Төрийн соёрхол хүртсэн гурав дахь эмэгтэй зохиолч С.Оюун
Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар зохиолч С.Оюун Төрийн соёрхол хүртлээ. “Тань руу нүүж явна” киноны зохиолч тэрбээр Төр соёрхсон гурав дахь эмэгтэй зохиолч болов. Түүнээс өмнө С.Удвал, Э.Оюун нар Төрийн соёрхол хүртсэн билээ.

Зохиолч С.Оюун 1946 оны гуравдугаар сарын 15-нд Булган аймгийн Могод суманд төржээ. 1971 онд АУДС-ийг төгссөн. Эмнэлгийн болон хэвлэл мэдээллийн газруудад ажилласаар 1967 оноос уран зохиол бичиж, голцуу яруу найргийн номууд хэвлүүлсэн байна. 1994 онд Цэнхэр хадаг, Шаналал тайтгарал, номоороо МЗЭ-ийн шагнал, 2002 онд Хулж нутгийн бүсгүй номоороо Д.Нацагдоржийн шагнал авчээ.
Намтар:
Боловсрол:
1955 онд Могод сумын бага сургууль
1958 оноос Улаанбаатар хот руу нүүн шилжисний улмаас 16 дугаар дунд сургуульд суралцан 1962 онд
1966 онд Анагаах ухааны соёлч дунд сургууль
1971 онд Анагаах ухааны дээд сургууль
1987 онд Москвагийн М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг тус тус төгссөн.
Ажлын түүх:
1971 онд Монгол телевизийн “Эрүүл мэнд” нэвтрүүлгийн редактор, сурвалжлагчаар, түүний дараагаар хоёр жил Төв аймгийн Баянцогт сум-сангийн аж ахуйн Хүн эмнэлгийн ерөнхий эмчээр, Хотын түргэн түсламжийн их эмч, Улсын ариун цэвэр, гэгээрлийн ордонд арга зүйч эмчээр тус тус ажиллав. Дараа нь “Эрүүл энхийн төлөө” сонинд редактор, “Монгол кино”-ны баримтат киноны студэд редактор, “Хөдөлмөр” сонинд сурвалжлагч, редактор, Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтан, БСШУЯ-ын хэвлэлийн ажилтан, “Мөнхийн үсэг” компанийн “Болор судар” хэвлэлийн газар эрхлэгч зэрэг ажлын албыг хашив.
Уран бүтээлээс:
1975 онд “Цэнхэр хадаг” хэмээх яруу найргийн анхны түүврээ, 1980 онд “Мянган хээ” шүлгийн эмхтгэлээ мөн Москвагийн М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурч байх явцдаа “Хулж нутгийн бүсгүй”, “Зуун хараацайн жигүүр” яруу найргийн түүврээ, 1990-ээд онд “Шаналын тайтгарал” шүлгийн номоо тус тус хэвлүүлсэн байна. Тайз, дэлгэцийн урлагийн бүтээлийн хувьд 2007 онд “Өүлэн эх” дуурийн цомнол, “Тань руу нүүж явна” зохиол, “Хорвоод ганцхан ээждээ”, “Үгүйлэн санана даа”, “Үнсье чамайг” зэрэг дууны шүлгийг бичсэн.
Гавъяа шагнал:
Алтан гадас
Соёлын Тэргүүний Ажилтан
Монголын зохиолчдын эвлэлийн шагнал
Сэтгүүлчдийн холбооны ган үзэгтэн
2008 онд Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртсэн.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mongold emegtei turiin soerxol xvrtsen xvn xed bdag bol