НийгмийнСПОРТ

УОК-ын эргэж буцсан шийдвэрийн улмаас клубүүд хагас тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ

Улсын онцгой комиссын эргэж буцсан шийдвэрийн горыг хөлбөмбөгийн хүрээнийхэн бүр тодруулбал, клубүүд, хөлбөмбөгчид амсаж байна. Тэд энэ сарын 18-нд нэгэн шийдвэр гарган, хөлбөмбөгийн гурван тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулахыг зөвшөөрсөн юм. Коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоон, тэмцээн, уралдаан хийхийг хориглоод буй өнөө цагт тун чухал шийдвэр байлаа. Ялангуяа спортын хүрээнийхэнд бүр ч илүү. Сагсан бөмбөг тэргүүтэй бусад спортынхон ч мөн адил лигээ зохион байгуулах зөвшөөрөл УОК-оос авахаар судалж, хонгилын үзүүрт гэрэл асаад байсан юм. Гэтэл УОК гаргасан шийдвэрээ хоёрхон хоногийн дараа цуцалсан. Хөлбөмбөгийн гурван ч том тэмцээн хийгдэхээр боллоо гээд багаа бүрдүүлж, бэлтгэлээ хангаад байсан клубүүд, дээрх тэмцээнүүдийг зохион байгуулах бэлтгэлээ хангаад байсан Монголын хөлбөмбөгийн холбооныхон гээд хаана, хаанаа хүнд байдалд оров. Дээд лигт багаа өрсөлдүүлэхээр зэхсэн нэг клуб л гэхэд тэмцээний бэлтгэл, багийнхныхаа өмсгөл бас бус зүйлд 25 сая гаруй төгрөг зарцуулаад байсан гэнэ.

УОК-ын эргэж буцсан шийдвэрийн улмаас тэр бүхэн нь талаар болж, их хэмжээний  мөнгө хий дэмий салхинд хийсэв.

Халдварын улмаас хаана хаанаа хэцүү, санхүүгийн хүндрэлтэй байгаа өнөө цагт УОК-ын харалган шийдвэр хөлбөмбөгийн клубүүд, ивээн тэтгэгч байгууллагуудыг улам туйлдуулав. Анхнаасаа тэгж зөвшөөрөөгүй байсан бол клубүүд ингэж дэмий зардал гаргахгүй байсан шүү дээ. Гаргасан шийдвэрээ хоёрхон хоногийн дараа цуцалсан УОК-ын л буруу гэж шүүмжилж буй хүн цөөнгүй. Лигийг үзэгчгүй зохион байгуулахыг зөвшөөрөөд цуцалсан атлаа наадам хийхээр болсныг нь гайхмаар.

Нөхцөл байдал ямархуу байгаа талаар МХБХ-ны Маркетинг, хэвлэл мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Энхбат, “Эрчим” клубийн захирал Ч.Баясгалан нараас тодрууллаа.

Ч.ЭНХБАТ: ВОЛЕЙБОЛ, САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООТОЙ ХАМТ УОК-т ДАХИН ХҮСЭЛТ ГАРГАНА

УОК ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ХОЁРХОН ХОНОГИЙН ДАРАА ЦУЦАЛСАНД ГАЙХАЖ БАЙНА

-УОК хөлбөмбөгийн гурван тэмцээнийг зохион байгуулах зөвшөөрөл тавдугаар сарын 18-нд олгосон. Гэтэл үүнийгээ хоёрхон хоногийн дараа яагаад цуцалсан юм бол?

-Монголын хөлбөмбөгийн холбоо халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, ажиллана гэдгээ мэдэгдэж УОК-т хүсэлт гаргасан. Тэд үүний дагуу тавдугаар сарын 18-ны өдөр “Үндэсний дээд лиг” тэргүүтэй гурван том тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах зөвшөөрөл олгосон юм. Гэтэл түүнээс ердөө хоёрхон хоногийн дараа тус шийдвэрээ цуцалж, хүчингүй болгосон. Чухам ямар шалтгаанаар шийдвэрээ ийм хурдан өөрчилснийг нь мэдэхгүй байна.

-МХБХ дээрх гурван тэмцээнийг зохион байгуулах бэлтгэлээ бүрэн хангачихсан байв уу?

-УОК шийдвэрээ цуцална гэж үнэндээ бодоогүй. Монголын хөлбөмбөгийн холбооны бүх хэлтэс, нэгжүүд бэлтгэлээ бүрэн хангасан байлаа. Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулах, тамирчдыг талбайд хэрхэн гаргах, багийн зургийг  ямар байдлаар авах, албаны хүмүүс болон сэлгээний тоглогчид хэрхэн энэ шаардлагыг хангах гээд тэмцээний журамдаа бүгдийг оруулсан байсан юм. Тэмцээн зохион байгуулах хэлтсийнхэн Германы Бундеслиг, БНСУ-ын дээд лиг гээд бусад лигүүд дээр судалгаа хийж дүрэм, журамдаа мөн тусгаж өгсөн. Тамирчид гоолын баяр хийхдээ ч бие биедээ хүрэхгүй зэрэг одоогийн нөхцөл байдалтай холбоотой олон заалтууд оруулсан байсан юм, уг нь.

ЛИГТ ӨРСӨЛДӨХ ГЭЭД ДУНДЖААР НЭГ КЛУБ 25 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН НЬ САЛХИНД ХИЙСЛЭЭ

-Дээд лигт хэдэн баг оролцох хүсэлтээ ирүүлж, багаа бүрдүүлчихсэн байсан бэ?

-Дээд лигт өрсөлдөх эрхээ өвөртлөөд байсан, эрхтэй 10 баг бүгд оролцох хүсэлтээ ирүүлж, багаа бүрдүүлээд бэлтгэлдээ гарчихсан байсан. Хавраас намар хүртэл ердөө 5-6 сарын хугацаа л Монголын хөлбөмбөгийн гадаа талбайн улирал байдаг. Тийм учраас учраас нэн яаралтай эхлүүлэх шаардлагатай. Тиймээс ч багууд маш хурдан өмсгөл, бэлтгэлийн хэрэгсэл, талбайн түрээс гээд бүх зүйлүүдээ зохицуулан, лигт өрсөлдөхөд бэлэн болоод байсан юм. Гэтэл УОК ийм шийдвэр гаргачихлаа.

-УОК-ын эргэж буцсан шийдвэрийн улмаас клубүүд, багуудын ивээн тэтгэгч байгууллагууд хүнд байдалд ороод байгаа юм билээ. МХБХ-ноос үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Хувцас хэрэгслээ захиална, бэлтгэлийн хэрэгсэл материалаа бэлдэнэ гээд олон зардлууд мэдээж гарна. Клубүүд тамирчдаа бэлтгэл хийлгэнэ, тоглуулна гэдэг ажиллуулж байна гэсэн үг. Тиймээс ч зарим клубүүд доод тал нь тамирчид албаны хүмүүсийн хагас сарын цалин гэж 10 гаруй сая төгрөг гаргасан байсан. Ер нь лиг эхлэнэ гэсэн зөвшөөрлийн дагуу бэлтгэлд гарсан клуб доод тал нь 25 сая төгрөг гаргасан мэдээлэл бий. Үндэсний дээд лиг, нэгдүгээр лигийн тус бүр 10, футзалын дээд лигийн багуудыг нэмээд ерөнхийд нь бодоход багадаа хагас тэрбум төгрөгийн зардал гаргаад байгаа юм.

-Хөлбөмбөгийн лигийг үзэгчгүй хийх шийдвэрээ цуцалсан мөртлөө наадам хийхээр болсон. Танай холбоо энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авсан бэ?

-Монголын хөлбөмбөгийн холбооны хувьд УОК-оос гаргасан шийдвэр, захирамж, журмыг дагана. Гол нь яагаад УОК гаргасан шийдвэрээ ердөө хоёрхон хоногийн зайтай цуцалсан бэ л гэж их гайхлаа. Олон хүний үнэт цаг хугацаа, хөрөнгө мөнгө яригдаж байгаа учраас аль болох яаралтай, халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр хангаж тэмцээнээ явуулах нь бидний гол зорилго. Түүнээс биш лигийг цуцлаад наадмыг явууллаа гэж онцгой ач холбогдол өгөхгүй байгаа.

-МХБХ УОК-т дахин хандахаар болсон гэж дуулсан. Энэ тухайгаа тодруулахгүй юу?

-Монголын хөлбөмбөгийн холбоо болон хөлбөмбөгчид, дасгалжуулагчид зөвхөн ингээд хүнд байдалд ороод байгаа юм биш. Монголын сагсан бөмбөгийн тамирчдын холбоо ч мөн адил халдварын улмаас дээд лигээ тэг дундаас нь зогсооход хүрсэн. Одоо яаралтай үргэлжлүүлэн зохион байгуулах нэн шаардлагатай байгаа. Тиймээс ч багийн спортын холбоодууд болох Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын волейболын холбоо болон Монголын сагсан бөмбөгийн тамирчдын холбоо нэгдсэн хүсэлтээ УОК-т хүргүүлж байгаа.

-Хэрвээ УОК дахин зөвшөөрвөл тэмцээнүүдээ хорио цээрийн журмын дагуу, үзэгчгүй хийх бүрэн боломж МХБХ-нд бий юү?

-Мэдээж байлгүй яах вэ. Баг, тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс гээд бүх бэлтгэлүүд хангагдсан. Тэднийг хэрхэн зохион байгуулах ажлуудыг ч мөн тодорхой болгоод байгаа. Гол нь тухайн тоглолтуудыг үзэгчгүй хийн, телевизийн шууд дамжуулалтаар үзэгчдэд хүргэнэ. Энэ нь ч хөлбөмбөг сонирхогч, спортод элэгтэй хүмүүсийн цангааг тайлж, эргээд дэлхийн хөлбөмбөгийн 90 хувь нь зогсонги байгаа энэ цагт Монголын хөлбөмбөгийг дэлхий нийт сонирхох том боломж гэж харж байна.

Ч.БАЯСГАЛАН: КЛУБҮҮД ИВЭЭН ТЭТГЭГЧДЭЭ АЛДВАЛ 700 ГАРУЙ ХӨЛБӨМБӨГЧИН УЛАМ ХҮНД БАЙДАЛД ОРНО

-Хөлбөмбөгийн гурван тэмцээнийг зохион байгуулах зөвшөөрлийг тавдугаар сарын 18-нд УОК олгосон. Гэтэл үүнийгээ хоёрхон хоногийн дараа цуцалсныг нь танай клубийнхэн хэрхэн хүлээж авав?

-УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаярын тавдугаар сарын 18-нд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарын нэр дээр 893 тоот албан бичиг илгээн, тэмцээн зохион байгуулахыг зөвшөөрөхөд хөлбөмбөгийн спортыг зохион байгуулагч нар, оролцогч клубууд, албаны хүмүүс, тамирчид, үзэгч хөгжөөн дэмжигчид маш их баярласан.

Дэлхийн хүн төрөлхтөн тэр чигээрээ сөхөрч, сэтгэл санаагаар унах нь унаж, хөл хорионд олон сар, хоногоор хоригдон, ядарч, туйлдаж байгаа энэ үед Монголын хөлбөмбөгийн хүрээний хүмүүсийн хувьд хамгийн сайхан мэдээ байлаа. Олон жил уралдсан морьд өөрийгөө сойдог шиг битүүхэндээ бэлтгэл сургуулилтаа хийж байсан тамирчид, тэдний тоглолтыг харж баясан цэнгэдэг дэмжигч олон нь тэмцээн зохион байгуулагдах өдрийг тэсэн ядан хүлээж, зохион байгуулагч нар маань гадаадын улс орнуудад яг өнөөдрийн хүнд нөхцөлд хэрхэн аюулгүйгээр улсынхаа лигийн тэмцээнийг хийж буй талаар судалж, өөрийн орны лигийн тэмцээнийг яаж жишиг тогтоон, өндөр дээд хэмжээнд зохион байгуулах талаар бүх судалгаа, зохион байгуулалтын ажлыг боловсруулан хийж, төлөвлөгөө гарган, хэрхэн яаж ажиллахаа тогтон ярилцаад шийдсэн байлаа.

Гэтэл энэ шийдвэрийг хоёрхон хоногийн дараа УОК-ын орлогч дарга Т.Бадрал нь цуцалж, лигийн тэмцээн зохион байгуулж болохгүй тухай шийдвэрийг МХБХ-нд ирүүлсэн байна. Дотооддоо цар тахлын аюулыг гаргалгүй барьж чадаж байгаа нөхцөлд ингэж хэт болгоомжилж, нээх боломжтой хамаг юмаа зогсоох, хаах, хориглох ямар шаардлага байгааг сайн ойлгохгүй л байна.

БАГАА 30 ТАМИРЧНЫ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БҮРДҮҮЛСЭН

-Танай клуб дээд лиг, Супер цомд өрсөлдөх бэлтгэлээ бүрэн хангасан уу. Багаа хэдэн тамирчнаар бүрдүүлэв?

-Манай клуб 2020 оны нэгдүгээр сар 15-наас өмнө “Гадаад тамирчдын солилцооны цонх”-оор Японы хоёр, Нигерийн нэг тамирчин авахаар болж гэрээгээ хийсэн. Легионерууд маань Ковид-19  цар тахал, хорио цээрийн дэглэмээс хамаарч энэ жилийн лигт Монголд ирж тоглох боломжгүй болж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан Монголын шилдэг тамирчид болох Н.Цэдэнбал, Түмэндэмбэрэл, Төмөр-Очир, Энх-Орчлон, Сод-Очир, хаалгач Батсуурь мөн  манай багийн үндсэн хүүхдүүд болох, өөр багт тоглосон болон хүчин зүтгэж байсан хаалгач Төрболд,Тэмүүжин, Мөнхбаатар нарыгаа багтаа нэгтгэж хүчээ зузаатгалаа.

Улмаар Супер цом, үндэсний дээд лигт тоглох бэлтгэлээ бүрэн хангаад байсан юм. Багаа 30 тамирчнаар бүрдүүлсэн. Хорио цээрийн дэглэмээс хамаарч тамирчдын  хувийн бэлтгэл сургуулилтыг хангаж, хянаж байгаад сая тэмцээн эхлэх зөвшөөрлийн дагуу нэгдсэн бэлтгэлдээ гарсан байсан.  “AFC Cup” тэмцээнд оролцохоор бэлдэж байсан “Улаанбаатар сити” багаас бусад бүх багийн бэлтгэлжилт адилхан байгаа байх. Бид  “ Супер цом” , “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээн эхлэхэд бэлэн, бэлтгэлтэй байна.

ЭНЭ ЖИЛ МАНАЙ КЛУБИЙГ “ХААН ХҮНС” ХК ИВЭЭН ТЭТГЭНЭ

-УОК-ын эргэж буцсан шийдвэрийн улмаас танай клубт ямар бэрхшээл тулгарав. Ивээн тэтгэгчид мөн хүнд байдалд орсон байх.

-Манайх гэлтгүй маш олон клуб, тамирчид, хөгжөөн дэмжигчид, хөл бөмбөгийг сонирхогч хүүхэд багачууд, энэ спортыг үзэж сонирхдог ард түмэнд ойлгомжгүй шийдвэр байлаа. Сошиолоор явж байгаа сэтгэгдэл, комментуудаас тодорхой харагдаж байгаа байх. Тамирчин болон хөл бөмбөгчдийн сэтгэл зүйг унагаасан, уурлуулсан таагүй л зүйл болж байна.

Манай клубын  хувьд  энэ жилийн лигт “Хаан хүнс-Эрчим” нэртэйгээр оролцохоор  ивээн тэтгэгч компанитайгаа болон тамирчидтай гэрээ хийсэн, тэмцээн уралдаан эхлэнэ гэдэг байдлаар бэлтгэлээ эхэлчихсэн, цалингаа олгож, тэмцээний бэлтгэлээ хангаж тамирчдын хувцас формоо захиалж хөрөнгө мөнгөө зарцуулан ажиллаж байлаа. Хэрвээ тэмцээн уралдаан ойлгомжгүй байдлаар ингээд хойшлоод байвал, ивээн тэтгэгчийн зүгээс орж ирэх мөнгө зогсвол, тамирчид маань цалингүй болж, тэр хэрээр гурван лигийн нийт 700 гаруй тамирчид улам хүнд байдалд орно.

-Ер нь коронавирусийн улмаас тэмцээн, уралдааныг хориглосон нь хөлбөмбөгийн клуб, ивээн тэтгэгчдэд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Олон улсын жишгийг хараад, тандалт судалгаа хийж үзэхэд Азийн орнуудаас Тайван, Тажикстан, БНСУ-ын хөлбөмбөгийн дээд лиг нь эхэлчихсэн явж байгаа.  Монгол 4 дэх орон нь болохоор байлаа. Европын лигийн тэмцээнүүд мөн үзэгчгүй явагдаад болоод байдаг. Дэлхий нийтээр  цар тахалд сөхөрч байхад Монгол улс сайн зохион байгуулалттай, ард түмнийхээ дунд тараахгүй барьж чадаж байгаа.

Хөлбөмбөгийн Үндэсний дээд лигээ явуулж эхэлсэн бол Монгол улсын нэр хүнд дэлхий нийтэд гайхуулагдахаар байлаа. Энэ хорио цээрийн үеэр хөл бөмбөгийг хөгжүүлэхийн төлөө хөрөнгө мөнгө гаргаж, хүүхэд багачууд болон хөлбөмбөг сонирхогчдыг баясган хөгжөөх, цөөхөн хэдхэн компаниудаа ч зурагт телевизээр сурталчлах, Монгол орноо дэлхийд гайхуулах гэсэн ивээн тэтгэгч нарын сайхан сэтгэл, бодол, боломжийг хааж байгааг ойлгохгүй байна. Гадны телевиз ч манай Үндэсний Дээд лигийн тэмцээнийг дамжуулья гэж хүсэлт тавьж байгаа сураг байсан. Хөлбөмбөгийг дэмжигч, хэдхэн ивээн тэтгэгчид дэмжихээ больж, хөрөнгө оруулалтаа татвал клубүүд маань бүр л сөхрөх байх. Ийм зам руу явахгүй байх, дотооддоо алдчихаагүй болохоор үзэгчгүйгээр тэмцээнээ явуулах байх гэж итгэж байгаа.

БИД ГЭРЭЭНИЙ ДАГУУ ТАМИРЧДЫНХАА ЦАЛИНГ ӨГЧ БАЙГАА

-Тэмцээнгүй үед танай клубийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, тамирчдаа цалинжуулж байгаа юу?

-Өнгөрсөн саруудад гэрээтэй тамирчдынхаа цалинг гэрээнд заасны дагуу өгөөд явж байгаа. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс 4 сарын цалингаас НДШ-ийг нь хүртэл суутгалгүйгээр цалинг нь бүтэн өгсөн.

-Ийм хүнд үед санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Түрүүн би хэлсэн. Энэ жил манай клубыг “Хаан хүнс” ХК ивээн тэтгэн, хамтран ажиллахаар болж бид хамтдаа  маш том зорилго тавин ажиллаж байна. Энэ зорилгоо биелүүлэхийн төлөө ивээн тэтгэгчтэйгээ хамтран санхүүгийн асуудлаа гэрээнийхээ дагуу шийдвэрлэж бйгаа. Энэ хүнд цаг үед хөлбөмбөгийн төлөө, хөрөнгө мөнгө гарган ивээн тэтгэж байгаа  ” Хаан хүнс” ХК-ийн нийт хамт олон, удирдлагуудад баярлалаа гэж хэлье. Бид хамтдаа ялах болно оо.

УОК ШИЙДВЭРЭЭ ЭРГЭН ХАРНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

-МХБХ УОК-т дахин хандахаар болсон гэнэ лээ. Үүнийг танай клуб дэмжиж байгаа юу?

-Боломжит бүх хувилбараар дэмжинэ дээ. Хүнсний болоод барааны захуудаа хаахгүй хэдэн сар тасралтгүйгээр ажиллуулахад бүх зүйл хэвийн л  байна. Энэ бол маш сайн хэрэг. Зардал мөнгө нь л байвал наадмаа зохион байгуулахад асуудал гарахгүй байх. Энэ бүхнийг эрэгцүүлээд, сайтар бодож тунгаасны үндсэн дээр маш нарийн зохион байгуулалт дор Үндэсний лигийн тэмцээнийг зохион байгуулах зөвшөөрлийг эрхэм Улсын онцгой комиссынхон маань олгоно гэж найдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ball
ball

UOK shiidveree dahin harj uzh heregte bha. Hulbumbug toglohd hamgiin tohiromjto sport bnashude gadaa toglono tom talbaid 22hon hun buh shig notsoldood tevreldd bhgu ligee ehluulmeer bnaaa

Зочин
Зочин

Enkhtuvshin hugshin yxna bgaa tsagt oodlohgui ee. moroodoodch hereggui

Иргэн
Иргэн

Зөв шийдвэр...

Зочин
Зочин

Songuuliin huuliin daguu sportiin uraldaan temtseen zohion baiguulj olon hun tsugluulah ni horiotoi gedgiig bas bolgoono uu

Зочин
Зочин

Угаасаа үзэгчгүй зохион байгуулах тоглолтоос та нар ямар орлого олох юм бэ ? Орлого олохгүй бөөн дурандаа тоглох гэж байсан байж өчнөөн зард�##� гарлаа, шатлаа гээд байх юм. Дэлхий даяар спортын арга хэмжээг цуц�##�ж байна. Наадмыг ч цуц�##�.

Zuv shiidver
Zuv shiidver

Bolson boloogui mungu idekhgej ulaarj bgaa biz.gaj sexee hiihgeed

зочин
зочин

эх орон элэг нэгтэн энэ биеэ хайрлаж байгаа бол улсын онцгүй комиссийн шийдвэрийг зөв буруу гэх нь хэрэггүй л болов уу

Baller
Baller
Reply to  зочин

UOK ni tgvl hiij bolohgui gesneeree l baihgui yagaad ene olon hunii ajil, tsag zav horongo mongoor toglood bga yum be

начин
начин

гайхаад байх зүйлгүй. нөхцөл байд�##�д дүгнэлт хий. төрийнхөө шийдвэрийг биелүүл. зургаа тавьж буруу, зөв үгээр ард олны толгойг эргүүлэхээ шууд больчих.

Zochin
Zochin
Reply to  начин

Nachin guai naadam hiih ni tgd zugeer uu te? Ene tamichid ooriin chin nachin zaan arslanguud shig ovoij otsoison tsalin mongo avaad tor zasag ni demjeed baidaggui yum. Biyluulehgui geegui biyluuleed l yavj bga gazar bnshd.

Холбоотой мэдээ

Back to top button