М.Нандинцэцэг: Хүүхэд минь бидэнд бурхнаас илгээсэн бэлэг. “Амжилт яана аа” гэж ер харамсаагүй
Монголын боксын спортын түүхэнд анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн, ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг боксын рингэндээ эргэн ирлээ. Токиогийн олимп, дараа дараагийн ДАШТ-ээс медаль хүртэх Монголын гол найдваруудын нэг нь тэр мөнөөс мөн. Үрийн зулай үнэрлэн, спортоос хэсэг хугацаанд хөндийрөөд эргэн ирсэн М.Нандинцэцэг улсынхаа хамгийн алдартай эмэгтэй боксчин. 28 настай тэрбээр боксын ДАШТ-ээс медаль авсан Монголын ес, эмэгтэйчүүдээс анхны боксчин. Дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн эмэгтэй боксчин Монголд түүнээс өөр үгүй.
Насанд хүрэгчдийн ДАШТ-д манай эрэгтэй боксчид 1978, бүсгүйчүүд 2001 оноос оролцож эхэлсэн түүхтэй. Тухайн үеэс 2018 он хүртэлх хугацаанд ДАШТ-ий медальт эмэгтэй тамирчин төрөөгүй байсныг М.Нандинцэцэг зогсоон, түүхэн амжилтын эзэн болсон юм.
Үүний сацуу тэр жилээ Монголын спортынхны “Оскар” гэгддэг “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар тодорч, шилжин явах цомоо Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагаас гардаж авсан. “Бөртэ чоно” наадамд анх удаа нэр дэвшээд Монголынхоо хамгийн шилдэг тамирчнаар тодорсон М.Нандинцэцэг Азийн АШТ-ий мөнгө (2010), хошой хүрэл (2015, 2017), Азийн наадмын хүрэл (2014) медальтай, УАШТ-ий 11 түрүүтэй. Спортдоо эргэн ирж, дутуугаа гүйцээхийн төлөө зүтгэж яваа түүнтэй ярилцлаа.
ХҮҮХДИЙГ МИНЬ ХАРЖ ӨГӨХИЙН ТУЛД ЭЭЖ МААНЬ АЖЛААСАА ГАРСАН
-Амаржсаныхаа дараа бэлтгэлдээ эргэн оржээ. Бэлтгэлээ долоон хоногт хэдэн удаа хийж байгаа вэ?
-Сайн байна уу. Юуны өмнө намайг зочноор урьсанд баярлалаа. Хүүхдээ таван сар хүргээд бэлтгэлдээ орсон. Одоо гурван сар хэртэй болж байна. Эхэндээ долоо хоногтоо гурван удаа, маш хөнгөн дасгах маягаар хийж эхлүүлсэн. Одоо өдөр бүр хийж байна. Хөнгөн хийж эхлэхгүй бол бие угаасаа нялхраад санаа байвч сачий хүрэхгүй гэдэг шиг л байлаа. Сэтгэлээрээ бол чадчих юм шиг санагдаад л. Гэхдээ яг хийх гэхээр чадахгүй бүр гайхмаар (инээв).
-Бэлтгэл, тэмцээнтэй үед охиныг тань эмээ нь хардаг уу?
-Одоогоор тэмцээнд оролцоогүй байна. Өдөрт бэлтгэлээ гурван цагаар хийдэг. Бэлтгэлд ирж, харих цаг гээд 4-5 цаг лав зарцуулагддаг. Энэ хугацаанд хүүхдийг маань хадам ээж минь харж өгдөг байсан. Ажилдаа орсноос нь хойш одоо ээж минь харж байгаа. Хүүхдийг минь харж өгөхийн тулд ээж маань ажлаасаа гарсан болохоор бэлтгэлийн цагаа үр дүнтэй өнгөрүүлж аль болох хурдан эргээд формдоо орохыг хичээж байна.
-Бэлтгэлээ дуусангуут хүүхэддээ яарсаар харьдаг байх. Бэлтгэлдээ бүрэн төвлөрч байна уу?
-Тэгэлгүй яах вэ, хүүхэд рүүгээ яарсаар харьдаг. Эхэндээ их хэцүү байсан. Бэлтгэл дээр очсоныхоо дараа байн, байн цаг руу хараад л, байн байн яаж байна, дажгүй юу гээд ээжтэй утсаар ярина. Хөх чинэрэхээр “Хүүхэд минь уйлж байгаа юм болов уу” гэж бодно. Сэтгэл санаа бүр тэс өөр газар л байгаад байсан. Төрснөөсөө хойш ерөөсөө холдож үзээгүй хүн чинь бүр сүр бадраагаад л (инээв). Одоо үлдээж овоо сураад байна. Бэлтгэл дээр ч бодлоо цэгцэлч, төвлөрдөг болсон. Багшдаа ч хэд хэд загнууллаа “Наа бодол, санаа чинь хаана явна аа. Төвлөрөөч” гээд л.
БИ ОДОО БҮХНИЙГ ТЭГЭЭС НЬ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
-Эрдэнэт хотод өнөөдөр (өчигдөр) эхэлсэн боксын тэмцээнд таныг оролцох болов уу гэж спортын хүрээнийхэн хүлээсэн. Яагаад оролцоогүй юм бэ. Чансааны оноо нөлөөлсөн үү?
-Тэгсэн. Жин, жингийн шилдэг найман тамирчин оролцсон болохоор надад өрсөлдөх боломж байгаагүй. Одоо надад чансааны оноо байхгүй. Бүхнийг тэгээс нь эхлүүлж байна. Бас дээр нь жингээ олигтой буулгаж чадаагүй болохоор өнжсөн.
-Дэвжээ, тэмцээнээ хэр их санаж байна вэ?
-Ер нь санаж байна. Бэлтгэлдээ ороод удаагүй байхад багш хүүхдүүдийг лапанд аваад, тулаан хийлгэхэд эхний өдөр тэссэн. Дараагийн өдрөөс нь шууд бээлий өмсмөөр санагдаад өмссөн. Маргааш нь бие булраад сүйд. Манайхан цугларалтад гарахаар нь хамт явмаар санагдавч аргагүйн эрхэнд үлддэг.
ХҮҮХЭД МИНЬ БИДЭНД ИЛГЭЭСЭН БУРХНЫ БЭЛЭГ. “АМЖИЛТ ЯАНА АА” ГЭЖ ЕР ХАРАМСААГҮЙ
-Эмэгтэй хүн эх болохоороо ээжийнхээ ачийг, жаргал, зовлонг нь илүү ухаардаг гэдэг. Токиогийн олимпоос медаль хүртэхийн төлөө зүтгэж яваад жирэмсэн болсноо мэдэхэд ямар мэдрэмж төрөв?
-Би ээжийгээ, ээжүүдийг ялангуяа олон хүүхэд гаргаж, өсгөсөн ээжүүдийг ёстой шүтэж байна. Төрөхийнхөө өмнө “Тамирчин хүн юм чинь ёстой тэвчээртэй байх байх аа” энэ тэр гээд л эмнэлэгт дээр додьгор очсон. Тэгсэн чинь юу болсон гэж санана. Нусаа хацартаа наасан. Байн, байн ээж, нөхөр рүүгээ утсаар залгаад “Би үхлээ” гээд л уйлаад байсан (инээв). Ээж маань хөөрхий намайг дагаж уйлаад, бөөн юм болж байж төрсөөн, би. Тамирчны тэсвэр тэвчээрийг хүүхэд төрүүлэхтэй харьцуулшгүй юм билээ.
Хүүхэд минь бидэнд бурхнаас өгсөн бэлэг болохоор ид амжилт гаргаж байхад, олимп дөхчихсөн байхад энэ тэр гэж ер бодож, харамсаагүй. Цаг нь ч болчихсон байсан болохоор тэр үү. Тэр жил Улаан-Үдэд болсон дэлхийн аваргыг гэртээ зурагтаар үзэж суухдаа нэлээд огшсон шүү. 54 кг-д оролцсон бол аварга болохоор байж шүү гэж бодоод л өнгөрсөн.
-Ээж болсноор таны амьдралд ямар, ямар том өөрчлөлт гарав?
-Амьдрал маань бүр илүү их утга учиртай болж бас маш их хариуцлага нэмэгддэг юм байна. Хүүхдээ харах бүрд хайр ундраад, илүү их хичээх хэрэгтэй гэж боддог. Бэлтгэл хийж байгаад бууж өгмөөр санагдангуут л ганц өөрийнхөө төлөө биш хүүхдийнхээ, гэр бүлийнхээ төлөө хичээж байгаа шүү гээд л бодонгуут улам их эрч, хүч ордог юм байна лээ.
САЙН ХАНЬТАЙ, САЙХАН ХАДМУУДТАЙ БИ ИХ АЗТАЙ ХҮН
-Таны нөхөр боксчин. Тамирчны жаргал, зовлонг амсаж яваа тул биенээ сайн ойлгодог байх, тийм үү?
-Хоёулаа адилхан боксоор хичээллэдэг, нэг тогооных болохоор их амар. Намайг сайн дэмжинэ, ойлгоно, хурцална, алдаа, оноог минь хэлж өгнө. Манай нөхөр их халамжтай. Шөнө босож, хүүхдээ авна. Заримдаа намайг унтуулаад сүүг нь өгчихнө. Одоо ч гэсэн бэлтгэл хийгээд зарим өдөр аймар ядарна. Тэр бүхэнд намайг маш сайн ойлгож дэмждэг. Бас би их азтай, сайн хадмуудтай. “Миний охин бэлтгэлдээ яв, яв. Ээж, аав нь харж байя” гээд л охиныг маань хараад үлддэг юм. Намайг их дэмждэг, төрсөн охин шигээ л хайрладаг сайхан айлын бэр болсоон.
-Нандиа Монголын бахархал болсон тамирчдын нэг. Харин хэр сайн ээж, гэргий вэ?
-Өө, тэгээд хамаг чадлаараа л сайн ээж, сайн эхнэр байхыг хичээдэг. Хүн бүхэн төгс биш болохоор хааяа мэдэхгүй, чадахгүй юм гарах л юм.
МАРТАГДАХААС БИ АЙГААГҮЙ. ХАРИН Ч ХЭСЭГ ХУГАЦААНД СПОРТООС ХӨНДИЙРЧ, ӨӨРИЙГӨӨ АМРААЛАА
-Хоёр жил шахам хугацаанд тэмцээнд оролцохгүй, нам гүм амьдрах ямар байв. Зарим тамирчин мартагдахаас айдаг. Та тэгж эмээсэн үү?
-Ер нь хүн гэртээ суугаад ирхээрээ өөрийгөө болоод хүмүүсийг таньдаг юм байна лээ. Би ер нь зүгээр суух тун дургүй. Энэ тэрүүгээр их аялдаг, олон хүнтэй байгаад сурсан хүн чинь хүүхдээ хараад гэртээ суух ёстой эвгүй юм билээ. Аялмаар санагдана, тамирчид тэмцээнд оролцож буй зураг, бичлэг сторидоо нийтлэхээр омогшино, цагаахан атаархана. Манай эмч эгч сэтгэл зүйгээ сайн бэлдээрээ гээд байхаар нь нэг их ойлгохгүй “Юун сүртэй юм бэ” гэж бодоод байсан чинь ёстой нэг хэсэгтээ гэртээ суухдаа ойлгосон. Аймар ганцаардаад, манайд ирнэ гэсэн гайзуудаа хүлээгээд, ирэхгүй бол гомдоод л. Найзуудаа хүрээд ир гэж дуудаад л (инээв). Тэгээд харин сүүлдээ сурсан. Хүүхэд минь гангар гунгар гээд ирхээр юун уйдах манатай болдог юм байна лээ. Мартагдхаас айгаагүй. Харин ч нэг хэсэгтээ боксыг мартаж, толгойгоо амраасан.
-Амаржсан хүнийг формонд нь оруулах амаргүй, их ажиллагаа ордог гэж цөөнгүй дасгалжуулагчаас дуулсан. Одоо формондоо хэр оров?
-Одоо бэлтгэл ер нь овоо цэгцэрч л байна. Эхэндээ ч “махан бөмбөг” л болчихсон байсан. Өө, юухан байх вэ, чадна шүү дээ” гэж бодсон. Гэтэл санаа байв ч сачий хүрээгүй. Тэр үеийг бодоход одоо овоо өөр болж байна шүү. Багш маань их л нухацтай ажиллаж байгаа. Нэг их шахахгүй, өөрийнхөө арга барилаар. Би өөртөө итгэхгүй байхад л надад 200 хувь итгэдэг хүн дээ.
-Таныг дэлхийн медальтан болсон 2018 онд Монгол Улсад боксын спорт үүсэж хөгжсөний 70, “Хангарьд” спорт хороог байгуулсны 35 жилийн ой тохиосон. Түүхт ойн жил анхдагч болсноор тань олон хүн бахархдаг.
-Одоо эргээд бодоход их сайхан санагддаг. Би тэр жил ДАШТ-д зургаа дахиа (өмнө нь 2006, 2008, 2012, 2014, 2016) өрсөлдсөн болохоор өмнөхөөсөө хавьгүй туршлагатай байлаа. Боксын спортоор 15 жил хичээллэн, тууштай зүтгэснийхээ үр шимийг тэгэхэд хүртсэн юм. Би 2018 оны ДАШТ-д 54 кг-д өрсөлдсөн, жин хасаж, тамирдаагүй нь тоглолтод их нөлөөлсөн. Зорилгодоо хүрч, шагналын тавцанд зогсоход авах ёстой медалиа хүртэж буй мэт л мэдрэмж төрсөн. Мэдээж Төрийн далбаа маань мандах мөчид сэтгэл их хөдөлж, огшиж билээ. Миний амжилт булган сүүлтэй байж, олон эмэгтэй боксчин дэлхийн медальтан болох болтугай.
МЕДАЛИЙНХАА ӨНГИЙГ ХУВИРГАХ, ТҮРҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙСАН. АМЖИЛТДАА ХАНААГҮЙ
-Хагас шигшээд дэлхийн дэд аварга, олимпод V байрт шалгарсан, туршлагатай тамирчинд дийлдсэн. Хүрэл медалийн болзол хангаад амжилтдаа ханасан тал бий юү?
-Тэгээгүй. Би түрүүлэхийн төлөө л зүтгэж, медалийнхаа өнгийг хувиргая гээд шунасан. Болгар боксчин С.Петрова тухайн үед 54 кг-д дэлхийн чансааг тэргүүлж байв. Тоглолтын хэв маяг нь минийхтэй төстэй болохоор өрсөлдөхөд эвгүй байлаа. Төлөвлөснийхөө дагуу тоглосон ч дийлсэнгүй.
Би яагаад ч юм бэ тэмцээн бүрийн эхний тойрогт олимп, дэлхийн аварга цолтой тамирчинтай учраа таараад байдаг талтай. 2014 оны ДАШТ хамгийн харамсалтай нь. Эхний тойрогт АНУ-ын тамирчинтай тоглохдоо би илүүрхсэн ч 3:2-оор дийлдсэн. Тэр жил өнөөх боксчин түрүүлсэн юм. Тэмцээний дараа цөөнгүй орны дасгалжуулагч багш бид хоёрт “Чи илүү байсан шүү” гээд амжилт хүсэж билээ.
ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛЖ ЭЭЖДЭЭ ТӨРСӨН ӨДРИЙН БЭЛЭГ БАРЬЖ БИЛЭЭ
-Мөнгөн медалийн төлөө өрсөлдөх мөчид ээжийнх нь төрсөн өдөр тохиож байсан гэдэг. Үнэн үү?
-Үнээн. Ээжийнхээ төрсөн өдрөөр мөнгөн медалийн төлөө өрсөлдсөн юм. Мэдээж дэлхийн аваргын төлөө шалгарч, медалийнхаа өнгийг хувиргахыг зорилгүй яах вэ. Даанч санаснаар болоогүй. Хүрэл медалийн болзол хангасныхаа дараа ээжтэй холбоо барихад уйлаад ер ярьж чадаагүй. Аав “Амжилтдаа битгий ханаарай. Миний охин дэлхийн аварга болно шүү” гэсэн. Тэмцээн дуусангуут эх орондоо, гэртээ хурдан харих сан гэж яарч билээ. Ер нь намайг дэлхийн медальтан болохыг олон хүн хүсэж, хүлээж байсан юм билээ.
“БӨРТЭ ЧОНО” НААДАМ, МБХ-ны ШИНЭ ЖИЛД НАМАЙГ УРИАГҮЙ. ТЭР ҮЕД МАРТАГДСАН ЮМ ШИГ САНАГДСАН
-2018 онд ДАШТ-ээс медаль хүртээд, Бөртэ чоно наадмын шилдгийн шилдэг тамирчнаар тодорсон. Хамгийн шилдэг нь болно гэх итгэл хэр байв?
-Үнэнийг хэлэхэд “Би юу гэж шидгийн шилдэг нь болох вэ дээ. Чөлөөт бөхийн Ука (Гавьяат тамирчин О.Насанбурмаа) авах байх” гэж бодож байсан юм. Намайг зарлан, миний нэрийг дуудахаар нь үнэхээр гайхаад өөртөө итгээгүй. “Хөөх, юу вэ. Ямар гоё юм бэ” л гэж бодсон. Их гоё юм байна лээ. Надад тийм олон хүн санал өгөөд, намайг энэ олон мундаг тамирчдаас шилдгээр тодруулсанд нь үнэхээр их баярласан, урам авсан.
-2018 онд дэлхийн медальтан болоод, Монголынхоо хамгийн шилдэг тамирчнаар тодорсон та өнгөрсөн жил “Бөртэ чоно”-ыг гэрээсээ үзсэн. Тэгэхэд ямар мэдрэмж төрсөн бэ. Ердөө жилийн дараа тэс өөр Нандинцэцэг зогсож байсан шүү дээ.
-Ёстой тэгсэн, гэрээсээ үзсэн. Уг нь жил жилийн “Бөртэ чоно”-ын эзэн дараагийнхаа шилдгийн шилдгээр тодорсон тамирчинд цомыг нь гардуулдаг шүү дээ. Би уг нь өнгөрсөн жил шилдгийн шилдэг болсон Цэндбаатарт цомыг гардуулах учиртай байсан юм. МҮОХ-ноос намайг яагаад уриагүй, урилга өгөөгүй юм бол доо гэж жаахан гомдсон. Тэр жилийн Монголын боксын холбооны шинэ жилд ч намайг уриагүй, урилга өгөөгүй. Тийм үед мартагдсан мэдрэмж төрж, нээрэн ингээд бокс тоглохоо болиод л би хэн ч биш юм байна гэж бодогдсон.
Л.ЭНХБААТАР БАГШИЙН МИНЬ ЗАХИАС СПОРТДОО ҮНЭНЧ ҮЛДЭХЭД ИХ НӨЛӨӨЛСӨН
-Эмэгтэй байтугай эрчүүд тэр бүр хичээллэж зүрхэлдэггүй спортын нэг нь яах аргагүй бокс. Эл спортоор хичээллэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ. Дэмжсэн үү?
-Тийм ч дуртай байгаагүй. Ур чадвар ахин, амжилт гаргаж эхлэхээр хэний ч бодол өөрчлөгддөг юм билээ. Одоо аав, ээж хоёр маань хэзээний дасгалжуулагч шиг “Тэг, ингэ” гээд зөвлөж, тоглолтыг минь аль болох үзэхийг хичээдэг.
Би багадаа хөдөлгөөнтэй, сахилгагүй, эршүүд хүүхэд байсан. 2003 онд боксын бэлтгэл хийж эхлэхдээ тамирчин болно гэж ер бодоогүй. Манай сургуульд боксын дугуйлан нээгдэхэд нь ангийнхантайгаа хамт бүртгүүлсэн юм би. Нэг нэгээрээ орхисоор тэднээс ганцаараа үлдсэн.
Боксын спортын А үсэг заасан Хүдэрбаатар багш маань намайг Л.Энхбаатар дасгалжуулагчтай танилцуулж, шавь оруулсан юм. Би Л.Энхбаатар багшийн анхных нь эмэгтэй шавь. Миний өнөөгийн амжилт багштай минь салшгүй холбоотой. Анхандаа би чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, биеэ хамгаалж сурах зорилготой байв.
Хамт бэлтгэл хийдэг байсан охид “Ирээдүйд олимпод түрүүлж, үндэсний шигшээ багийн тамирчин болохыг мөрөөддөг” гээд л ярина. Харин би “Биеэ л хамгаалаад сурчихъя, хэдхэн сар хичээллээд болино” хэмээн бодож байв. Хоёр жилийн дараа гэхэд өнөөх хүүхдүүд бокс тоглохоо больж, би ганцаараа үлдсэн.
“Тууштай зүтгээд бай. Амьдрал миний охиныг амжилтаар шагнана” гэсэн багшийн захиас намайг боксдоо үнэнч үлдэхэд их нөлөөлсөн. Үүний сацуу хичээллэх тусам татагдан, амжилт гаргасны дараа бүр ч дурладаг юм билээ.
-Бүсгүй хүн боксоор хичээллэх амаргүй гэдэг. Бэлтгэл хийж эхлэхэд хамгийн хэцүү нь юу байв?
-Үнэнийг хэлэхэд эмэгтэй хүн тулааны спортоор хичээллэдэг гээд төсөөлөхөд ч бэрх байсан. Бэлтгэл хийж эхлэхээс өмнө боксын талаар ямар нэгэн ойлголт надад байгаагүй. Харин амьдралаа холбосныхоо дараа ташаа ойлголттой явснаа ухаарсан. Жинхэнэ эр зоригийн, бэртэл авахаас сэргийлсэн төрөл бүрийн хамгаалалттай спорт гэдгийг нь ойлгосон юм.
Би анхандаа бэлтгэлээ эрэгтэй тамирчидтай хамт хийдэг байв. Тэд намайг эмэгтэй гэж өрөвдөхгүй, жинхнээсээ тулалдана. Цохилт нь хүчтэй, гар нь чанга гэж жигтэйхэн. Ихэнхдээ би “зодуулна”. Тэгээд шарандаа “За, яах вэ. Чамаас мундаг тамирчин болно доо” гээд уйлдаг байлаа.
Багш “Нандиа, мөн ч шартай шүү. Эрэгтэй хүүхдэд ялагдаж байсан ч зодуулаад л урагш зүтгэдэг” гээд инээдэг юм. Багш маань Монголд эмэгтэйчүүдийн бокс хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан. Би боксоор хичээллэж эхлэхдээ клубтээ бэлтгэл хийгээд л тэмцээнд оролцдог байв. Багш маань 2007 онд эмэгтэй тамирчдыг цуглуулж, Спортын төв ордонд хамт бэлтгэл хийлгэдэг болсон.
Нэгдэж, арга туршлагаа хуваалцдаг болсон үеэс бидний амжилт эрс ахин, анхны тодотгол бүхий олон амжилт гаргаж эхэлсэн. Дараа жил нь Ц.Цэрэнчимэд Азийн АШТ-ээс Монголын эмэгтэй ширэн бээлийтнүүдийн анхны медалийг хүртэж билээ. Тухайн үед шигшээ баггүй байсан болохоор бид тэмцээн, бэлтгэлийн зардлаа хувиасаа гаргаж, аав, ээжээсээ авдаг байв.
Автобусны мөнгөнөөс авхуулаад бүхий л зардлаа гэр бүлийнхнээсээ авахаас санаа зоволгүй яах вэ. Бокс тоглохоо болиод, ажил хийдэг ч юм бил үү гэж хүртэл бодно. Тэр бүхнийг даван туулахад багш минь л тусалсан. Биднийг төрсөн охиноосоо дутахгүй хайрлаж, халамжилдаг. 2010 онд эмэгтэй бокс олимпын хөтөлбөрт багтсан нь бидний амжилтад том хөшүүрэг болж, урам өгсөн.
Тухайн үед Монголын эмэгтэйчүүдийн анхны шигшээ багийг долоон боксчин, хоёр дасгалжуулагчтайгаар байгуулахад нь би багтлаа. Харамсалтай нь, багшийг дипломгүй гээд шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад оролцуулаагүй.
Юу мэддэг, чаддагаа төдийгөөс өдий хүртэл харуулан, нотолж яваа хүнийг улс маань ашиглахгүй байгаад харамсдаг. Ямар ч дипломоос илүү ур чадвар, туршлага чухал баймаар юм, уг нь.
НЭГ МЭДЭХ НЬ ЭЭ, ХҮНД ЦОХИЛТОД ОРООД ХЭВТЭЖ БАЙСАН
-15 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргасан юм билээ. Өсвөр үе, залуучуудын ангиллын тэмцээнээс бус, шууд улсынхаа шилдгүүдтэй өрсөлдөөд медаль авсан нь сонирхол татаж байна.
-Боксоор хичээллэж эхэлснээс хойш сар гаруйн дараа болсон тэмцээн л дээ. Би эхний тойрогт гоц мөргөн, хүрэл медалийн болзол хангасан. Мөнгөн медалийн төлөө тоглохдоо ёстой хөглөсөөн. Нэг мэдэх нь ээ хүнд цохилтод орон, хэвтэж байж билээ (инээв).
Дэвжээнд гараад хэдэн секунд болсныг ч бүү мэд. Дараа жилийнх нь Бүх ард түмний спартакиадад намайг нас хүрэхгүй гээд оролцуулаагүй. Тэгээд УАШТ-ээс 2005, 2006 онд дараалан мөнгөн медаль авч, Бээжингийн олимпын өмнөх жил анхны түрүүгээ хүртсэн.
-Та насанд хүрэгчдийн УАШТ-д завсаргүй 11 удаа түрүүлсэн. Монголдоо дийлдэхгүй, тасархай байна гээд хааяа өөрөөрөө онгирмоор санагдах юм уу?
-Би ёстой тэгж бодож байгаагүй. Харин эсрэгээрээ өөрийгөө чамладаг. Бэлтгэл хийн, бусадтай өрсөлдөх бүртээ улам хичээх хэрэгтэйг ухаардаг. Багш надад “Тариан түрүү өндөр ургах тусмаа бөхийдөг. “Би хамгийн шилдэг нь боллоо” гэж бодох юм бол амжилтад хэзээ ч хүрэхгүй” хэмээн үргэлж захидаг.
Би түүнийг нь байнга санаж явахыг хичээдэг. Сурах зүйл олон байна, болоогүй шүү гэж өөрийгөө хурцлах дуртай.
-Монголд эмэгтэйчүүдийн бокс хэр хөгжиж байна вэ. Олимп, дэлхийн олон медальтантай болоход хамгийн чухал зүйл юу бол?
-Манай улсад эмэгтэйчүүдийн бокс хөгжөөд удаагүй. Бид бусад орны тамирчдаас техник, ур чадвараар дутахгүй. Дэлхийн шилдгүүдийн хэнтэй нь ч эн тэнцүү тоглодог. Хэдийгээр цөөхүүлээ ч аль хэдийнэ дэлхийн түвшинд хүрсэн.
Дасгалжуулагч ур чадвартай, тамирчидтайгаа амь нэгтэй, бэлтгэлээ л сайн хийж чадвал дэлхийн олон медальтантай болж, олимпод амжилт гаргах цаг ойрхон. Бусад орны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийн, олон улсын тэмцээнд тогтмол оролцвол амжилтад улам дөхөх нь гарцаагүй.
ОДООГООР НАМАЙГ ШИГШЭЭ БАГТ ЭРГҮҮЛЭН АВААГҮЙ БАЙГАА
-Өнөөгийн нийгэмд тэр тусмаа Улаанбаатар хотод амьдрахад өртөг өндөр. Цалин нь гэр бүлд нь хангалттай хүрдэг үү. Шигшээ багийн тамирчин хэвээрээ юү?
-Одоо шигшээ багтаа байхгүй байгаа. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн хангарьд клубтээ байгаа хэвээр. Мөн саяхнаас “Империал Кастл” компанийн Мөнхбаяр захирал маань намайг дэмжиж байгаа. Өмнө нь тус компанийн тамирчин байсан. Өө, тэгээд яг үнэндээ дэлхийн аваргын дараа нийгмийн байдал маань дээрдээгүй болохоор цалин үнэндээ хаана, хаанаа ч хүрдэггүй ээ. Сайн хүмүүсийн ачаар болж л байна.
Энэ ташрамд, одоог хүртэл надад итгэл хүлээлгэн, дэмжсээр байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага, “Империал кастл” компанийн захирал Мөнхбаяр ахдаа баярлаж явдгаа илэрхийлье. Буцаад бэлтгэлдээ ороход сэтгэл зүй, ахуйн байдал, мөнгө санхүүд хүртэл маш их дэмжлэг туслалцаа хэрэг болдог юм байна лээ. Эргээд бэлтгэлдээ санаа зовох зүйлгүй ороход аав ээж, нөхөр, хадмууд маань маш их тус болсон. Мөн Энхбаатар багш, Баттулга дасгалжуулагч маань, “Хангарьд” спорт хорооны удирдлагууд, “Имприал кастл”-ын Мөнхбаяр ах маань гээд эргээд бэлтгэлдээ орох нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн хүмүүст маш их баярлаж, талархаж байна. Та нарынхаа ачыг амжилтаар заавал хариулна аа.
- Нандиад боксоос өөр авьяас бий юү?
-Өөр авьяасаа нээж амжаагүй л явна.
-Та рингэн дээр зоригтой, дайчин байж чаддаг. Харин амьдрал дээр тэгж чаддаг уу?
-Спортоос олж авсан чанараа амьдрал дээр ч хэрэгжүүлэхийг хичээдэг. Ер нь шантрахгүй байж аливаа юманд дайчин байхыг хичээдэг. Ажил бүтээхдээ “Би ч нүүрний буянтай шүү” өөртөө хэлж, гараад л бүтээчихдэг шүү дээ.
ТОКИОГИЙН ОЛИМП ХОЙШИЛСОН НЬ ДУТУУГАА ГҮЙЦЭЭХ БОЛОМЖ НАДАД ОЛГОЛОО
-Токиогийн олимп хойшилсон нь танд дутуугаа гүйцээх боломж олголоо. Таны цаашдын зорилго?
-Гол зорилго маань мэдээж олимп. Олимп хойшилсон гэдгийг сонсоод бүр гэгэлзчихсэн. Яг надад л боломж олгож байгаа юм шиг санагдаад. Токиогийн олимп хойшилсон дутуугаа гүйцээх боломж надад олголоо. Одоо олимпийн медальтан болох, дэлхийн аваргын медалийнхаа өнгийг хувиргах, хослуулахын төлөө бүхнээ дайчилна.
-Хэрвээ Токиогийн олимп товлосон хугацаандаа, 2020 онд болсон бол оролцох боломж байсан уу?
-Байгаагүй. Зурагтаар л үзээд суух байсан.
РИНГЭНД ГАРААГҮЙ УДСАН БОЛОХООР ИХ САНДРАХ БАЙХ ДАА
-Удахгүй оны өмнө УАШТ болно. Төрснөөсөө хойш тэмцээнд оролцоогүй байх. УАШТ-д та бэлэн үү?
-Ер нь бэлэн болж л байна. Рингэнд гараагүй удсан болохоор жаахан сандрах л байх даа. Яг л тэмцээнд анх оролцож байсан шигээ.
-Мэргэжлийн боксоор хичээллэх хүсэлтэй гэсэн. Хэрвээ боломж бүрдвэл тэрэнтэй л тулалдах сан гэж бодож явдаг боксчин бий юү?
-Тийм ээ, мэргэжлийн рингэнд тулалдах хүсэлтэй. Сонирхогчдын боксоор надтай өрсөлддөг байсан Марлен Спарза гээд америк тамирчин бий. Түүнд би нэг ялагдсан. Тэр тамирчин одоо мэргэжлийн дэвжээнд өрсөлдөж байгаа. М.Спарзагаас даагаа нэхнэ дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жудо чөлөөтийхэн дэлхийгээс хүрэл аваад л гаавъяа
т болдог байхад Боксын холбоо юу хийж байдаг байна