ОХУ-д дайнд байлдсан хүмүүсийн хүүхдүүдэд тэтгэлгийн квот өгч буй нь сурагчдын дургүйг хүргэж байна
Украинд байлдаж буй орос цэргүүдийн хүүхдүүд их, дээд сургуульд квот авч байгаа нь бусад сурагч нарын дунд өрсөлдөөнийг нэмэгдүүлж, маргаан дагуулж байна. “IStories” хэвлэл мэдээлснээр, 2025 онд дайнд байлдсан хүмүүс болон тэдний хүүхдүүдэд зориулсан тусгай квотоор 28 мянга гаруй хүн их сургуульд элсжээ. Энэ нь 2024 оноос хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
2022 онд дайн эхэлсний дараа ОХУ цэргүүд болон тэдний гэр бүлд өргөн хүрээний хөнгөлөлт олгох болсон. Их сургуулийн квот нь дайнд байлдсаны урамшууллын нэг хэсэг нь юм. Гэвч энэхүү квот нь их сургуулийн элсэлтийг мэдлэг, амжилтаар шийдэх бус дайны статустай холбож байна гэж зарим сурагч, эцэг эх шүүмжлэх болжээ.
Москвад байрлах нэгэн ахлах сургуулийн төгсөгч “The Moscow Times” сонинд хэлэхдээ “Тэдэнтэй мэдлэгээрээ өрсөлдөж байгаа мэт санагддаггүй. Гэхдээ улсын тэтгэлэгтэй бүх квотыг тэд авчихлаа” гэсэн байна.
Тэр сурагч нэмж “Тэднээс болоод олимпиадад түрүүлсэн зарим хүүхэд хүртэл улсын тэтгэлэг авч чадахгүй байна. Тэгвэл энгийн хүмүүс яг юунд найдах юм бэ” гэж хэлжээ.
Бямба гарагт /2026.06.20/ их сургуулийн элсэлт эхлэхэд ахлах ангийн төгсөгчид ЭШ-ын оноондоо үндэслэн үнэ төлбөргүй, улсын тэтгэлэгтэй квотын төлөө өрсөлдөх эрхтэй болдог.
Энэ завшааныг ашиглан нэр хүндтэй улсын их сургуульд элсэх нь бага орлоготой өрхийн хүүхдүүдийн хувьд нийгмийн байр сууриа дээшлүүлэх хамгийн найдвартай замуудын нэг байсаар ирсэн юм. Улсын тэтгэлэг авах нь ЭШ-д өндөр оноо авсан сурагчид нэр хүндтэй их сургуульд боловсрол эзэмшиж, өрсөлдөөн өндөр мэргэжилд хүрэх боломж болдог байна.
Гэвч шүүмжлэгчдийн үзэж буйгаар Украины дайн энэ тогтолцоог өөрчилж, цэргүүд болон тэдний гэр бүлийн гишүүдийг тэргүүнд тавих болсон байна. Үүнтэй зэрэгцэн квотын төлөө өрсөлдөх хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм.
Дөрөвдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дайнд амь үрэгдсэн алба хаагчдын дахин гэрлээгүй бэлэвсэн эхнэрүүдэд энэ эрхийг олгох зарлигт гарын үсэг зуржээ. Мөн холбооны шоронгийн алба, Дотоод хэргийн яамны ажилтнуудын бэлэвсэн эхнэрүүд болон 2014 оноос хойш Донецк, Луганскт цэргийн алба хаагчдын гэр бүл уг квотод багтах болсон байна.

Энэ жилээс эхлэн цэргийн алба хаагчид болон тэдний гэр бүлийнхэн улсын санхүүжилттэй их сургуулийн суудлын дөрөвний нэг хүртэлх хувийн төлөө өрсөлдөх боломжтой болжээ.
“IStories” сайт мэдээлснээр квотоор их сургуульд элссэн цэргийн алба хаагчид болон тэдний хүүхдүүдийн 90 орчим хувь нь элсэлтийн босго оноондоо хүрээгүй байна. Тэдний олонх нь анагаах ухаан, боловсрол, мэдээллийн технологи, эдийн засаг, хууль зэрэг өндөр эрэлттэй мэргэжлийг сонгосон аж.
Москвагийн их сургууль, Москвагийн Хуулийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны улсын хүрээлэн зэрэг нэр хүндтэй сургуулиудад квотын төлөөх өрсөлдөөн ширүүн явагддаг. Эдгээр сургуулийн төгсөгчид ихэвчлэн төр, бизнес, хууль эрх зүй, хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг юм.
Москвагийн нэгэн ахлах сургуулийг төгссөн охин Москвагийн Хуулийн их сургуульд суралцах хүсэлтэй байгаа ч энэ жил ямар нэгэн их сургуульд элсэж чадах эсэхдээ эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Тэр “The Moscow Times” сонинд “Их сургуульд элсэх улам хэцүү болсон. Улсын тэтгэлгийн тоо багасаж, сургалтын төлбөр асар өндөр болсон” гэж хэлсэн байна.
Санкт-Петербургийн нэгэн их сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцдаг оюутан хэлэхдээ, одоогийн тогтолцоо шалгалтаа өгч их сургуульд орохоор өрсөлдөж буй сурагчдын эсрэг ажиллаж байгаа мэт санагддаг гэжээ.
Тэр “Манай улсад дээд боловсрол аль хэдийн давуу эрхтнүүдийнх болсон гэж би боддог. Сургалтын төлбөрөө төл эсвэл олимпиадад өрсөлд. ЭШ-аар орно гэдэг азын тоглоом тоглоод хожихтой адил” гэж тэр хэлсэн байна. Түүний гэр бүл жилд ойролцоогоор 400 мянган рублийг (5,520 ам.доллар) сургалтын төлбөрт төлдөг аж. Тэр сурагч нэмж хэлэхдээ “Эхэндээ үүнээс болоод би маш их бухимдсан. Нэг охин надаас бага оноотой хэр нь тэтгэлэг авсан, харин би төлбөр төлөх ёстой болсон. Гэхдээ одоо би үүнтэй эвлэрч, хэвийн зүйл гэж харах болсон” гэсэн байна.
Тэтгэлэг авч чадаагүй оюутнууд төлбөрөө төлж суралцах боломж бий. Гэхдээ сургалтын төлбөрийн өсөлтийн улмаас олон гэр бүл хүүхдээ нэр хүндтэй их сургуульд элсүүлэхээс татгалзах болжээ. “Kommersant” сонины мэдээлснээр 2026 онд ОХУ дахь их сургуулиудын нэгдүгээр дамжааны төлбөр дунджаар 10.7 хувиар нэмэгдсэн аж.
ОХУ-ын засгийн газар төлбөртэй элсэлтийн тоог зохицуулж эхэлсний улмаас их сургуулиудын төлбөр ийнхүү нэмэгдсэн байна. Кремль Орос даяар 47 мянган төлбөртэй элсэлтийг цуцалжээ.
Оросын хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг болох Москвагийн Эдийн засгийн дээд сургуульд хэвлэл мэдээлэл, харилцааны хөтөлбөрийн жилийн төлбөр бараг 1 сая рубль (13,800 ам.доллар) хүрсэн байна. Харьцуулбал, Францын Пантеон–Сорбонны их сургуулийн жилийн төлбөр ойролцоогоор 3,000 евро (3,460 ам.доллар) байдаг.
Дөрөвдүгээр сард ЭШ болохын өмнө Москвагийн Эдийн засгийн дээд сургууль бүс нутгийн оюутнуудад сургалтын төлбөрөө төлөхөд тусалдаг тэтгэлгийн хөтөлбөрөө танажээ. Таналтын хүрээнд төлбөрийн хөнгөлөлтийг 75 хувиас 25 хувь болгон бууруулсан аж.
Москвагийн Эдийн засгийн дээд сургуулийн төгсөгч Кирилл “Манай гэр бүлийн хувьд тэр хөнгөлөлтийн систем үнэхээр чухал байсан. Би 2020 онд элсэж байх үед ч гэсэн Краснодарын хязгаарт амьдардаг жирийн гэр бүлийн хүүхдийн хувьд Москвад амьдарч, төлбөрөө төлнө гэдэг боломжгүй шахуу байсан” гэжээ.
Эх сурвалж: The Moscow Times















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.