“Вагнер”-ын толгойлогч Евгений Пригожинийг бослого гаргасан гэж эрүүгийн хэрэг үүсгэжээ

Украинтай хиллэдэг Ростовчуудыг мужийн захирагч нь гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Эл мужид Украинд байлдаж байсан “Вагнер” бүлэглэлийн эзэн Евгений Пригожин цэргүүдтэйгээ нэвтрээд байгаа аж.
Тэрбээр хувийн цэргийн компанитай бөгөөд үүгээрээ Засгийн газартайгаа гэрээлж, Украинд дайтаж байв.
Евгений Пригожины “Вагнер" хувийн хөлсний бүлэглэлийн сөнөөгчид өнгөрсөн бямба гарагт Украины нутгаас Оросын хилийг давж, Кремльд зэвсэгт бослого үйлдсэн хэмээн буруутгагджээ. Үүнээс хэдхэн цагийн дараа тэд “Москвагийн армийн эсрэг бэлэн байна” гэж мэдэгджээ.
Пригожин болон цэргийн дээд албан тушаалтны хооронд удаан үргэлжилсэн сөргөлдөөн дээд цэгтээ хүрсэн тул Оросын ФСБ-ын аюулгүй байдлын алба эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж ТАСС агентлаг мэдээлэв.
Вагнерын дайчид Оросын өмнөд хэсгийн Ростов хотод нэвтэрсэн гэж Пригожин Telegram-д байрлуулсан аудио бичлэгтээ мэдэгджээ. Тэд “замд нь саад болсон хэнийг ч устгана” гэж хэлсэн байна.
Түүний энэ үйлдэл нь цэргийн эргэлт биш гэжээ.
Баасан гарагийн орой Москва хотын засгийн газрын байр, тээврийн хэрэгсэл болон бусад гол цэгүүдэд хамгаалалтыг чангатгасан тухай ТАСС агентлаг хамгаалалтын албаны эх сурвалжаас иш татан мэдээлэв.
“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өдөр бүр мэдээлэл авч байна” гэж ТАСС мэдээлсэн бол Цагаан ордон нөхцөл байдлыг ажиглаж, холбоотнуудтайгаа зөвлөлдөх болно гэжээ.
Харин Киев Москвагийн түрэмгийллийн эсрэг довтолгооны гол цохилт хараахан эхлээгүй байна гэж мэдэгдэв.
Одоо Москва муж болон Ростов тусгайгийнхан, шуурхай ангийнханд түгшүүр өгч, бүгд өөр өөрийн байр руу явж байгаа, Ростовын төв хэсгийг хаасан. Москвад хуягт техникүүд орж ирсний дээр хяналтын постууд ажиллаж эхэлсэн талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.