ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ДЭМБ коронавирусийн гарал үүслийг судлах шинэ баг байгуулахаар боллоо

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ “SARS-CoV-2” вирусын гарал үүслийн мөн чанарыг тодорхойлохын тулд нэмэлт судалгаа хийхээр төлөвлөж байна. ДЭМБ улс орнуудын Засгийн газруудтай хамтран шинэ коронавирусийн гарал үүслийг судлах ажлыг түргэсгэнэ гэж найдаж байгаа гэж мэдэгдлээ.

Коронавирусийн гарал үүслийн талаархи судалгааны эхний үе шатны тайланд одоо байгаа таамаглалыг үгүйсгэх шинжлэх ухааны мэдээлэл хангалтгүй байгааг ДЭМБ онцлов.

Тус байгууллага нь шинэ коронавирусийн эмгэг төрүүлэгчийн гарал үүслийн талаархи Олон Улсын Шинжлэх Ухааны Зөвлөх Баг (SAGO)-т хамрагдах нээлттэй уралдаан зарлав.

Шинэ баг бүрэлдэхүүн зөвхөн коронавирусийн гарал үүсэл, бусад вирусийн шалтгааныг судлах аж.

ДЭМБ мөн Дэлхийн улс орнуудын бүх Засгийн газруудыг ялгавартай хандлагыг орхиж, нөхцөл байдлыг улс төржүүлэхгүй байж, шинэ коронавирусийн халдварын гарал үүслийн судалгааг хурдасгахын тулд хамтран ажиллахыг уриаллаа. Шинжлэх ухаанд суурилсан дараа дараагийн цуврал судалгааг аль болох хурдан эхлүүлэхийн тулд хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа ДЭМБ илэрхийлэв.

Хятадын Үхань хот анх шинэ коронавирусийн халдвар илэрсэн. 2019 оны сүүлээс эхлэн халдвар тархсан. Үүний дараа Үхань хотын вирус судлалын хүрээлэнгийн лабораториос “КОВИД-19”-ийг үүсгэгч нян алдагдсан байж болзошгүй гэсэн мэдээлэл удаа дараа цацагдаж эхэлсэн.  

2021 оны гуравдугаар сард ДЭМБ-ын мэргэжилтнүүд “BSL-4” лабораторид зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж байсан юм. Үүний дараа, коронавирусийг зохиомол гарал үүсэлтэй, өөрөөр хэлбэл лабораторийн аргаар бүтээсэн гэсэн хувилбарыг магадлал багатай гэж нэрлэсэн. Харин бусад гурван хувилбарыг гол хувилбар гэж үзсэн: сарьсан багваахайнаас хүнд шууд халдварласан, өөр төрөл зүйлийн амьтнаас халдсан, хоол хүнсний сүлжээгээр дамжсан /ялангуяа, вирус нь хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнд хадгалагдаж Үхань руу нэвтэрсэн) гэсэн гурван хувилбарт таамаг байгаа юм.

Гэсэн хэдий ч, ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус хэлэхдээ, шинжээчдийн баг судалгааны явцад тодорхой бэрхшээлтэй тулгарсан гээд, тэдгээр бэрхшээлийн нэг нь цар тахлын гарал үүслийн талаархи мэдээллийг багтаасан датад нэвтэрч орох байсан гэв. Үүнийг Хятадын эрх баригчидтай холбон тайлбарлаж байгаа юм.

Хожим нь, ДЭМБ-ын Хятад дахь судалгааг удирдсан шинжээч Питер Эмбарек хэлэхдээ, Үхань хотод “КОВИД-19”-ийн халдвар авсан тэг хавьтагч буюу хамгийн эхний өвчтөн нь судалгаа хийж байсан лабораторийн ажилтан байж магадгүй гэсэн юм.

(Эх сурвалж: ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button