МУИС Азийн эрэмбэд анх удаа багтаж, 853 сургуулиас 601+ байр эзэллээ

МУИС анх удаа дэлхийн их сургуулиудын чансаа тогтоодог нэр хүндтэй байгууллагуудын нэг болох Times Higher Education (THE) байгууллагаар 2024 оны 10 дугаар сард үнэлүүлэн “Дэлхийн их сургуулиудын эрэмбэ-2025” жагсаалтад 1501+ байр эзэлсэн.
THE байгууллагын дэлхийн их сургуулиудын эрэмбэд багтахын тулд долоон суурь шалгуурыг хангасан байх ёстой бөгөөд МУИС эдгээр шалгуураас хамгийн чухал үзүүлэлтүүд болох сүүлийн таван жилд скопусын мэдээллийн санд бүртгэлтэй нийт 1000+ эрдэм шинжилгээний бүтээлтэй байхаас 1002 бүтээлтэйгээр, мөн салбарт тавих шалгуурын нэг болох байгалийн шинжлэлийн салбарын ухааны чиглэлээр 500+ бүтээлтэй байхаас 576 бүтээлтэйгээр шалгуурыг хангаж эрэмбийн жагсаалтад багтсан юм.
Тэгвэл энэ сард Times Higher Education байгууллагаас Азийн их сургуулиудын эрэмбэ-2025 үр дүнг зарласан бөгөөд МУИС уг эрэмбэд анх удаа багтаж 35 улсын 853 болзол хангасан сургуулиас 601+ байрыг эзэлсэн байна. Азийн их сургуулиудын эрэмбийн метрикүүд нь дэлхийн их сургуулиудын эрэмбэтэй ижил боловч үнэлгээний тоон аргачлал буюу метрикийн эзлэх жинг ялгаатайгаар авч үзсэн байна.
МУИС хоёр дахь удаагаа Times Higher Education үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхээр 2025 оны 3 дугаар сард холбогдох өгөгдлөө мэдүүлээд байгаа бөгөөд Дэлхийн их сургуулиудын эрэмбэ-2026 үр дүн 10 дугаар сард зарлагдах юм.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.