Ванесса Брайантын кэйс: Мэдээлэл задруулсан нь буруутай юу, эсвэл олж мэдээлсэн нь үү

2020 оны нэгдүгээр сард сагсан бөмбөгийн од Коби Брайант болон түүний охины аминд хүрсэн нисдэг тэрэгний ослын зураг олон нийтэд дэлгэгдсэн. Коби Брайантын эхнэр Ванесса Брайант эл үйл явдалд таатай хандаагүй. Улмаар Лос Анжелес мужийн захиргааны эсрэг нэхэмжлэл гаргаж, ялалт байгуулжээ. Ингэснээр Лос Анжелес мужийн захиргаа түүнд болон түүний гурван охинд 30-аад сая ам.доллар нөхөн төлөхөөр болсон байна.
Өөрөөр хэлбэл, ослын зургийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл анхоан дэлгэсэн ч Ванесса Брайант Лос Анжелес мужийн захиргааг шүүхэд өгсөн байна. Учир нь хэвлэл зургийг өөрсдийн эх сурвалжийн түвшинд олж, хэвлэн нийтэлсэн. Харин ослын газрын зургийг задруулах учиргүй Лос Анжелес мужийн захиргаанд гол асуудал бий гэж Ванесса Брайант харжээ.
Манай улсад ч мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэх тохиолдол цөөнгүй. Харин энэ нь тухайн хэвлэлийн байгууллагын бус, мэдээллийг анхнаасаа задруулсан субъектын үүрэх хариуцлага байж болох юм гэдгийг дээрх кэйсээс харж болохоор байна.
Монгол Улсад мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд: Аливаа нууц мэдээллийг итгэмжлэгдэн хариуцсан албан тушаалтан задруулсан тохиолдолд “Прокурор, мөрдөгч хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдээлэл өгөхгүй” гэсэн зүйл заалт бий. Нууц материалыг хариуцсан атлаа задруулсан этгээд буруутай юу, эсвэл өөрсдийн ур чадвар, эх сурвалжийн түвшинд мэдээллийг олж аван, нийтэд дэлгэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл буруутай юу?
Ванесса Брайант ослын зургийг дэлгэсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүхэд өгч болох байсан. Гэвч тэгсэнгүй. Тэгээд зургийг анх задруулсан, задруулах ёсгүй байсан субъект нь хариуцлага хүлээжээ.
2022 оны аравдугаар сард “BRB” компанийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, Гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын долоон иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсныг Цагдаагийн байгууллага илрүүлсэн бөгөөд тэдний байрласан газраас хар тамхины төрлийн бодис олдсон гэх мэдээлэл хэвлэлээр тарсан.
Харин хэрэг шалгагдаж дуусаагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан мэдээллийг дэлгэсэн хэмээн хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагыг нийтээр буруутгаж байв. Энэ асуудалд сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Ийм томчууд, нөлөөтэй хүмүүсийн хэрэг шат шатандаа замхардаг, хаагддаг. Тэдэнтэй холбоотой цаасны хэлтэрхий байсан ч бид мэдээлнэ" гэсэн байр суурьтай байсан бол сэтгүүлч Ч.Лодойсамбуу "Сэтгүүлч гэж хуулиар гадуурх амьтан биш. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах ёсгүй" гэх байр суурийг илэрхийлж байв.
Энэ бол хэвлэлийн салбарт тулгамдаж буй зөрчилтэй асуудлуудын нэг. Ямартай ч Ванесса Брайант мэдээллийг задруулахгүй байх үүрэг хүлээсэн байгууллагыг буруутай гэж үзжээ. Сэтгүүлчийн тухайд эх сурвалжийн түвшинд, олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээлэл олж авсан бол хэвлэн нийтлэх эрхтэй бас үүрэгтэй билээ.
Э.ГАНБАЯР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.