Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын Төв банк: Инфляц саарах шинж одоохондоо алга

ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ сүүлийн хорин жилд байгаагүй өндөр түвшинд хүргэсэн ч инфляцыг бууруулж чадаагүй гэж энэ долоо хоногт гаргасан нийтлэлдээ мэдэгджээ. Инфляц, барууны хоригийн дарамт, Украины дайнтай холбоотой батлан хамгаалахын салбартаа их хэмжээний мөнгө зарцуулж буйгаас эдийн засаг хэт халж, ачаалах аюултай байсан тул Төв банк бодлогын хүүг аравдугаар сард 21 хувь болгож өсгөсөн.

Тус банк “Трендүүд юу үзүүлж байна: Макро эдийн засаг ба зах зээл” нэртэй нийтлэлдээ “Эд зүйлсийн үнийн өсөлт тогтвортойгоор саарах төлөвт шилжинэ гэдгийг харуулсан шинж тэмдэг одоо хүртэл алга” хэмээсэн байна.

ОХУ-ы инфляц арванхоёрдугаар сард 9.5 хувь хүржээ. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад эд барааны үнэ 11 хувиар өссөн байна. Энэ нь сүүлийн есөн жилд үзэгдсэн хамгийн өндөр өсөлт юм. Арванхоёрдугаар сард жилийн инфляц 14.2 хувь хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин ихэсжээ. Харин хүнсний үнийн жилийн инфляц 22.9 хувьд хүрсэн нь 2023 оны арванхоёрдугаар сард бүртгэсэн түвшнээс ойролцоогоор гурваас дахин их байгаа юм.

Нэгдүгээр сард үнийн өсөлт багахан буурч, жилийн эхний гурван долоо хоногт инфляц 1.14 хувь болсон байна. Ингэснээр нэгдүгээр сард жилийн инфляц Интерфаксийн тооцоогоор 10.14 хувь орчим болжээ.

Төв банк инфляцын гол шалтгаанаар барууны орнуудын эдийн засгийн хориг, тооцооллоос доогуур ургац хурааж авсан явдал болон рублийн ханш суларсан гэх гурван хүчин зүйлийг нэрлэсэн юм.

Засгийн газар батлан хамгаалахын үйлдвэрүүдэд их хэмжээний мөнгө зарцуулж байгаа тул иргэдийн эрэлт өндөр хэвээр байгаа аж. Тус банкны мэдээлснээр хэрэглэгчдийн эрэлт ОХУ-ын эдийн засаг хэрэгцээг хангах чадамжаас давсан хэвээр байна.

ОХУ-ын эдийн засгийн үйлдвэрлэлийн хүчин чадал, хөдөлмөрийн нөөц шавхагдаж байгаа тул ийм нөхцөлд эдийн засгийн өсөлтийг хурдацтай үргэлжлүүлэх боломжгүй гэж Төв банк мэдэгджээ. Тус банкны тооцооллоор бол үзэхэд өнгөрсөн жил ОХУ-ын эдийн засаг ойролцоогоор 4 хувь өссөн байна. Ажилгүйдэл түүхэн доод хэмжээндээ байж, цалин үргэлжлэн нэмэгдэж байгаа аж. Ийм нөхцөлд Төв банк удаан хугацааны турш хатуу мөнгөний бодлогыг баримтлах шаардлагатайг анхааруулжээ.

Арван хоёрдугаар сард Төв банк хуралдахдаа бодлогын хүүг 21 хувьд барьж, шинжээчдийн таамаглалаас зөрсөн алхам хийсэн. Энэ нь Төв банкны захирал Эльвира Набиуллинад Оросын элитууд дарамт үзүүлсэнтэй холбоотой гэх мэдээлэл явсан. Төв банк ирэх долоо хоногийн баасан гарагт /2025.02.14/ хуралдана.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button