О.Хулан: Алдаа, оноотой минь хайрлаарай. Бид илүү хичээх болно
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй Aзи тивийн аварга шалгаруулах "B" дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн дөрөвдүгээр сарын 11-13-нд M Bank arena-д болно. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүн зарлагдаж, өнөөдөр тоглолтын өмсгөлөө гардан авлаа.
Багийн үндсэн бүрэлдэхүүнд:
- М.Булбул /Омни Хүлэгүүд/,
- Н.Нандинхүсэл /Улаанбаатар амазонс/,
- О.Хулан / "Ухань Шенфан"/,
- Б.Болор-Эрдэнэ /Аравт/,
- Б.Ариунцэцэг /Улаанбаатар амазонс/,
- Ц.Болорцэцэг /Улаанбаатар амазонс/,
- Б.Болор-Эрдэнэ /Улаанбаатар амазонс/,
- Б.Жавзандулам /Royal Gulls/,
- Б.Өнөрзаяа /Аравт/,
- Б.Цацрал /Омни Хүлэгүүд/,
- Э.Нарангоо /Аоде Винкс/,
- Ц.Үлэмж /Омни Хүлэгүүд/ нар багтжээ.
Манай улсын эмэгтэй шигшээ баг Тайвань, Хонконгийн шигшээ багуудтай цор ганц эрхийн төлөө өрсөлдөх бөгөөд 4 сарын 12-нд Хонконгийн багтай, 4 сарын 13-нд Тайванийн багтай нутагтаа тоглох юм.
Шигшээ багийн тамирчид өдөр бүр 4-5 цагийн бэлтгэл хийж байгаа бөгөөд дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд ахлах дасгалжуулагч Ч.Ижилболд, Г.Ундрах, Б.Баярбат, Б.Алтанзаяа нар багтаж буй.
Ийнхүү бид бэлтгэлийн үеэр очиж, тамирчид болон дасгалжуулагч нартай цөөн хором ярилцлаа.
-О.Хулан: Сүүлийн хоёр жил л манай эмэгтэй багууд хөгжиж байна. Дүү нар маань ийм сайн суурин дээр тоглоод, илүү мундаг болох байх-
-Юун түрүүнд шигшээ багийн бүрэлдэхүүнд шалгарсанд баяр хүргэе. Aзи тивийн аварга шалгаруулах "B" дивизоны Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн манай улсад анх удаагаа зохиогдох гэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Маш гайхалтай сайхан байна. Баг бүрэлдэхүүндээ нэгдсэнд их баяртай байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо сүүлийн жилүүдэд эмэгтэй баг тамирчидаа анхаарал хандуулж, үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Энэ нь тамирчдын ур чадварт маш сайнаар нөлөөлж байна. Анх удаа энэ тэмцээн манай улсад зохиогдож, бид талбайн эзэн болж, эх орондоо тоглолт хийнэ гэдэг бол тамирчдын сэтгэлзүйд ч сайнаар нөлөөлж байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Таны хувьд эмэгтэй лигийн үеэр БНХАУ-д тоглож байсан. Ер нь гадаадын орны баг тамирчидтай манай улсын багууд хэдий хэр зайтай байна вэ?
-Гоё асуулт байна. Ерөнхийдөө харьцуулашгүй. Гэхдээ хөгжил нь орой эхэлсэн ч манай тамирчдын сурах, тэмүүлэх хүсэл асар өндөр. Үүгээрээ илүүрхэж байгаа учраас хэдхэн жилийн дараа араас нь нэхэж, очно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
-Тамирчид сэтгэлзүйгээ хэрхэн барьж, дарж зохицуулдаг вэ. Талбайн эзэн болно гэдэг бол юм юмаараа илүүрхэх боломжтой гэж харж байна?
-Би бусдаасаа илүү сэтгэлийн хөдөлгөөн өндөр. Тиймээс үүн дээрээ их ажиллаж байгаа. Гадаадад тоглолт хийж байхад торгууль шидэх үед "Үү" гээд орилох нь нэг талдаа сэтгэлзүйд нөлөөлдөг. Харин энэ удаа эх орондоо тоглолт хийх учир талбайн эзэн багийнхаа давуу талыг ашиглаж, сэтгэлзүйн маш өндөр бэлтгэлтэйгээр тоглолтдоо оролцоно. Цаашдаа ч мөн эх орныхоо нэрийг гаргаж, ази, дэлхийн тавцанд гаргахы төлөө хичээнэ ээ.
-Үзэгч, фанатууддаа хандаж үг хэлвэл?
-Алдаа, оноотой минь хайрлаарай. Бид улам сайжрах болно. Биднийг ирж, дэмжээрэй. Заал дүүрэн монголчууд байгаасай гэж хүсэж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.