ВИДЕО КОНТЕНТНийгмийн

Ж.Даваалхам: Бэлгэвч давхарлаж хэрэглэх нь эрсдэлийг бууруулах биш НЭМЭГДҮҮЛДЭГ

ХӨСҮТ-ийн ХДХВ-ийн тасгийн албаны дарга, их эмч Ж.Даваалхамтай ярилцлаа.


-Манай улсад өнөөдрийн байдлаар бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа тэмбүүгийн тоо, судалгаа ямар байна вэ?

-Бэлгийн замаар дамжих өвчлөлийн мэдээг бид сар бүрээр нь улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас авдаг. Тоон мэдээг харахад энэ оны эхний гурван сарын байдлаар Бэлгийн замын халдварын 2500 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ тоог 2021 оны мөн энэ үетэй харьцуулахад, 70 гаруй тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.

2020 оноос өмнө жилдээ зонхилон тохиолдох бэлгийн замын халдварт өвчний 16 мянган тохиолдол бүртгэгддэг байсан. /Тэмбүү, заг хүйтэн,  трихомониаз, ХДХВ/ Энэ тохиолдлуудын 40-д хувийг нь тэмбүү өвчин эзэлдэг байсан. Харин сүүлийн хоёр жил дараалаад тэмбүүгийн өвчлөл буурсан.

Төрөлхийн тэмбүүгийн хувьд өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 19 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс зургаан нярай эндэж, гурван амьгүй тохиолдол гарсан. Харин он гарснаас хойш төрөлхийн тэмбүүгийн гурван тохиолдол бүртгэгдсэн. Эл гурван тохиолдол жирэмсний хяналтдаа ороогүй эмэгтэйчүүд байсан. Иймд жирэмсэн эмэгтэйчүүд маань жирэмсний хяналтдаа орж, мөн тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээндээ хамрагдах ёстой юм шүү.

Мэдээлэл болгож хэлэхэд, сүүлийн 5-6 жил мэдрэлийн тэмбүү, нүдний тэмбүүгийн дуудлага хааяа, хааяахан орж ирж байгаа. Тэмбүүгээ эмчлүүлэхгүй удаан явахаар хүндэрдэг байхгүй юу. Зарим нэг нь тэнэгрэлд хүрдэг. Нүдний тэмбүү бол бүр сохордог.

-Тэмбүүг эрт үед нь илрүүлэх хамгийн сайн шинжилгээ юу вэ. Зарим иргэд яг хаана очиж шинжилгээ өгөхөө мэдэхгүй байж мэдэх юм?

-Бэлгийн замаар халдах халдварын тусламж үйлчилгээг улсын бүх эмнэлэг, дүүргийн эмнэлэг доторх кабинетаас авах боломжтой.

  • Өрх сумын эмнэлэгт: Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авдаг.
  • Аймаг, дүүргийн эмнэлэг болон ХӨСҮТ-д: Сериологийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ шинжилгээг цусаар авдаг.

Жирэмсний хяналтад хамрагдаж байгаа эмэгтэйчүүд маань өрх, сумынхаа эмнэлэг дээр тэмбүү, ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээг өгдөг. Тэгэхээр хяналтдаа эрт ороод, шинжилгээгээ өгсөн тохиолдолд тухайн хүн халдвартай гарвал эмчлүүлээд ураг нь болоод өөрөө эрүүл байх боломжтой.

-Дээрх шинжилгээнүүдийг төлбөртэй авдаг уу?

-Өмнө нь бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг үнэ төлбөргүй авдаг байсан. Харин одоо Эрүүл мэндийн даатгал төлсөн хүмүүс энэ үйлчилгээг авах боломжтой болсон. Даатгал төлөөгүй иргэд энэ шинжилгээг өгөх боломжгүй гэсэн үг, улсын эмнэлгүүдэд. Эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй иргэд ч мөн нөхөж төлөөд шинжилгээ өгөх боломжтой.

-Манай улс бэлгийн замын халдварт өвчинтэй иргэдийг ямар тогтолцоогоор илрүүлж байна вэ?

-Бэлгийн замын халдварт өвчинтэй иргэдийг идэвхтэй болон идэвхгүй тандалтаар илрүүлдэг.

  • Идэвхгүй тандалтад: Эмнэлэгт сайн дураараа шинжилгээнд хамрагдах гээд ирж байгаа хүмүүс багтана
  • Идэвхтэй тандалтад: Эмч нар өөрсдөө тандан үзлэг хийж, илрүүлсэн хүмүүс багтана.

Бэлгийн замын халдварт өвчний тухайд нэг онцлог шинжтэй. Бид зөвхөн тухайн хүнийг эмчлээд гаргадаггүй. Хавьтагчийг нь хамт эмчилдэг. Өөрөөр хэлбэл, цаана байгаа хавьтагчийг шинжилгээнд хамруулахаар тухайн ирсэн үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж, урилга илгээнэ. Ер нь идэвхтэй тандалт хийсэн хамгийн том шинжилгээний ажил 2019-2021 онд явагдсан. 2019 оны долдугаар сараас 2021 оны долдугаар сарын хооронд "Тэмбүү устгая" гээд үндэсний хэмжээний аян өрнүүлж, нэг сая 100 мянга гаруй хүн хамруулсан. Энэ тандалтаар 11 мянга гаруй тэмбүүгийн шинэ тохиолдлыг илрүүлж, эмчилгээнд хамруулсан. Нэг хүн цааш нь 2-3 хүнд халдвар тараах эрсдэлтэй гэж үздэг. Ингээд үзэхээр бид ойролцоогоор 20-30 мянган хүнийг халдвар авахаас сэргийлж чадсан л гэсэн үг.

Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид маань өөрсдийнхөө боломж бололцоогоор сайн ажиллаж байгаа гэж би боддог. Харин иргэд маань "Эмч миний төлөө намайг халдвартай юу, үгүй юу гэдгийг олж илрүүлэх ёстой" гээд суугаад байж болохгүй. Эмнэлэгт сайн дураараа ирж, шинжилгээ өгөх хүмүүсийн тоо нэмэгдээсэй. Бид хамтарч байж л энэ өвчний ард гарна. Эрсдэлтэй алхам хийлгүйгээр, бэлгийн хамтрагчдаа, ханьдаа үнэнч байгаарай. Үнэхээр эрсдэлтэй алхамд ордог юм бол бэлгэвч хэрэглээч. Бэлгэвчийг зөв хэрэглэж сураач ээ.

-Бэлгэвчинд эргэлздэг хүмүүс цөөнгүй бий. Бэлгэвчтэй бэлгийн хавьталд орсон хэдий ч бэлгийн замын халдварт өвчин авсан тохиолдол гарч байсан болов уу?

-Ер нь бэлгийн замаар халдах халдвараас хүн өөрөө, өөрийгөө л хамгаална. Тиймээс эрсдэлтэй бэлгийн хавьталд орох хэрэггүй. Ханьдаа, бэлгийн хамтрагчдаа л үнэнч байх ёстой. Энэ л таныг 100 хувь хамгаална. Бэлгэвч 100 хувийн хамгаалалтын хэрэгсэл биш. Бэлгийн хавьталын үед бэлгэвч урагдаж, өвчин авсан гэсэн өгүүлэмжтэй үйлчлүүлэгчид цөөнгүй байдаг. Зарим залуучууд "Бэлгэвчээ давхарлаад хэрэглэчихье" гэдэг. Бэлгэвчийг давхарлаж хэрэглэснээр урагдах эрсдэл бүр их нэмэгдэнэ. Ер нь бол тохиолдлын бэлгийн хавьталд л орохгүй байх хэрэгтэй. Тэгж байж л өөрсдийгөө хамгаална.

-Дээр төрөлхийн тэмбүүгийн талаар товчхон яриад өнгөрсөн. Ургийг хэдэн сартай байхад нь эмчлүүлж, оношлуулбал хүүхэд эрүүл төрөх боломжтой вэ?

-Жирэмсний эхний гурван сар хяналтдаа орж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Хэрэв шинжилгээгээр тэмбүү илэрсэн бол ээжийг эмчлэхэд урагт халдвар дамжих нь зогсоно. Тийм учраас аль болох л эрт шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Бүр хожуу оношлогдсон тохиолдолд эрсдэлтэй. Ээжид нь эмчилгээ хийхээр зулбах, дутуу төрөх гэх мэт хүндрэлүүд гардаг. Тэгэхээр энэ эрсдэлийг тооцоолоод жирэмсэн эмэгтэйчүүд эрт шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

Гэр бүл төлөвлөлтийн асуудал маш нарийн шүү дээ. Залуучууд хэрвээ хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол хоорондоо ярилцаад жирэмслэхээсээ өмнө аль, аль нь шинжилгээнд хамрагдаад эрүүл эсэхээ тодорхойлох хэрэгтэй.

-Тэмбүү бүрэн эмчлэгддэг үү?

-Бэлгийн замын өвчнүүдээс зарим нэгэн вирусийн гаралтай халдварууд л архаг хэлбэрт шилжээд үлддэг. Харин тэмбүү бүрэн эмчлэгддэг. Залуучуудад анхааруулж хэлэхэд, залуу байхдаа эрсдэлтэй алхамд ороод ямар нэгэн байдлаар тэмбүүгийн халдвар авлаа гэхэд насан туршдаа тэмбүүгийн өвчин үүсгэгчийн эсрэг үүссэн эсрэг бие насан туршдаа цусанд нь үлдчих тохиолдол байдаг. Тэгэхээр дараа нь жинхэнэ ханиа сонгоод хүүхэд төрүүлэх гээд эмнэлэгт очоод шинжилгээ өгөхөөр яг тэр эсрэг бие нь гараад ирдэг. Гэхдээ эмнэлэгт бол халдвар мөн, халдвар бишийг нь бол ялгачихна. Түргэвчилсэн оношлуураар үзэхэд халдвар авч байсан эсрэг бие байна гэдгийг нь гаргаад ирдэг. Тэр тохиолдолд гэр бүлийн харьцаанд сэв суух гэх мэт сөрөг зүйлүүд гардаг. Тэгэхээр аль болох энэ өвчнөөр өвчлөхгүй байхыг л хичээх хэрэгтэй.

Тэмбүү эдгэрдэг ч хэзээ ч дархлаа тогтохгүй. Тэгэхээр байнга тохиолдлын бэлгийн хавьталд ордог, бэлгийн замбараагүй амьдралтай л хүн бол амьдралынхаа туршид хэдэн ч удаа тэмбүүгийн халдвар авч болно гэсэн үг.

-Эдгэх хугацаа болон эмчилгээний тухайд жаахан дэлгэрүүлбэл?

-Тэмбүүгийн эмчилгээ бол найзын үгээр аль эсвэл дурын эмийн сан ороод захын эм зүйчээр заалгаад хийлгэчих эмчилгээ биш. Тэгэхээр зайлшгүй мэргэжлийн эмчид хандаж, оношлуулах хэрэгтэй. Хоёр жил мэргэжлийн эмчийн хяналтан дор эмчилгээ хийлгэх ёстой. Мэргэжлийн эмч ямар эмчилгээг хийж болох, ямар эмчилгээг хийж болохгүйг мэдэж байгаа.

-Хоёр жилийн хугацаанд эмчийн хяналтад байж, эмчилгээ хийлгэхэд тухайн хүнд хэдэн төгрөг шаардлагатай юм?

-Эрүүл мэндийн даатгалаас төлөгдөнө. Тийм учраас тухайн хүндээ зардал чирэгдэл багатай.

-Тэмбүү туссан хүнд эмчилгээний явцад ямар зөвлөгөө өгдөг вэ. Жишээлбэл, бэлгийн нэг л хамтрагчтай байхыг зөвлөдөг үү. Эсвэл бүр хамтрагчгүй байхыг зөвлөдөг үү?

-Бид эмчилгээ эхлэхээсээ өмнө хостойгоо ир гэсэн шаардлагыг тавьдаг. Тэр хүнийг хамтрагчтай нь хамт л эмчлэхгүй бол яаж ч сайхан эмчлээд буцаад халдвар авна. Зэрэг эмчилгээгээ эхлүүлчихвэл зүгээр байдаг. Харин ганц бие хүмүүсийг гурван удаагийн эмчилгээний үр дүн гартал тохиолдлын бэлгийн хавьталд орохыг хориглодог.

-Энэ хоригийг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал яригддаг уу?

-Монгол Улсын Эрүүгийн хуульд бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаахтай холбоотой зүйл заалтууд байдаг.

15.6 дугаар зүйлд “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг.

Өмнө нь би энэ хүнээс халдвар авчихлаа гээд ирдэг хүн байдаггүй байсан. Одоо залуучуудын ухамсар, бодол шал өөр болсон байна. "Тэр хүн санаатайгаар хүмүүст халдвар тараагаад байна. Түүний нэг хохирогч нь би байж болзошгүй байна" гэж ярьдаг залуус олширч байна. Энэ бол матаач муу гэдгээрээ биш нийгмээ, бусдыгаа бодож хэлж буй үйлдэл юм. Ингээд шалгагдаж байгаа тохиолдол цөөнгүй байгаа шүү.

-Хүйсээр нь ялгаад харах юм бол бэлгийн замын халдварт өвчин туссан иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд үү, эсвэл эрэгтэйчүүд байх юм уу?

-Хүйсийн харьцаа нь арай илүү байгаа нь эмэгтэйчүүд. Гэхдээ эмэгтэйчүүд бэлгийн замын халдварт өвчинтэй, эрчүүд нь өвдөхгүй байгаа юм биш. Энэ чинь хосын өвчин. Эрүүл мэндийн байгууллагад хандаад шинжилгээ өгч байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа учраас эрчүүдээс их бүртгэгдээд байгаа юм. Зайлшгүй шинжилгээнд хамрагдах ёстой хүнд жирэмсэн эмэгтэйчүүд багтдаг. Мөн сургууль цэцэрлэг, үйлчилгээний газар ажиллаж буй хүмүүсийн дийлэнх нь эмэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд ажил үүргийн, албан шаардлагын дагуу шинжилгээнд хамрагдах нь их байгаа юм. Тийм учраас эмэгтэйчүүдийн тоо дийлэнх байгаа юм.

Бэлгийн замын халдварт өвчин бол хосын өвчин. Хэрэв та өвчтэй гарсан бол бэлгийн хамтрагчаа авчирч эмчлүүлэх хэрэгтэй. Энэ бол үүрэг. Үүн дээр нэмээд хэлэхэд, "Улаан тарианыхаа үе рүү шилжлээ" гэж яриад байгаа. Ингэж дэвэргэж ярьж болохгүй.

-Гэр бүл болохоор төлөвлөж буй залуус болон энэхүү ярилцлагыг уншиж буй хэн бүхэнд та зөвлөгөө өгөхгүй юу?

-Эмэгтэйчүүд үр хүүхдэдээ анхаарал тавьж байгаа шиг эрчүүд ч мөн адил үүрэг хүлээх хэрэгтэй. Ирээдүйд эцэг эх болохоор төлөвлөж байгаа, завдаж байгаа залуучуудад хэлэхэд, ханиа сонгосон бол та ханьдаа л үнэнч байх хэрэгтэй. Тэгээд тохиолдлын бэлгийн хавьталд бүр орохоо больчих хэрэгтэй. Эрсдэлтэй алхам хийхгүй байх хэрэгтэй. Энэ бол хэн хэнийхээ эрүүл мэндийг хамгаалах алхам. Ингэснээр үр удам тань эрүүл мэндэлж, өсөж, цааш үргэлжлэхэд та өөрөө хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Тэвчиж, татгалзаж, өөрийгөө ч гэсэн хамгаалаарай.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 2, 2022 10:46

ТОХИОЛДЛЫН ПОРНО БИТГИЙ ХИЙГЭЭД БАЙ ХИЙЖ БОЛНО ҮХЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ЧИЧРЭЭД Л ДАЙРААД БАЙХАА БОЛЬ .ХЭНТЭЙ ХААНА ХЭЗЭЭ ПОРНОДОХОО МЭДЭЖ БАЙ ГАЛ ХАМГААЛАГЧ ХЭРЭГЛЭЖ ХЭВШЭЭРЭЙ ЯГ ОРИГООРОО САЙН ХАМТРАГЧТАЙГАА ХИЙГЭЭРЭЙ .ХЭЛҮҮГИЙ НЬ ТААЛАХДАА Л ШАЛГАЧИХАЖ СУРААЧ ТААНУУД ДУР ТАВИХАД НӨГӨӨ ХҮҮХЭН ЧИНЬ ТАТВАГНААД ЭРХТЭН РҮҮ ЧИНЬ ЧИМХЭЖ БАЙГАА МЭТ ӨВДӨХ МЭДРЭМЖ ТӨРВӨЛ ТА ТОРГОН ӨМД ӨМСЧИХЛӨӨ Л ГЭСЭН ҮГ.

Zochin
Zochin
5 сар 2, 2022 23:03

Bi 30 hurchiheed bavaltsahgui amidraad bna dag

Холбоотой мэдээ

Back to top button