Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын 2024 оны 604 дүгээр захирамжаар үндэсний сурын Улсын мэргэн Нармандахын Алтансүх, урианхай сурын Улсын мэргэн Тавхиагийн Галхүү нарын цолын мялаалга наадмыг зохион байгуулах ажлын багийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтохоор ахлуулан байгуулсан байна. Бэлтгэл ажлаа хангасны үндсэнд мялаалга наадмыг Өлгий хотын Сурын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд /2024.09.07-08/ зохион байгуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.