Р.Батцэнгэл агсны гэргий У.Мягмардулам: Миний хань номынхоо нээлтэд байсан ч болоосой гэж бодогдож байна

“Их хаад өвөг дээдсийнхээ үйл хэрэг, үзэл санаанд үнэнч явахтун! Тэгж чадваас Монголын ирээдүй хэзээд өөдрөг гэрэлтэй байх болно”. Энэ бол зураач, эх зохиолч Р.Батцэнгэл агсны сүүлийн уран бүтээл болох "Хүннү товчоо" номдоо үлдээсэн сүүлийн үг юм.
Сарын өмнө тэнгэрт дэвшсэн Р.Батцэнгэл агсны сүүлийн уран бүтээл өчигдөр /2024.06.24/ нээлтээ хийлээ. Гэр бүл, уран бүтээлийн хамтрагчид гээд олон хүмүүс Чингис хаан ордон музейн номын санд цуглаж, өнгөрсөн дурсамжаа нэхэн өгүүлж, нэг өдрийг өнгөрүүлэв.
Энэ үеэр Р.Батцэнгэл агсны гэргий У.Мягмардуламтай богинохон хугацаанд ярилцсан юм.
-Миний хань ахархан богино насалсан ч ихийг хийж бүтээсэн хүн-

-Өөрөө хэдий байхгүй ч, өнөөдөр номоо нээлээ. Та сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Миний нөхөр бол зураач хүн байлаа. Өнөөдөр өөрөө номынхоо нээлтэд байсан ч болоосой гэж бодогдож байна. Хөдөлмөрч, манлайлагч тууштай нэгэн байсан. Үүний баталгаа нь өөрийнхөө эцсийн мөч хүртлээ зурж дуусгасан энэхүү ном юм. Ахархан богино насалсан хэдий ч ихийг бүтээсэн хүн. 2008 оноос хийж эхэлсэн ажил нь 2016 онд бодит болж, үүнээс хойш дэлхийн 10 хэл дээр орчуулагдсан. 2020 онд өвдөж эхлээд, эмнэлэгт байхдаа хүртэл "Морин хуурын дууль" гэх уран бүтээлийг туурвиж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн. Хэдий өвдөж байсан ч тухайн номын нээлтээ хийснийхээ ард сэтгэл санаа нь их өндөр байсан. Сүүлийн ном болох "Хүннү Товчоо" номоо зурж дуусгачхаад эх хувиар нь бариагүй ч гэсэн сэтгэл дүүрэн байсан. Өөрөө нээлтээ хийж амжаагүй ч гэсэн тэнгэрээс хараад баярлаж, байгаа.
-Ханийнхаа талаар нэхэн дурсвал?
-Миний хань тэсвэр тэвчээрийн туйл байсан. Хийнэ, болгоно, бүтээнэ гээд зорьсон зүйлдээ тууштай тэмцсэн хүн. Энэ оны нэгдүгээр сараас эхлээд өдөрт 4-6 цагт ажилладаг байсан.
-Өнөөдөр хүмүүст хандаж хэлэх үг байгаа юу?
-Миний ханийн уран бүтээлийг үр хүүхдэдээ авч өгч, уншуулж, түүхээ сургадаг байсан хүмүүсийн сэтгэлээр их өег баян байсан. Түүгээрээ ч хөглөгдөж, дараагийн уран бүтээлдээ ханцуй шамлан шууд л ордог байсан. Энэхүү номыг бүтээлцсэн бүх хүмүүст, энд цугласан олон хүмүүст бүгдэд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна
Эх зохиолч Р.Батцэнгэл агсны дунд хүү Б.Цэлмэг бидэнтэй энэ өдрийн сэтгэгдлийг хуваалцсан юм.
-Миний аав, маш олон хүмүүсийн хайрыг хүлээсэн хүн-

-Өнөөдрийн сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Манай аав маш олон хүмүүсийн хайрыг хүлээсэн хүн. Тэр хүмүүсийн туслалцаа дэмжлэгтэйгээр энэ бүхэн бодит болсон. Хэдий аав минь хорт хавдартай байсан ч сүүлийн мөч хүртлээ номоо дуусгахыг зорьсон. Бүх зүйлээ дуусгачхаад санаа амраад тэнгэрийн орон лугаа явсан байх. Энэ ном хэвлэгдэж, гараад гэрт ирэхэд нь шууд уншиж дуусгасан. Хийсэн бүтээлээс нь хамгийн ихээр сэтгэлд хүрсэн.
-Ном хэдэн хувь хэвлэгдсэн бэ?
-Ном маань эхний удаа 1000 хувь хэвлэгдсэн. Борлуулж эхлэхээрээ ахиад нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Өмнөх уран бүтээлүүд нь гадаадын арваад орны хэлээр орчуулагдаж байсан. Удахгүй "Хүннү товчоо" маань англи хэл дээр орчуулагдахаар бэлтгэл ажлаа эхэлсэн байна.
Номын нээлтийн үеэр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар “Хүннү товчоо” ном бол зохиогчийн Монголын нууц товчооны түгээмэл эх, Морин хуурын тууль номуудын нэгэн адил туульсын цогц бүтээл бөгөөд 2000 гаруй жилийн тэртээгээс Евроазийн хээр талд өөрсдийн аугаа их суу алдар, сүр хүчийг гайхуулан байсан Хүн гүрний түүхийг хүүхэд, залуус төдийгүй нийт Монголчууддаа, дэлхийд түгээн дэлгэрүүлэх буянт үйлс бүтээснийг онцлов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.