Хууль

ТӨХК-иудын томилгоонд сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зарлаагүй зэрэг олон зөрчил илэрчээ

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8600 гаруй иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэж, тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг хянаж томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэв.

Энэ хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэх буюу нэр дэвшигч нь өөрийн хамаарал бүхий этгээдийг шууд захирах буюу шууд хяналт тавих нэгжид ажиллахаар нэр дэвшсэн, ажиллах байгууллага, салбар нэгжийн үйл ажиллагаа, чиг үүрэгтэй холбоотой чиглэлээр өмнө нь хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллага үүсгэн байгуулсан, удирдах бүтцэд болон эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй, мөн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй, өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт шүүхээр ял шийтгэгдэж байсан, Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг зөрчиж буй зэрэг 590 зөрчлийг тогтоож анхааруулсан байна.

Тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх тухай нийт 31 нэр дэвшигчийн талаарх дүгнэлтийг гаргаж томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэний дийлэнх хувийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, нутгийн захиргааны байгууллага эзэлж байна. Тухайлбал

  • “Цемент шохой” ТӨХК,
  • “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК,
  • “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, 
  • “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, 
  • Эрүүл мэндийн яам,
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар,
  • Өвөрхангай аймгийн ИТХ, Баянхонгор аймгийн ИТХ,
  • Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллага байна.

Ялангуяа төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагад удирдах албан тушаалтныг томилохдоо сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зарлахгүйгээр тухайн албан тушаалд шууд томилох, хуульд заасан шаардлага хангаагүй нэр дэвшигчийг томилох, улмаар энэ нь тухайн албанд томилогдсон албан тушаалтнууд нь хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлдэг, цаашлаад авлигын гэмт хэрэгт өртөх эрсдэлийг бий болгож байна.

АТГ-аас хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн этгээдийг нийтийн албанд томилон ажиллуулж байгаа зөрчлийг арилгуулахаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад албан бичиг хүргүүллээ. Цаашид нийтийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод болгох, удирдах албан тушаалтны авлигын эсрэг манлайлал, ёс зүйн байдлыг дээшлүүлэх, ялангуяа хууль бус зөрчил гаргаж төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг нийтийн албанд нэр дэвшүүлэхгүй, томилохгүй байх талаар холбогдох байгууллагуудад  тодорхой үүрэг, чиглэл өгчээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button