Бид Монголдоо #4: Хаягдал цаас, давирхайгаар 34 жил бэлэг дурсгалын монгол хүүхэлдэй, баатар урлаж буй Ш.Баттөр
Eguur News агентлаг эх орондоо сайхан амьдрах боломжийг өөртөө олж нээсэн, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж тодорхой амжилтад хүрсэн иргэн болоод өрхийн үйлдвэрлэгч, ААН-ийг дэмжиж олон нийтэд таниулан үзүүлж, уншуулах зорилгоор "Бид Монголдоо" тогтмол контентыг эхлүүлээд байгаа билээ. Энэ удаа "Бид Монголдоо" контентынхоо дөрөв дэх дугаарт 34 жилийн хугацаанд хаягдал цаас болон хиймэл давирхайгаар 140 гаруй загварын бэлэг дурсгалын бүтээл хийж, тогтмол зах зээлд нийлүүлж буй гар урлаач Ш.Баттөрийг онцолж байна.
-20 наснаасаа эхлээд одоог хүртэл энэ ажлаа хийж байна-
-Баттөр ах ямар мэргэжилтэй вэ. Үндсэн мэргэжил гар урлаач уу?
-Хориод настайдаа гар урлалын үйлдвэрт ажиллаж байсан. Тэнд дадлагажиж иймэрхүү ажил хийж сурсан. Тухайн үед нийгэм жаахан хөрвөөд хүмүүс янз бүрийн л ажил хийж байлаа. Миний хувьд өмнө хэлсэнчлэн үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа шавь сургалтаар яваад гар урлалын мэргэжилтэй болсон.
-Тухай үед гэхээр хэдэн он бэ?
-Ерээд он гэсэн үг. 1990-1995 он хүртэл үйлдвэрээс үйлдвэр дамжаад ажилласан.
-Тэр цаг хугацаанаас хойш гучин жил лав өнгөрчээ?
-Тиймээ энэ ажлаа тасралтгүй хийгээд 33 жил болж байна.
-Эхлээд юу юу хийдэг байв?
-Анх бол сийлбэрчин байлаа. Чулуу, модоор янз бүрийн юм сийлж эхэлсэн. Харин дараа нь цаасаар шуумал хийж сурсан. 2007 оноос хойш орчин үеийн технологиор оролдож байгаа. Хиймэл синтетик материaлаар юм хийж эхэлсэн гэсэн үг.
-Синтетик материал гэдгийг энгийн ойлгомжтойгоор тайлбарлаж өгвөл?
-Бэлэг дурсгал дээр бол хамгийн сүүлийн үеийн технологи. Монголчилбол хиймэл давирхай гэсэн үг л дээ. Шингэн зүйлийг зуураад хэв рүү хийхээр хатуурна.
-Жишээлбэл, энд харагдаж байгаа морьтой баатрыг энэ технологиор хийсэн юм уу?
-Тийм. Цаасан шуумалтайгаа харьцуулбал хүнд. Хиймэл давирхайг шингэн болгож зуураад хэвэнд цутгаад ийм болдог.
-Мэдэхгүй хүн бол анх хараад төмөр, металл зүйлээр хийсэн гэж ойлгох юм байна. Миний нүдэнд тэгж л туслаа?
-Хивэнд цутгаад, хатаад бэлэн болсных нь дараа тусгай металлын будгаар буддаг. Тийм учраас ингэж харагдаж байгаа хэрэг. Би 2000-аад оны үед солонгос багштай байсан. Бид хамтарч үйлдвэр байгуулах гэж явж байгаад тээвэр зуучлалын асуудлаас болоод бүтээгүй юм. Гэхдээ би технологи авч үлдэж чадсан. Ингээд материалыг нь АНУ-аас өөрөө захиалж авчраад үүгээрээ одоог хүртэл жижиг үйлдвэрлэл явуулж байна. Шуумлаасаа гадна.
-1997-1999 онд ганцаараа ийм баатрууд хийж дөрвөн сая төгрөг цуглуулаад өөртөө байр авч байлаа-
-Таны гар дээр байгаа энэ баатрыг бүтээхэд жишээлбэл хэдий хэр хугацааг зарцуулж байна?
-Долоо хоногт 20-30 ширхгийг гаргачихдаг. Харин эхийг нь бэлдэхэд багадаа нэг жилийг зарцуулна. Нарийн деталь ажлууд ихтэй. Эх загвар нь маш хэцүү. Би компьютер, орчин үеийн программ сайн мэдэхгүй учраас бүх сийлбэрээ гараараа хийдэг. Нэг талаараа давуу байдал байж ч магадгүй. Учир нь хүний сэтгэлийн хөдөлгөөн орно, нарийн цэвэр, нямбай байхыг шаарддаг онцлогтой.
-Шуумлын тухайд?
-Шуумал бол цаасаар хийдэг учраас их хөнгөн. Хаягдал цаас, сониноор л хийчихнэ. Гэхдээ ажиллагаа ихтэй. Синтетик материалаар долоо хоногт 20 юм уу 30 ширхгийг хийж байхад цаасан шуумал 3-4-ийг л хийж чаддаг. Тухайн үедээ болж байсан ч одоо үед нийцэхгүй байгаа. Гэхдээ авч яваад гэрээрээ хийж байгаа залуучууд бий бий.
-Нарийн ажиллагаа ихтэй тиймээс уддаг гэлээ. Тодруулбал?
-Ерөөсөө л цаасыг олон давхарлаж хэвэн дээр нааж хийдэг.
-Няслаад, хүрээд үзэхээр санаа гэхэд далны яс шиг санагдсан, надад?
-Яг зөв. Цаасыг олон давхарлаад наачихаар хатаад яс шиг болдог. Маш бөх гэсэн үг. Барагтай бол эвдрэхгүй. Цаас гэдэг чинь их ид шидтэй шүү дээ. Энэ технологи XVII, XVIII зууны үед шашны урлалтай хамт манай улсад нэвтэрсэн. Сүмийн бурхан тахил, цамын бүжиглэдэг баг зэргийг ийм цаасан шуумлаар хийдэг. Хуурай уур амьсгалтай учраас Монголын нөхцөлд их тохирсон. Учир нь цаасан шуумал чийг авахгүй л бол мууддаггүй. Эртний арга л даа.
Үүгээр үйлдвэрлэл явуулах санаа анх 1997 онд гарсан. Өөрсдөө их загвараа хийгээд, технологио боловсруулаад энэ загваруудыг хийж эхэлсэн. Тухайн үед би ганцаараа ажиллаж байсан. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1999 онд жижиг компани байгуулаад 4,5 ажилтантай болсон. Зах зээл дээр ч их эрэлт хэрэгцээтэй болж чадсан. Цамын багаа, хүүхэлдэйгээ хийгээд л. Тэр үед сонин ч элбэг байлаа. Гаднаас үнэтэй түүхий эд татна гэхгүй амар ч байсан. Гадаадын өндөр технологи орохгүй яг үндэсний технологиороо үйлдвэрлэдэг байлаа.
-Тухайн үедээ шинэ санаа, сонин зүйл байжээ?
-1996, 1997 оноос улсын бэлэг дурсгалын дөрөв таван үйлдвэр үндсэндээ ажиллахаа боль эхэлсэн. Тийм учраас энэ төрлийн бүтээлүүд зах зээлд эрэлт хэрэгцээтэй болж ирсэн. Гадаадын жуулчид ирээд байдаг бэлэг дурсгалын үйлдвэрүүд хаалгаа барьчхаад байдаг. Эндээс л бидний ажил ундарч эхэлсэн дээ.
-Тэр үеийн үнэлгээ хэд байв?
-Энэ морьтой баатар л гэхэд 50,000 төгрөгөөр зарагдаж байсан.
-Одоогийнхтой харьцуулаад үзэхээр өндөр үнээр худалдаалдаг байжээ?
-Өндөр байлгүй яах вэ.
-1997 оны 50 мянган төгрөгийг одоогийн ханштай харьцуулбал хэд гэсэн үг вэ?
-Ингээд бод. Би 1997-1999 онд ганцаараа ийм баатар хийгээд дөрвөн сая төгрөг цуглуулаад өөртөө байр авч байлаа. Шууд бэлэн мөнгөө тоолж өгөөд. Тэгэхээр ашигтай байсан байгаа биз. Ингээд 1999 онд байр авангуутаа хувьдаа компани байгуулсан. Ердөө гурав дөрөвхөн жилийн дотор өсөж үржээд 2005 он гэхэд гурван том цехтэй, 18 хүн ажилладаг болчихсон байсан. 2006 онд өөрсдийн гэсэн ажлын байр худалдаж аваад хөл дээрээ боссон. Долоохон жилийн дотор. Одоо ингээд яривал хүмүүс үнэмшихгүй байлгүй дээ /инээв/. Тэгж л ажиллаж байлаа.
-23 хүнтэй компани маань ковидоор хаалгаа бариад нохойтойгоо хоёулхнаа үлдсэн дээ-
-Тэгвэл одоогийн нөхцөлд ямар байна вэ. Та яриа эхлэхийн өмнө ковидоос болоод тарсан гэх шиг болсон?
-Бид цэвэр жуулчдад түшиглэж ажиллаж байсан. Гэтэл ковид дэгдээд нэг ч жуулчингүй болсон. Бид бүх юмаа жуулчинд зориулаад тоноглочихсон. Зохион байгуулалт нь тийм болчихсон байсан. Өвөлдөө юмаа хийж байгаад зун зардаг.
Ковидоос үүдэлтэйгээр бараг гурван жил манай улс жуулчин аваагүй шүү дээ. Тэгээд үндсэндээ хамгийн сүүлийн мөнгөөрөө цалингаа тавиад тарааж байлаа. Гэхдээ эргээд хоёр жилийн өмнөөс жуулчин аваад гайгүй болж эхэлсэн. Энэ жилээс сайхан жигдэрч байна. Тиймээс эхнээс нь сэргээх гэж оролдож л байна. Ковидоос нэг ололттой юм нь цаасан шуумал ер нь зах зээлгүй болж байгаа юм байна гэдгийг олж харсан. Тиймээс сүүлийн үед синтетик материалаар бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэх чиглэлдээ түлхүү анхаарч байна.
-Цаасан шуумал тэгээд зах зээлийн шахаагаар гарч байна уу?
-Ер нь тийм. Цаасан шуумлаар одоо их гоё бүтээлийн шинж чанартай зүйл л хийнэ үү гэхээс үйлдвэрлээд байх боломж нь зах зээлтэйгээ нийцэхээ байсан.
-Сүүлийнхээ мөнгөөр цалингаа тавиад явуулсан гэх тэр үед танайд хэдэн хүн байв?
-Уван цуван гарсаар байгаад арваад хүн үлдсэн байсан. Бүр сүүлдээ хоёр хүнтэй үлдээд тэр хоёртоо хоёр сая төгрөгөө энэ миний хамгийн сүүлийн мөнгө шүү гэж хувааж өгөөд явуулж байлаа. Тэгээд нохойтойгоо хоёулаа л үлдсэн дээ. Оргил үедээ бол 23 хүн ажилладаг байсан.
-Компаниа,үйлдвэрээ дахин босгохоор оролдож байна гэж хэлсэн. Одоо танаас гадна хэдэн хүн байна?
-Ковидын дараа нөөц хөрөнгөгүй учраас байрлуулж ажиллуулах боломж байгаагүй. Даатгал, татварыг нь ч төлөх боломжгүй учраас загвараа өгөөд гэрээр нь хийлгэдэг болсон. Цаасан шуумлыг гэрийн нөхцөлд хийх боломжтой, хүнд хор нөлөөгүй учраас ганц хоёр хүнийг ингэж шийдэж байна. Харин үнэр гардаг, агааржуулагч шаардлагатай синтетик материалаар хийхээ эндээ аваад үлдчихсэн.
-Шуумлыг сонингоос өөр цаасаар хийж болдог уу?
-Олон давхарлаж наадаг учраас сонины цаас л хамгийн тохиромжтой.
-Сонин нэг үеэ бодвол ховор болсон. Хаанаас авч байна?
-Байна байна. Сая сонгууль гээд айлуудаар олон сонин тараасан. Үлдэгдлээс нь ачаад ирсэн. 2-3 жилийн нөөцтэй болсон. Үгүй бол одоогийн нөхцөлд олдохоо байж ч мэдэхээр болж байна.
-Давирхаа гэхээр бас сонирхол татаж байна. Бидний мэдэх давирхаанаас ялгаатай гэж ойлгож байна, зөв үү?
-Энэ яг давирхай бол биш. Гэхдээ давирхай наранд хайлж урсаад хүйтэн сэрүүн нөхцөлд оронгуутаа хэлбэрээ хадгалаад царцдаг. Яг тэр шинж чанарыг хиймлээр дуурайлгаж хийсэн материал гэсэн үг. Синтетик гэдэг маань.
Тухайлбал энэ материал Хятадад байгаа. Гэхдээ нэлээн үнэртэй, айлын гэрт тавихад хортой гэж үздэг. Тийм учраас АНУ-аас шаардлага хангасан стандартын материалыг нь авчирдаг.
-Үнэтэй юу?
-Гайгүй ээ. Өндөр үнэтэй биш. Гэхдээ цаасан шуумлаа бодвол хамаагүй үнэтэй.
-Синтетик материалаар хийсэн эдгээр баатруудыг одоогийн зах зээл дээр хэдээр худалдаалж байна. Эрэлт боломжийн байна уу?
-Сайн шүү. Хийсэн болгоноо борлуулж чаддаг. Ямар ч байсан сурталчилгаа өгөөд энийг аваач ээ гээд байх шаардлагагүй. Үйлдвэрлэж л чадвал тэр хэмжээгээр зах зээл бий. Ганц энэ баатраар тогтохгүй олон өөр хувилбарууд бий.
-30 жил хүнд зориулж юм хийлээ. Одоо үлдсэн насаа өөртөө зориулж бүтээл хийнэ-
-Зах зээл дээр боломж байна. Үүнийг та өөрөө мэдэрчихсэн, мэдэж байгаа учраас ингэж хэлж байгаа байх. Буцаад өмнөх шигээ өргөжих бодол байгаа юу?
-Би бол энд ажиллаж байгаа залуучууддаа боломж тавиад өөрсдөө юмаа хийцгээ гэж байгаа. Миний хувьд 50 гарчихсан. Залуу үе шигээ соргог хүлээж аваад шууд хийдэг цаг өнгөрсөн. Эд нартайгаа мөр зэрэгцэж чадахгүй шүү дээ. Надад одоо идэвхтэй ажиллах 10-аад жил л үлдэж байна. Энэ хугацаагаа арай өөрөөр илүү бүтээлийн чанартай, сурсан мэдсэнээ бүгдийг нь шингээсэн аятайхан бүтээл хийхэд зарцуулна. Өөрөөр хэлбэл 30 жил хүнд зориулж юм хийлээ. Одоо үлдсэн энэ хугацаагаа өөртөө зориулж юм хийхэд ашиглана. Өөртөө зориулж юм хийхээр жаргал, жинхэнэ кайфыг мэдэрнэ шүү дээ. Том машин, байшин, тооны төлөө явсаар байгаад амьдралаа дуусгах чинь хямдхан зүйл. Залуугийнх шигээ бужигнатал юмаа хийгээд, баахан мөнгө хөөцөлдөөд байх хүсэл угаасаа үгүй болчихдог юм байна лээ, шаардлага ч байхгүй.
-Гэхдээ энэ олон жилийн хугацаанд та ажлаасаа уйдаагүй байх. Тиймээс ч өнөөдрийг хүртэл энэ ажлаа хийж байгаа байх?
-Бурхнаас хүнд хийх ёстой үүргийг нь өгч явуулдаг гэдэг. Магадгүй миний үүрэг бэлэг дурсгалын зүйл хийж хүмүүсийг баярлуулах байсан юм байлгүй. Мэдээж дуртай ажил, мэргэжил минь учраас уйдах шалтгаан байхгүй ээ. Энэ 30 гаруй жил сайхан өнгөрсөн.
-Танд энэ ажлыг хийхээс өөр сонголт тухайн үед байсан уу?
-Байгаагүй. 1990 онд цаг үе хөрвөөгөөд бүх улсын үйлдвэрүүд хаагдсан. Дотор нь ажиллаж байсан учраас дагаад ажилгүй болсон. Тэглээ ч чаддаг юмаа үргэлжлүүлээд хийхээс өөр сонголт байгаагүй. Одоогийнх шиг энэ ажлаас гарлаа, тэр ажилд орно гэх сонголт бидэнд байсангүй. Тухайн үед цаг их хатуу, бүх хүн ажилгүй болсон. Ингээд ирэхээр сурсан мэдсэнээ ашиглаж амьдрах л сонголт үлдэж байгаа юм.
-Монголд энэ төрлийн бэлэг дурсгалын зүйл хийж байгаа олон газар байна уу?
-Өө, бий бий. Сайхан сайхан урчууд зөндөө болж байна. Сайхан им их хийж байна. Зүгээр цаасан шуумал гээд онцлоод яривал нэг их байхгүй болов уу. Урлалын үйлдвэрүүд бол олон.
-Олон гэхээр өрсөлдөөн мэдээж байгаа. Гэхдээ тантай ярилцаад суухаар энэ мэт зүйлээс яагаад ч юм хол санагдаад байх юм?
-Хүмүүс ингэж ойлгоод байдаг. Ялангуяа 20-30 насны залуучууд Монголд амьдрал алга, амьдрах нөхцөл гэж их ярьдаг. Ингэж яриад хэрэггүй. Хүн өөртөө боломж нээж ёстой. Тодорхой ур чадварыг эзэмшчихсэн тохиолдолд тэр хүнд боломжууд өөрөө хаалгаа нээгээд эхэлдэг. Яг тодорхой зүйлээ олж хараад ур чадвар эзэмшчихвэл манайх шиг зах зээлтэй, боломжтой орон байхгүй. Яагаад гэвэл бүх зүйл шинээрээ, тултал хөгжөөгүй учраас юу л хийнэ боломж болоод гараад ирнэ. Жишээ нь би энд цаасан шуумал дээр өрсөлдөгч алга гээд яриад сууж байх жишээний. Хятад юм уу Орост байсан бол алалцаж байгаа шүү дээ.
-Бэлэг дурсгалын зориулалтаар үйлдвэрлэж байгаа эдгээр зүйлсийг хэдэн өөр загвар, хийц, төрлөөр зах зээлд гараж байна?
-Яг бэлэг дурсгалын гэвэл 140 орчим загвар байна. Зах зээлтэйгээ зохицохгүй, ганцхан ширхгийг үйлдвэрлээд зогсчихсон нь ч бий. 12-13 мянган загвар хийгдсэн загварууд ч байгаа.
-Одоо захиалга авч байна уу эсвэл бусад газруудад нийлүүлж байна уу?
-Манайх Улсын их дэлгүүрт өөрийн гэсэн нэрийн лангуутай. Тийм учраас тэндээ борлуулчихдаг. Жуулчны улирлаар эрэлт хэрэгцээ их өндөр. Тэдний онцлогт тохирсон байдлаар олон загвараар үйлдвэрлэнэ гэдэг бас их амаргүй. Жишээ нь жуулчдын хүүхдүүд бол жижигхэн монгол хүүхэлдэйг их авна. Хол олон газраа явах хүн бол бас их томыг нь авдаггүй. Том дарга нар ирвэл хамгийн үнэтэй, сүрлэг харагдах томыг нь авдаг гэдэг ч юм уу. Эрэлт хэрэгцээний хувьд ийм онцлог ялгаатай байдаг.
-Жуулчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэхээс гадна эх орноо сурталчилж байна шүү дээ. Тиймээс ширхэг бүр дээр харахад л шууд Монгол гэдэг хэв маяг, онцлог мэдрэгдэж байхаар нарийн деталь зүйлсийг шигтгэх нь ур дүй, мэдрэмж давхар шаарддаг байх. Санаа илэрхийлэмжүүдээ хэрхэн олж байв?
-Манай Монгол чинь өөрөө их баялаг түүхтэй, ёс уламжлалтай, онцлогтой. Үндэсний дээл хувцас л гэхэд алт, мөнгөн чимэглэл, гоёл зүүсгэлтэй. Тиймээс энэ бүхнийг гоё урлаад гаргаад тавихад л жуулчид гайхаад шүүрээд авдаг. Жишээлбэл Чингис хааны түүхийг дэлхий нийтээрээ бараг мэддэг. Бидний морьтой баатрууд урладаг ч мэдээж түүхтэйгээ холбоотой байж таарна. Гэхчлэн сэдэв, санаагаар огт хомстдоггүй. Дандаа булаг шиг оргилж байдаг.
-Монголд сайхан ааруул хийгээд, арьс шир боловсруулсан ч мөнгө болгох боломжтой-
-Танд энэ бэлэг дурсгалын зүйлүүдээс өөр сонирхож хийдэг, хобби бий юу?
-Байна аа. Жишээ нь би багадаа 40 мянгатад өссөн. Техникчдийн дугуйланд явдаг байсан. Үүнтэй холбоотойгоор техникийн загвар их сонирхдог. Ажлынхаа хажуугаар угсраад суухад зугаатай байдаг. Амралтын журмаар гэсэн үг.
-Машины жижиг загваруудыг угсардаг гэсэн үг үү?
-Пластик буюу хуванцар загвар гэж нэрлэдэг. Жинхэнэ юм шиг жижиг загваруудыг нь угсарч цуглуулах хоббитой. Нисэх онгоц, танк, байлдааны текникүүд, машин гээд янз бүрээрээ байгаа. Угсарсан 40, 50 загвар бий шүү. Энд бол алга. Давхар техникийнх нь түүхийг судална. Будаж шунхадна. Ингээд суух гоё. Ер нь уйдах зав гардаггүй дээ. Бүр боломгүй бол ном уншина. Ямартай ч гадуур архи дарс уугаад явдаггүй. Архи энэ тэрийг мэдэхгүй ээ.
-Ярианы төгсгөлд бидэнд Монголдоо сайхан амьдрах боломж үнэхээр бий юу. Боломжийг хэрхэн бий болгох тухай асуумаар байна?
-Боломжтой байлгүй яах вэ. Гол нь юу ч хийлгүй суугаад байвал боломж байхгүй. Яагаад гэвэл өөрөө очиж нээхгүй байгаа учраас боломж гарч ирэхгүй. Нээхийн тулд тодорхой ур чадвар эзэмших хэрэгтэй. Ур чадвар эзэмшихийн тулд, хэн нэг хүнээс юм сурахын тулд тэр хүнээс өндөр цалин аваад байж болохгүй шүү дээ. Учир нь тухайн хүн чамд зааж байгаа тэр ур чадвараа эзэмшүүлэхийн тулд маш их хөдөлмөрлөж, зүтгэсэн байж таарна. Түүнээсээ тэр хүн өөрөө бас үр ашгаа хүртэх ёстой. Би ч ийм журмаар л явж ирсэн. Заах зүйлээ заачхаад за чи одоо өөрөө юмаа хийгээд явж болно гээд тавиад явуулдаг гэдэг ч юм уу.
Мөн дээрээс нь энэ их баялаг түүхтэй ёс уламжлалаа сайн анзаарах хэрэгтэй. Тэгж чадвал маш их боломж бий. Жишээ нь сайхан ааруул хийхэд л мөнгө болгож болно. Арьс шир ч боловсруулсан ялгаагүй мөнгө л болно. Ийм наад захын байдаг юм шиг зүйлүүдээс боломжийг бий болгож болдог шүү л гэж залуучууддаа хэлье. Заавал ийм юм хий гэсэн үг биш шүү.
Бид Монголдоо контентын эхний гурван дугаарыг доорх линкүүдээр уншаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mundag hun bn. Amjilt huseye
Чимээгүй хөдөлмөрлөдөг ийм хүмүүс сайхан шүү
Сайхан байноо. Мундаг мундаг. Өөр юу хэлхэв. Хийдгийн өмнө бөхийе. Амжилт
Баярл�##�аа. Сайхан юм бүтээж санасандаа хүрсэн хүмүүсийн амьдр�##�ын түүх, хөдөлмөр бүтээл, сэтгэл сэрхийлгэсэн үнэнийг уншихад дотор гэрэлтээд сайхан. Цааш нь бичээд байгаарай
Ваав! Энэ Баттөр гэдэг хүний утас байна уу?
Энэ маш сайн з�##�уу байна. бид ийм хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Гадаадын хог авсанд орвол энэ з�##�уугийн бүтээлийг авсан нь дээр шүү
Төр энэ мундаг хүмүүсээ яагаад дэмждэггүй юм бол?
хээн морьой хүнээс өөрөө маш гоё зүйл дүрсжүүлж хиймээр байнадаа.