Ажлаа өгсөн А.Мөнхбат МЗХ-ны Ерөнхийлөгчийн суудалд шунасаар явна

Монголын залуучуудын холбоог тойрсон хэрүүл дуусдаггүй. Даргын сандал суудал, дарга нарын томилгоотой холбоотой асуудал л тэдэнд чухал болохоос Монголын залуучуудын төлөө юу хийж буй нь төдий л тодорхой бус. “Тэргүүний залуу” медаль тарааж суудаг газар болсон гэхэд нэг их буруудахгүй.
Өнгөрсөн 2020 оны тавдугаар сарын 8-нд тус холбооны гишүүд зургадугаар Их хурлаа хийж, Ерөнхийлөгч А.Мөнхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Улмаар түүний оронд МЗХ-ны Ерөнхийлөгчөөр О.Гэрэлт-Одыг сонгосон юм. Гэтэл А.Мөнхбат нь түүнээс хойш хоёр жил орчмын хугацаанд буцаж ажлаа авахаар шүүхдэж явна.
Тухайн үед ажлаа авсан шинэ удирдлагууд нь А.Мөнхбатыг чөлөөлсөн хэд хэдэн шалтгаан хэлж байв. Тухайлбал, нас нь хэтэрсэн гэх. Залуучуудын холбооны дүрмээр гишүүдийн насны хязгаар 40 байх ёстой. А.Мөнхбат өдгөө 43 настай. Хоёрдугаарт, МЗХ-ны даргыг нэг удаа улираан томилох ёстой. А.Мөнхбат нь 2012 онд МЗХ-ны ерөнхийлөгчөөр анх удаа сонгогдож, 2015 онд түүнийг улираан сонгож байжээ. Нийтдээ долоон жил тус албыг хашсан байх юм.
Түүнчлэн А.Мөнхбатыг 2016 оны улс төрийн сонгуульд Иргэний хөдөлгөөний намыг удирдан МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагын залуучуудын төлөөллийг тус намаас нэр дэвшүүлсэн. Гүйцэтгэх хороо болон салбар холбоодын гишүүдийг Алтан дээд үнэний аялгуу гэх шашны үзэл сурталд оролцохыг шаардсан, салбар зөвлөлийн тэргүүнүүдийг дүрмийн бусаар үүрэгт ажлаас чөлөөлсөн зэргээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн тэргүүн нараас тус холбооны Хариуцлагын хороонд гомдол гаргаж байжээ.
Тэгвэл дээрх шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй, ажлаа өгөх ёсгүй байсан хэмээн МЗХ-ны Ерөнхийлөгч асан А.Мөнхбат хуулийн байгууллагад гомдол гаргасан байна.
Түүний гомдлыг энэ сарын 29-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 13:30 цагт товложээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.