НИЙГЭМ

Тодруулга: Тоггүй болсон аймгууд усны хомсдолд орж эхлээд байна

Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь зэрэг долоон аймгийн 62 сумд цахилгаан дамжуулах агаарын шугамын 24 ширхэг тулгуур унаснаар тог тасарсан. Урьдчилсан байдлаар дуу цахилгаантай аадар бороо, хүчтэй салхи шуурганы улмаас унасан байж болзошгүй хэмээн тодорхойлоод байгаа аж. 

Одоогоор засварын ажил явагдаж байгаа бөгөөд дээр дурдсан аймгууд тоггүй хоёр хоноод байгаа юм.  

Бид тоггүй болсон гурван аймгийн талаар өмнөх удаа мэдээлсэн. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар, 

  • Архангай аймгийн худгаас хэрэглээний усаа хангадаг гэр хорооллын иргэд усны хомсдолд орсон 
  • Баянхонгор аймагт болж буй Хүүхдийн спортын их наадмыг хэвийн зохиохын тулд дизель мотор ашиглаж байна 
  • Өвөрхангай аймгийн цахилгааны нөөц тэжээлийн эх үүсвэр багасаж байна. Хэрэв тог ирэхгүй удвал шатахуун түгээгүүрийн газруудын дизель мотороор эрчим хүчний хэрэглээгээ хангах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Архангай: Худгаас хэрэглээний усаа хангадаг гэр хорооллын иргэд усны хомсдолд орсон

Архангай аймгийн ЦТГ-ын Диспичер Б.Болормаа “Өнөөдрийн байдлаар шаардлагатай эрчим хүчээ нөөц үүсгэвэрүүдийн тусламжтайгаар хангаж ажиллаж байна.  

Усны тухайд, 

Орон сууцанд амьдардаг иргэдийн цэвэр ус тасраагүй, харин худгаас хэрэглээний усаа хангадаг гэр хорооллын иргэд усны хомсдолд ороод буй. Яагаад гэвэл тог тасарсантай холбоотойгоор худаг хэвийн ажиллах боломжгүй болсон юм. Худгаас хэрэглээний усаа хангадаг байсан иргэд одоогоор ундны усаа булаг, шандаас зөөвөрлөн хэрэглэж байна.  

Бидэнд тог хэзээ ирэх тодорхой мэдээлэл өгөөгүй. Харин унасан гэх тулгууруудыг өчигдөр авчирч, босгох ажил эрчимтэй явагдаж байна. Ямартай ч хоёр хоногийн ажил үлдсэн байх. 

Баянхонгор: Хүүхдийн спортын их наадмыг хэвийн зохиохын тулд дизель мотор ашиглаж байна

Баянхонгор засаг дарга Д.Мөнхсайхан “Манай аймагт Хүүхдийн спортын их наадам болж буй. Тус тэмцээний үйл ажиллагаа дизель моторын тусламжтайгаар хэвийн явагдаж байна.

Урьдчилсан байдлаар 29-ний орой гэхэд эрчим хүчээр хангана гэсэн мэдээллийг албаныхан өгч байна” хэмээв.  

Өвөрхангай: цахилгааны нөөц тэжээлийн эх үүсвэр багасаж байна

Өвөрхангай аймгийн ЦТГ-ын Ахлах инженер М.Мягмарсүрэн “Манай аймгийн хувьд нэг, хоёрдугаар зэргийн хэрэглэгчдийн тогийг эрчим хүчийг нөөц тэжээлийн үүсгэврээр хангаж ажиллаж буй. Нөөц тэжээлийн эх үүсвэр багасаж байна. Хэрэв тог ирэхгүй удвал шатахуун түгээгүүрийн газруудын дизель мотороор эрчим хүчний хэрэглээгээ хангана. 

“Засварын ажил эрчимтэй явагдаж байна. Энэ хэвээр ажиллавал 28-ны өдөр буюу маргааш гэхэд эрчим хүч сэргэнэ” хэмээн тус газарт ажиллаж буй албаны хүмүүс мэдээлээд байгаа юм” хэмээв.  

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button