СПОРТ

М.Нандинцэцэг боксын эмэгтэй тамирчдаас мэндэлсэн анхны гавьяат боллоо

Монголын боксын спортын түүхэнд анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн, ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг өнөөдөр Гавьяат тамирчин цол хүртлээ.

Үрийн зулай үнэрлэн, спортоос хэсэг хугацаанд хөндийрөөд эргэн ирсэн М.Нандинцэцэг улсынхаа хамгийн алдартай эмэгтэй боксчин. 29 настай тэрбээр боксын ДАШТ-ээс медаль авсан Монголын ес, эмэгтэйчүүдээс анхны боксчин.

Дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн эмэгтэй боксчин Монголд түүнээс өөр үгүй. Одоо мөн Монголын боксын спортоос мэндэлсэн анхны эмэгтэй гавьяат тамирчин боллоо.

Насанд хүрэгчдийн ДАШТ-д манай эрэгтэй боксчид 1978, бүсгүйчүүд 2001 оноос оролцож эхэлсэн түүхтэй. Тухайн үеэс 2018 он хүртэлх хугацаанд ДАШТ-ий медальт эмэгтэй тамирчин төрөөгүй байсныг М.Нандинцэцэг зогсоон, түүхэн амжилтын эзэн болсон юм.

Үүний сацуу тэр жилээ Монголын спортынхны “Оскар” гэгддэг “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар тодорч, шилжин явах цомоо Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагаас гардаж авсан. “Бөртэ чоно” наадамд анх удаа нэр дэвшээд Монголынхоо хамгийн шилдэг тамирчнаар тодорсон М.Нандинцэцэг Азийн АШТ-ий мөнгө (2010), хошой хүрэл (2015, 2017), Азийн наадмын хүрэл (2014) медальтай, УАШТ-ий 11 түрүүтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button