ДЭЛХИЙ

“Titan” шумбагч онгоцонд амиа алдагсад хэн байв

Пүрэв гарагт /2023.06.22/ АНУ-ын Эргийн хамгаалатын алба Титаникийн сэгийг харахаар явсан “Titan” шумбагч онгоц Атлантын далайн ёроолд асар их даралтынулмаас шахагдан сүйрч, дотор нь явсан таван хүн бүгд нас барсан гэж мэдэгдсэн. Эргийн хамгаалалтын алба өчигдөр шумбагчийн эвдэрсэн хэсгийг Титаникийн сэгээс 487 метрийн зайд олсон байна. Титаникийн сүйрсэн сэг Атлантын далайн ёроолд 3900 метрийн гүнд оршдог билээ.

Өнгөрсөн ням гарагт /2023.06.18/ “Titan” Атлантын далайд шумбалтаа эхлүүлээд нэг цаг 45 минут өнгөрсний дараа эх газартай холбоо тасарсан. Мягмар гарагт /2023.06.20/ Канадын хайгуулын онгоц металл нүдэж байгаа чимээ хайгуулын бүсээс сонссон ньшумбагч онгоц даралтад шахагдаж эвдрээгүй гэдгийг илэрхийлсэн хамгийн том сэжүүр байсан. Гэвч АНУ-ын Эргийн хамгаалалтын алба пүрэв гарагт /2023.06.22/ шумбагчийн эвдэрсэн хэсгийг далайн ёроолоос олсон. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний ахлах албан тушаалтан “CNN” агентлагт хэлэхдээ, тэнгисийн цэргийнхэн ням гарагт /2023.06.18/ шумбагч онгоц Атлантын далайд шумбаж байсан хэсэгт дэлбэрэлттэй адилхан чимээ илрүүлсэн гэсэн байна.

“Titan” шумбагч дотор Их Британийн тэрбумтан 58 настай Хамиш Хардинг, Пакистан гаралтай бизнесмен 48 настай Шахзада Давуд болон түүний 19 настай хүү Сульман, Франц гаралтай судлаач 77 настай Пол-Анри Наргеолет болон “OceanGate Expeditions”-ийн үүсгэн байгуулагч Стоктон Раш нар сууж явcан.

Стоктон Раш өнгөрсөн жил ярилцлага өгөхдөө жуулчдыг далайн гүн рүү авч явахдаа тэнд гацах вий гэхээс хамгийн их айдаг гэж хэлж байсан аж. Мөн тус компанид ажилладаг байсан хүн “Titan” шумбагч онгоцыг аюултай гэдгийг анхааруулсан боловч түүнийг ажлаас нь халж компанийн нэр хүндэд халдсан гэж зарга үүсгэж байжээ.

Хамиш Хардинг нь нисэхийн хэрэгсэл худалдаалдаг, зөвлөгөө өгдөг “Action Aviation” компанийн захирал байсан юм. Түүний найз, НАСА-гийн сансрын нисгэгч Терри Виртс Хардингийг адал явдалд их дуртай, төрөлхийн аялагч гэж “NPR” агентлагт ярьжээ. Хардинг өмнө нь далайн ёроолд шумбагч онгоцтой аялж явсан туршлагатай байсан юм.

Пакистан гаралтай бизнесмен Шахзада Давуд нь “Engro”, “Dawood Hercules Corp” компаниудын захирлаар ажилладаг байжээ. “Engro” нь эрчим хүчний салбарийн фирм, харин “Dawood Hercules Corp” хөрөнгө оруулалтын компани юм. Түүнтэй хамт 19 настай хүү Сульман нь “Titan” хөлөг дээр байсан билээ. Сульман саяхан Галзо хотын Стратклидын их сургуульд бизнесийн чиглэлээр эхний жилээ суралцаж дуусгасан байжээ.

“Titan” дотор харамсалтайгаар амь насаа алдсан тав дахь хүн бол Пол Анри Наргеолет. Тэрбээр Францын тэнгисийн цэргийн флотод 22 жилийн турш алба хаасан туршлагатай. “Ноён Титаник” хочтой Наргеолет 1986 онд тэнгисийн цэргээс тэтгэвэртээ гарч, 1987 онд Титаникийн сэгийг илрүүлэх анхны шумбалтыг ахалж явсан байна. Тэрбээр нийтдээ 37 удаа Титаник руу шумбаж тэндээс 5 мянга гаруй эдлэлийг буцааж авчрахад оролцсон юм.

Эх сурвалж: NPR, Sky News

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинцэцэгуэцэг
Зочинцэцэгуэцэг

Үхлээ эрнэ гэдэг л энэ байх даа

Зочин
Зочин

ХӨӨШ АМЕРИКУУДАА ТА НАРТ БОДИТ ҮНЭНИЙГ ӨЧЬЕӨ ТИТАНИКААР БИТГИЙ ОРОЛДОО ХЭРЭГГҮЙ МӨРӨӨР НЬ ОРХИЧИХ ТА НАР НААДАХААР ЧИНЬ ОРОЛДОХ ГАРУУД ЗӨВХӨН ЧИНГИСИЙН МОНГОЛЧУУД ГЭДГИЙГ САНУУЛЬЯА

Холбоотой мэдээ

Back to top button