"Оюутнуудад тоомжиргүй хандсан баримт байвал гомдол гаргаж болно"

Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, Засгийн газар ээлжит бусаар, хаалттай хуралдсан. Хуралдааны дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Мөн Украин дахь консулын газрын ажилтнууд оюутнуудад тоомжиргүй хандсан гэх мэдээлэл байгаа. Үүнд ГХЯ-ны Консулын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Болд хариулт өглөө.
Тэрбээр "Одоогоор энэ агуулгаар гомдол гаргасан иргэн алга.
Гомдол гаргасан гэсэн баримттай зүйл байгаа бол хандаж болно, бид арга хэмжээ авч ажиллана.
Манай консулын газрын шуурхай утас 83042222. Мөн 70082222 руу утастаж, мэдээлэл өгч болно.
Харин нөхцөл байдал ийм болохоос бүр өмнө хэдэн оюутан "Тусгай үүргийн нислэг явуулах боломжтой юу" гэж хандсан. Тэр үед "Нөхцөл байдал гайгүй байна, боломжтой бол эцэг эхтэйгээ зөвлөлдөөд өөрсдийн зардлаар ирвэл зүгээр" гэж зөвлөсөн. Энэ дагуу 41 оюутан ирчхээд байгаа.
Нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байна, таамаглахад хүнд байна.
Бид өнөөдрөөс эхлээд сургуулиудад нь бичиг явуулж, чөлөөлж өгөх хүсэлт тавьж байтал гэнэт ийм нөхцөл байдал үүслээ. Зарим төгсөн курсийн оюутнуудын сургууль нь явуулахгүй гэж хандсан тул бид энэ бичгийг өнөөдрөөс эхэлж явуулахаар төлөвлөөд байсан.
Харьков хотын оюутнуудыг хонгил дахь хоргодох байранд оруулсан. Киевт байгаа нь оюутны дотуур байранд байршиж байна гэх мэдээлэл бий" гэлээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.