ЦЕГ: О.Мөнхжинтэй холбоотой асуудалд шүүхээс нотлох баримтыг үндэслэлтэй гэж үзэж, цагдан хорьсон

Цагдаагийн ерөнхий газраас койн болон криптовалюттай холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун улсын хэмжээнд гаргасан бүх койныг шалгаж байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье гэсэн юм.
Тэрбээр "Койнтой холбоотой нийт 490 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнийг шалгаж байна. Бид койны ханш унасан асуудлыг шалгаагүй. Мэдээлэлд ойр байдлаа ашиглан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж байгаа. Хэрэгт холбогдсон иргэд цахим орчинд төрөл бүрийн байдлаар өөрсдийн бодлоо илэрхийлж байна. Энэ нь худал мэдээллийг түгээх шалтгаан болж буй. Тухайн иргэний гадада паспортны зургийг манай байгууллагаас цахим орчинд тавиагүй" гэлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Зөвхөн IHC койныг шалгаагүй. Зах зээлд гаргасан бүх койн, токеныг шалгаж байгаа. Үүнтэй холбоотой гэмт хэрэг гарсан эсэхийг шалгана. Койн гаргасныг нь биш. Гэмт хэргийн үндэслэлтэй хэмээн үзвэл цагдан хорих саналыг прокурорт шалгуулна. О.Мөнхжингийн хэрэгт шүүхээс нотлох баримтыг үндэслэлтэй хэмээн үзэж цагдан хорьсон" гэв.
Нийгэмд гэм буруутай үйлдэл үйлдсэн хэн ч бай тохирох хариуцлага заавал хүлээх ёстой гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахад ямар нэгэн хувь хүн, иргэний эрхийг зөрчсөн асуудал байхгүй гэдгийг мэдэгдлээ.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Крипто валют гэж юу вэ гэдгийг манай цагдаа ёстой ямар элэнцгээрээ мэдхэв дээ ! Тийм атлаа сүржигнээ л баахан заоуусын амь амьдралаар тоглоод л шал утгагүй ш дээ !