НИЙГЭМНИЙСЛЭЛСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: 200 төгрөгөөр хоногийн хоолоо залгуулж, богийн зүрхээр гол зогоож байна

“Иргэд талхаа таллаж, боорцогоо ширхэглэж, тосоо граммлаж, нохойн хоолоор өл залгуулж байна” гэх ганц өгүүлбэр биднийг өнөөдрийн сурвалжилгаа бэлтгэхэд хөтөлсөн юм.

Өнөөдөр гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэх статистикийн хорооны судалгаатай бид эвлэрчээ. Энд бид том том тоо, статистик мэдээлэл дурдах нь илүүц биз.

Улаанбаатарын гэр хорооллынхон, тэр дундаа захын хорооллынхны амьдрал тартагтаа тулж, хоногийн хоолоо арай ядан залгуулж байгаа нь үнэн. Албан тасалгааны цонхоор ардын амьдрал харагдахгүй, алхаад очиход захын гэр хороолол дунд л жинхэнэ амьдрал харагдана.

Үүний тулд бид Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр буюу бидний Улаанчулуутын хогийн цэгийн ойролцоох газрыг зорьсон юм. Хогийн цэгтэй хаяа дэрлэх дэлгүүрүүдээр явж, ганц нэгхэн таарах иргэдтэй уулзсан юм.

Гэр хорооллын гудамж эзэнгүй мэт эл хуль. Хаа сайгүй золбин ноход хоол хайн шогшиж, дуу өгөн боргоно. Хар хэрээ жалгын хогон дээр суучихаад өвлийн хүйтэнд вааглах нь айдастай. Утаа үнэртэж, ханхай оргисон гудамжаар уулын орой дээр шахуу барьсан гэрүүд сүүмийнэ. Ийн явсаар бид хамгийн эхлээд Улаанчулуутын хамгийн эцсийн дэлгүүр болох “Ханантын өвөр” гэх дэлгүүрт орсон юм.

-ХОЁР ТӨМС, НЭГ ЛУУВАН ГЭХЧЛЭН ШИРХЭГЛЭЖ АВАХ НЬ ХАМГИЙН ЭЛБЭГ-

“Хүмүүсийн худалдан авах чадвар маш муу байна” гэж дэлгүүрийн худалдагч эмэгтэй Л халаглан ярих. Манайх өмнө нь ууттай гөөхий ширхэглэж, тос граммлаж зардаг байсан. Одоо больчихсон. Айлуудын ихэнх нь хоолныхоо материалыг өдөр өдөрт нь бага хэмжээгээр граммлаж, ганц хоёрхноор л ширхэглэж авдаг гэв.

“Лууван, хоёр ширхэг жижиг төмс, нэг багахаан сонгино нийлээд ойролцоогоор 200-300 төгрөг л болдог. Худалдан авах чадвар муутай айлууд ингэж авах нь элбэг”.

Ингэж хэлээд тэр жижигхэн хоёр төмс, нэг лууван, нэг сонгино хил дээр тавьчхаад “Харж байна уу 200 төгрөг л болж байна” гэсэн юм.

Өдөрт ердөө 200-хан төгрөгөөр голоо зогоож, өл залгуулж байна шүү дээ. Мах, гурил гэрт нь байгаа гэж тооцвол. Гэхдээ үүгээр багахан хэмжээтэй нэг хоол хийнэ. Эсвэл их хоолыг дөнгөж амтлах хэмжээний л ногоо аж. Бөөн бөөнөөр нь худалдан авах чадвар байдаггүй юм уу бүү мэд ихэвчлэн тэгж л авдаг гэв.

Худалдагч эмэгтэй “Өрийн дэвтэр байгаа. Танихгүй гэхээсээ илүү таньдаг хүмүүстээ л зээлийн бараа өгдөг. Буцааж өрөө цуглуулах гэж өгснөөсөө илүү л бөөн юм болдог” гэж ярьж байлаа. Эл дэлгүүрт тамхи асуух 60 гаруй насны эрэгтэйгээс өөр хүн орж ирсэнгүй.

-БОГ МАЛЫН НЭГ ШИРХЭГ ЗҮРХЭЭР НЭГ ӨДРИЙН ХООЛОО АРГАЦААДАГ-

Мөн бид “Алтан овоо” дэлгүүрт орлоо. Биднийг ороход талх, будааны хүргэлтийн жолоочоос өөр, үйлчлүүлэгч байсангүй. Иргэдийн гол хэрэглээ болох мах махан бүтээгдэхүүн зарж буй эсэхийг анзаарлаа. “Талх таллаж, боорцог ширхэглэж зарах нь ч юу юм бэ. Ууттай боорцог задалдаггүй. Задаллаа гэхэд зарагдах аргагүй. Харин хүнсний ногоо л ширхэглэж зардаг. Мөн хамгийн бага савлагаатай нэг кг гурил, хагас кг будаа авах нь элбэг. Хүмүүс бөөнөөр нь авахаас илүү, ширхэглэж, бага хэмжээтэйгээр авдаг. Харин баяр ёслолын үеэр хүнсээ бөөнөөр нь авч баярлацгаах нь олон, хөөрхий” гэлээ.

Эднийх харин бог малын зүрх, толгойн махан таташ зардаг аж. Бог малын зүрх нэг килограмм нь 5,500 төгрөгөөр зарагддаг ба ширхэглэж авах нь олон гэнэ. Бог малын нэг ширхэг зүрхээр нэг л удаагийн хоолоо хийгээд идчихдэг айл олон аж. Мөн эднийх толгойн махан таташ зардаг юм байна. Нэг жижиг ууттай таташ 1500 төгрөг бөгөөд хамгийн хямдхан махны нэг. Энэ нь хүмүүсийн худалдан авах хэмжээнд тааруулан савласан байдал аж.

Ийн ярьж зогстол 3-4 насны шар дээлтэй хүү ээжтэйгээ хөтлөлцсөөр орж ирэв. Бяцхан жаал 500 төгрөгийн “Бамбар” зайрмаг авах гэж зүтгэсэн ч “Ээжид нь 200-хан төгрөг байна. Энэ жижигхэн хөөрхөн зайрмаг авчих” гэх ээжийнхээ үгэнд буулт хийж харагдав. Тэгээд тэд зайрмагныхаа мөнгийг өгөөд бушуухан гэгч гарч одсон юм.

Эл хоёр дэлгүүрээс харахад мэдээж иргэд хэмнэх гэсэндээ биш халаасандаа байгаа мөнгөнийхөө хэмжээгээр л худалдан авалт хийж байгаа гэх дүгнэлт юм. Нэг төмс, лууван, талхны талаар өл залгуулж буй эгэл жирийн иргэд.

“УЛААНЧУЛУУТЫНХАН БАЯН, БУСАД БООРЦГИЙГ ГОЛЖ “ӨГӨӨЖ”-ИЙН БООРЦОГ Л ИДНЭ ГЭЭЧ”-

Харин гурав дахь дэлгүүрийн эзэд их л уриалгахнаар хүлээн авч, асуусан асуулт бүрд чинь хариулъя гэв. Талх таллаж, боорцог ширхэглэж иддэг амьдралтай хүмүүс хэр олон байдаг талаар асуухад “манай эндхийхэн тийм ч тартагтаа тулсан ядуу биш” гэсэн юм.

Худалдагч эмээ Г “Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг хүмүүсийг та нар ядуу гэж бодож байна уу. Тийм биш. Эндэхийнхэн баян. Хамгийн багадаа л өдөрт 15-20 мянган төгрөг олдог. Хогоо тушаагаад шүү дээ. Хэрэглээ нь ч тансаг. “Өгөөж”-ийн боорцгоос бусдыг нь голоод идэхгүй гээч. Ямар сайндаа л бид Өгөөжөөс өөр боорцог авч ирэхгүй байх вэ дээ” хэмээн инээсээр, орж ирсэн худалдан авагчтай ярьж цаашлав.

НОХОЙН ХООЛООР ӨЛ ЗАЛГУУЛАГЧИД

Бидний дараагийн очсон цэг Долоон буудал. Энд их хотын амьдралын нэгээхэн хэсэг буцалдаг. Автобусны буудал дээр буухад л шулсан хэрзгэр яс зарах хэдэн иргэд шууд л нүдэнд тусна. Өрх толгойлсон, тэтгэвэртээ гарсан эмэгтэйчүүд тэнд суудаг.

Тэд нохойн хоол гэгддэг малын уушги, элэгнээс бүрдсэн “жижиглэн”-г 1000-1500 төгрөгөөр зарж байна. Хэдий “нохойн хоол” нэртэй ч үүгээр хоногийн хоолоо аргацааж амьдардаг өрх айлууд бий. Бүр ууталсан хоосон яс, нохойн хоол гэгддэг жижиглэнг аваад дээр нь ганц ширхэг төмс, лууван аваад будаа хаяад иддэг айлууд бий.

Нохойн хоол зардаг худалдаачдын зарим нь “Үүнийг нохой хүртэл даахгүй, тоож идэхгүй том том яс. Гэвч нохой ч тоож идэхгүй зүйлээр хүмүүс хоол хийж идэж байна шүү дээ. Бид зүгээр л нохойн хоол худалдаалж байна. Харин иргэд өөрсдөө мөнгөгүй учир арай хямдханаар нь үүнийг авдаг юм. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт ядуурч байна. Энэ байдлыг төрийн эрх бүхий удирдлагууд харах хэрэгтэй” гэцгээж байв.

Биднийг сурвалжилга хийж зогсоход 4-5 худалдан авагч таарсан юм. 50 настай н.Чимэгсүрэн гэх эмэгтэй: Махны үнэ тэнгэрт хадахад л бид мах авч дийлэхээ байсан. Бод малын өвчүү аваад буцалгаж шөл гаргаад хэдэн үр хүүхдээ тэжээж байна даа гэж товчхон ярьснаас өөрөөр илүүг ярьсангүй.

ТӨГСГӨЛГҮЙ ТӨГСГӨЛД: СЭТГҮҮЛЧИЙН ҮГ-

Манай хотын иргэд амьдралын зиндаагаараа гурав ангилагдаж байна. Эхнийх нь баячууд, дараагийнх нь орох орон, унах унаагаа арай гэж олж авсан дундчууд. Мэдээж сүүлийнх нь ядуус. Толгой шулж, тэрэг түрж, машин угааж, траншейнд амь зогоож, гэмтлийн эмнэлэг эрүүлжүүлэхэд толгой хорогдогсод ч бий. Гэхдээ олон хоног биш.

Нэг хэсэг нь улам тасран цойлж, энгийн амьдралын зовлон зүдүүр, өвчин зовлонг ч мартан сагаж, нөгөө хэсэг нь үг дуугүй ажлаа хийсэн болж, шүд зуун алхалж, үлдсэн хэсгийнхэн маань үр хүүхдээ галд алдаж, угаартаж, үхэл хагацал, өвчин зовлон, үгүйрэл гансралд өвдөг бохирон унаж байна.

Сайхан амьдрах гэж чадлаараа хичээгээд ч олсон мөнгө нь хаанаа ч хүрдэггүй хүмүүс гэр хорооллоор дүүрэн байна.

Таг

Холбоотой мэдээ

9
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
6 Сэтгэгдлүүд
3 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Сэтгэл минь өвдөж байна
Сэтгэл минь өвдөж байна

Өр өвдөж ,сэтгэл сэмрэх юм.өөр хэлэх үг алга.Тэр СТАТИСТИК ийн хороо гэж дарга нарт манай монголын 1 өрх дундажаар 1300000 төг орлоготой гэ

иргэн
иргэн

1.300.000.000 төгрөгийг тоолж үзээгүй хүмүүс 30-40% байгаа шүү.Статистикаар сарын тэрбум төгрөгийн орлоготой 100 айлийг оруулаад байна.

Зочин
Зочин

Статистик худлаа шүүдээ

Зочин
Зочин

????Ядуу хүнгүй улс орон гэж дэлхийд байхгүй дээ. ХУвь хүмүүс бас арчаатай байх хэрэгтэй дээ…Айлын мал малласан ч хүн хоолтойгоо л байна.

иргэн
иргэн

Ажил олдохгүй байхад энэ хүмүүс яаж амьдрах вэ.Ямар баян айл энэ хүмүүсийг ажилд авах вэ. Баян айл бүү хэл барилгын хог цэвэрлэхэд ч авагүй

Зочин
Зочин

Бид сүйрэхээсээ өмнө японы колони болох хэрэгтэй гэж бодож байна

иргэн
иргэн

Яг үнэн. Японы колони болвол ёстой хурдан хөгжинө. Дээр суусан энэ хэд шиг юм үзээгүй ядуу амьтад биш. Тоилог,баян амьдрах хүсэлтэй хүмүүс

Zochin
Zochin

Gert n ideh yum bailgadaggui husaad hayachihdag udur udurt n baga bagaar avahad hurgedeg ailtai humuus.hurgugchguigees baga bagaar avah bna

Шудрага ёс
Шудрага ёс

Энэ бол ээбээ болон эн60лд МАНАНгийн үлдээсэн үлдээж буй ӨВ!

Back to top button