Сэтгэл дулаацуулах эх, үрсийн түүхүүд

“Reader’s Digest” сайтын Америк уншигч нар өөрсдийн дурсамжид үлдсэн эх, үрийн холбооны нандин мөчүүдээ бичжээ. Эх, үрсийн баярыг тохиолдуулан бид та бүхэндээ тэдний түүхийг орчуулан хүргэе.
Миний хайртай бариста

АНУ-ын Охайо мужид оршин суудаг Женнифер Стокбергер өглөөний кофеноос болж тохиолдсон хөгжилтэй явдлаа “Reader’s Digest” сайтад хуваалцсан байна. Стокбергер бичихдээ “Нэг өдөр би өглөөг эрч хүчтэй эхлүүлж чадахгүй байсан тул нөхөртөө тоглоомоор чи бөмбөг хаялаа даа гэж хэлсэн юм. Манай таван настай хүү миний ярьсныг сонсоод надаас бөмбөг хаях гэж юу юм бэ гэж асуусан. Хэдэн минутын дараа, манай хүү унтлагын өрөөнд цалгилтал нь дүүргэсэн кофетэй аяга барьж орж ирээд аавдаа та бөмбөг унагаасан ч би бариад авчихсан гэж хэлсэн. Тэгээд тэр надад хамгийн хачин амттай, усархаг гэхдээ сэтгэл дулаацуулам кофегоо өгсөн юм даа” хэмээжээ.
Хамгийн гайхалтай адал явдал

Флорида мужид амьдардаг Катерин Коландреа бичихдээ “Эмч нар манай нөхөр, бид хоёрыг хэзээ ч хүүхэдтэй болохгүй гэж хэлсний дараа дэлхийгээр аялж, адал явдлыг хайхыг бид хүссэн. Ингээд Сидней хотын дуурийн театр, Лас Вегас, Норвегийн үзэсгэлэнт фьордууд. Мөн Хонолулу арлын тайван дөлгөөн эрэг, Шотландын цамхаг, хуучны сүмүүд, Бахамын арлууд. Бид Исландын алдарт Цэнхэр рашаан руу явахаар төлөвлөж байтал би жирэмсэн болсон гэдгээ мэдсэн. Одоо бид гадаад руу тийм ч их аялахаа больсон. Хүүхэд өсгөх гэдэг нь хамгийн гайхалтай адал явдал гэдгийг бид ухаарсан” гэсэн байна.
Гурван үг

Нью-Жерси мужийн оршин суугч Абигайл Вортман “Нэгдүгээр ангийн анхны хичээлийн өдөр сургуулийнхаа урд хаалганы өмнө их л сандраад зогсож байж билээ. Тэгээд би ээждээ хамгийн их санаа зовж байгаа зүйлээ хэлээд, “Би яаж шинэ найзуудтай болох уу” гэж хэлсэн. Ээж минь над руу хараад “Швейцар шиг бай. Хүн болгонтой эвсэг харьцаж, бүгдэд шударга, үнэнчээр ханд” гэж зөвлөж байсан юм. Үүнээс хойш хорин жилийн турш уг зөвлөмжийг дагасаар ирсэн. Тун удахгүй би сургуулиа төгсөж жинхэнэ амьдралд хөл тавина. Тэр өдөр надад шинэ үүрэг, хариуцлага ирэх үед би “Швейцар шиг бай” гэж өөртөө хэлэх болно” гэж бичжээ.
Миний бяцхан гэгээнтэн, Ник

“Би зургаан настай хүү, Николасаа дагуулан хүнсээ дэлгүүрээс цуглуулж байсан юм. Ник лаазалсан хэрээний нүд өгөөд “Ээж энийг авах уу” гэж асуусан. Би түүнд “Хэрээний нүдэнд би их дуртай. Миний хамгийн дуртай ургамал. Гэхдээ арай л үнэтэй юм” гэж хэлээд буцаагаад тавьчихсан. Гурван сарын дараа Зул сарын модон доор бэлгийн уутанд багласан лааз байхыг нь хараад онгойлгож үзтэл даршилсан хэрээний нүд байдаг юм даа. Ник надад мөнгөө цуглуулж байгаад тэр лаазалсан хэрээний нүдийг Зул сарын бэлэг болгон авж өгсөн гэдгээ хэлсэн. Тэр бол миний Зул сараар авж байсан хамгийн сайхан бэлэг” хэмээж Вайоминг мужийн оршин суугч Бренда Бокор Висмер бичсэн байна.
Сэтгэлд хоногшсон шүлгийн бадгууд

Миннесота мужид амьдардаг Пат Витти бичихдээ “Миний зайлшгүй болно гэж айж байсан цаг ирсэн юм. Би ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан ч аль болох бодохгүй байхыг хичээдэг байсан. Миний ээж байрны төлбөрөө төлөхөө мартаж эхлэх болсон учир би түүний санхүүг барьж эхэлсэн юм. Тэр үед би ээжийнхээ хэтэвчийг шалгаж байхдаа нэгэн гайхалтай зүйл харсан. 1960-аад онд, олон улсын ээжүүдийн өдрөөр түүнд бичиж өгсөн дөрвөн ширхэг шүлэг хэтэвчнээс нь гарч ирсэн. Ээж минь тэдгээр шүлгүүдийг 50 жилийн турш хадгалжээ” хэмээсэн аж.
Эх сурвалж: Reader’s Digest
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.