Сүүлийн 12 тэмцээндээ дараалан түрүүлсэн А.Амина хүүхдийн спортын наадамд аваргаллаа

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт болж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийслэл, 21 аймаг, есөн дүүргийн хүүхдүүдийн төлөөлөл оролцож аваргуудаа тодруулав.
Хүүхдийн спортын зуны наадмын боксын охидын төрөлд 46 кг-ын жинд Хан-Уул дүүргээс оролцсон Азжаргалын Амина бүх өрсөлдөгчөө илт давуугаар ялж алтан медаль хүртлээ. 14 настай Амина охин боксын спортоор хичээллээд нэг жил долоон сар болж байгаа бөгөөд энэ хугацаанд 12 тэмцээнд дараалан алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.
Тэрбээр Нисэхийн VII сургуулийн биеийн тамирын багш Э.Гаваагийн удирдлага дор боксын спортоор хичээллэснээс ийнхүү маш богино хугацаанд үнэмлэхүй амжилт гаргаж буй.
Тодруулбал, А.Амина энэ жил өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн, “Олимпийн гараа”, Монголын хүүхдийн спортын зуны VII наадам гээд дөрвөн том тэмцээнд дараалан аваргалаад байна.
Түүнийг “Бээжин-2008” олимпийн мөнгөн медальт, боксын анхны дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбатай ижил төстэй техниктэй хэмээн боксын мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөө ч түүнийг хүндэлж, биширч түүн шиг мундаг боксчин болох зорилготой хэмээн ярьсан байдаг.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.