17 дахь хагалгаандаа орохоор БНСУ-ыг зорьж буй 8 настай хүү: Мөрөөдлөө биелүүлээд ээждээ гоё хоол авч өгнө
Түүний ээжийг Г.Уянга гэдэг. Гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Тэрбээр тогооч бөгөөд бага хүүгээ өвдсөнөөс хойш ажлаасаа гарч хоёр жилийн турш асарч байна.
А.Анар-Эрдэнэ хүү зургаан настайдаа буюу нэгдүгээр ангид элсэн ороод сарын дараа бие нь өвдөж бүдүүн гэдэсний түгжрэл гэх онош сонссон аж. Ингээд энэ хугацаанд нийтдээ 16 хагалгаанд ороод байгаа юм. Үүний 15 удаад нь Монголд орсон бол 16 дахь хагалгааа энэ оны хоёрдугаар сард БНСУ-д хийлгэж амжилттай болжээ.

Монгол дахь эхний хагалгаа амжилттай болсон ч бусад хагалгаанууд төдийлөн амжилттай болоогүй тул БНСУ-ыг зорих болсон гэдгээ учирлав. А.Анар-Эрдэнэ хүү одоо найман настай гуравдугаар ангид суралцах ёстой ч ийн биеийн байдлаасаа үүдэн гэртээ дэглэм сахиж байна. Шинэ хичээлийн жилийн эхний өдөр ангидаа очсон ч нэгдүгээр ангиасаа хичээл завсардсан тул гуравдугаар ангийн хичээлийг мэдэхгүй маш их хоцрогдсон гэдгийг түүний ээж хэлсэн юм. Харин ангийнх нь багшийн хувьд эрүүл болоод ирвэл хичээлээ нөхөж заагаад үеийнхэнтэй нь хамд аваад явах боломжийг эрэлхийлнэ гэжээ.
Энэ хүү одоо ээжийн хамт есдүгээр сарын 22-нд БНСУ-ыг зорих бөгөөд хагалгааны нийт зардал 140 сая төгрөг. Тэдний хандивын дансанд өчигдөр өдрийн 14 цагийн байдлаар 55 сая төгрөг цуглараад байсан бол яг одоо 65 сая төгрөг болж өсөөд байна.
Түүний ээж ажил хийж боломжгүй болсон тул гэртээ бууз хийж, гурил хэрчиж зардаг. Ингэхдээ өөрөө автобусаар хүргэдэг, гэрийн нөхцөлд учраас ихээр нь захиалга авдаггүй гэлээ. Харин эгч нь 12 дугаар ангиа төгсөөд дүүдээ туслахаар ажил хийдэг бөгөөд тэд түрээсийн байранд амьдарч байна.
А.Анар-Эрдэнэ "Би эдгэж ирээд хичээлдээ сууж, ангийнхантайгаа хамт цагийг өнгөрүүлмээр байна. Надад тусалж байгаа бүх хүнд баярлалаа. Том болж цагдаа болох мөрөөдлөө биелүүлээд ээждээ гоё хоол авч өгнө. Солонгосоос баяртай мэдээтэй ирнэ ээ" гэв.


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.