НИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Нээх хугацаа нь гурван удаа өөрчлөгдсөн Зайсангийн гүүр VI сард ашиглалтад орно

Түгжрэлийг бууруулна хэмээн төлөвлөж буй нэгэн ажил бол 2022 оноос эхэлж, яригдсан туул голын дээгүүр байх Зайсангийн гүүр юм.

2022 онд анх Зайсангийн гүүрний баруун талыг нурааж, дахин байгуулж байсан. Харин өнгөрсөн оноос эхлэн тус хос гүүрний зүүн талыг нурааж, дахин барихаар төлөвлөгөө гаргаж, ажлууд шат дараатай хийгдэж буй.

Зайсан чиглэлийн төмөр бетон хос гүүр нь хоногт 26 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай 225 метр урт гэдгээрээ онцлог. Харин өнгөрсөн оны сүүл үеэс эхлэн зүүн талд байх гүүрийг нурааж, зам хааснаар Зайсан орчимд асар их түгжрэл үүсэж байгаа юм.

Энэхүү гүүрийг нурааж, дахин барьж, ашиглалтад оруулах хугацаа нь хэд хэдэн удаа өөрчлөгдөж, өдөр хоногийн зөрүү гарч байгаа нь иргэд, олон нийтийг төөрөгдүүлж буй. Тиймээс бид ХУД-ийн 22 дугаар хороонд байх Зайсангийн гүүрийн засварын ажлыг сурвалжлахаар очив.

Биднийг очиход барилгын талбайд арав гаруй ажилчид гүүрийн бүтээн байгуулалтыг хийж байв. Мөн хэд хэдэн техник хэрэгсэлтэйгээр газрын гүнийг ухаж, багана ханыг босгож буй.

Зайсангийн хуучин гүүр нь 1968 онд ашиглалтад орсон хэдий ч нэг ч удаа засвар болон өргөтгөл, хүчитгэлийн ажил хийж байгаагүй аж. Тиймээс унах, нурах эрсдэлтэй болж, ашиглах боломжгүйд хүрсэн. Ийнхүү тус гүүрийг нурааж, дахин барихаар болсон юм.

Тэгвэл уг Зайсангийн гүүрийг өргөтгөл, шинэчлэлийн тендерийг 2022 онд 26 тэрбум төгрөгийн тендер зарлажээ.

Ийнхүү тус тендерт "ЗМЗ" ХХК гэх зам гүүрийн компани шалгарч байжээ. Тус компанийн мэдээллийг Opendata сайтаас тодруулж, хайж үзэв.

Уг компани нь 2014 онд байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, барилга засвар, засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тус байгууллагын эзэмшигчээр нь Д.Ганбаатар гэх хүн бүртгэлтэй байна.

Интернэтээс "ЗМЗ" ХХК компанийн талаар хайлт хийхэд, энэхүү байгууллага нь 20 гаруй жилийн хугацаанд 5000 гаруй зам гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэсэн туршлагатай гэсэн мэдээлэл гарч ирэв. Гэтэл оролцож, шалгарсан тендерийн материалууд Opendata болон Tender.gov.mn сайтад байхгүй байна.

ЗМЗ ХХК-ийн захирал Д.Ганбаатарын талаар нэмэлт мэдээлэл судлахад, түүний нэр дээр дахин нэг компани бүртгэлтэй байна.

Мөн адил тус компанийн оролцсон тендерийн мэдээлэл албан ёсоор хадгалагдаагүй байна.

Барилгын ажил дуусах цаг хугацаа, яагаад, хэрхэн хэд хэдэн удаа өөрчлөгдөх болов. Бид үүнийг тодруулахаад тус талбайн инженер Ш.Тэмүүлэнтэй хэсэг хугацаанд ярилцлаа.

-Энэ гүүрийг нураах үед л үнэхээр хүнд болчихсон байсныг харсан. Бид нар хэзээ мөдгүй нурах замаар л яваад байсан байна лээ-

-Одоогоор барилгын ажил хэдэн хувьтай байгаа вэ?

-Ерөнхийдөө 70 хувьтай байна. Одоогийн байдлаар бид 70 ширхэг шон суурь хийхээс 10 орчим нь л дутуу байна. Иймээс гүүрийн ажил нэлээн жигдэрчихсэн гэсэн үг.

-Гүүрийн ашиглалтад орох төлөвлөгөөт хугацаа яагаад хэд хэдэн удаа өөрчлөгдсөн бэ?

-Угтаа бол арваннэгдүгээр сараас эхлээд замыг хаах байсан. Анхны төлөвлөгөө бол тийм л байсан. Гэвч НЗДТГ болон ТЦА-тай холбогдож, авто замыг хаах зөвшөөрөл их удаан гарсан. Тийм болохоор төлөвлөгөөт анхны зургаас хоног хугацаа зөрсөн гэх үү дээ. Арванхоёрдугаар сарын 1-нд хийгдэх ажил энэ оны нэгдүгээр сард хийгдсэн. Тийм болохоор төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж зургаадугаар сарын 1-ний өдөр нээх басйан замыг эрсдэлээ тооцож долоодугаар сарын 10 болгож өөрчилсөн. Харин буулгалт болон Зайсан орчмын шугамм хоолой янзлах ажлуудыг нэлээн сайн шахаад эхэлсэн чинь өнөө төлөвлөгөөнд дахиад бага зэрэг өөрчлөлт орж байгаа юм.

Ажлын боломж бололцоо, хүний нөөцөө шахаад ажиллахад, долоодугаар сарын 10 гэсэн хугацааг арав хоногоор нааш татаж болох байсан. Тиймээс баяр наадамтай давхцаж, нээхгүй гэсэн дээ ашиглалтад орох сүүлийн хугацааг зургаадугаар сарын 30 болгож өөрчилсөн. Энэ нь хүмүүсийн толгойг жаахан эргүүлээд байж магадгүй.

-Нийслэлийн төсвөөс санхүүжиж байгаа юу?

-Тийм ээ.

-Өмнө нь ч бас танайх баруун талын гүүрийн барилга дээр ажилласан байсан. Энэ чиглэлээр нэлээн дагнаж ажилладаг юм байна тийм үү?

-Өмнөх дээр нь би байгаагүй гэхэд болно доо. Энэ удаагийн ажил дээр л яг гар биеэрээ бүтэн оролцож байна. Нийслэлээс санхүүждэг учр ямар нэгэн асуудал гараагүй л байна. Барилгын ажил хэвийн үргэлжилж, бүх хүний нөөцөө дайчлаад ажиллаж байна.

-Одоо талбай дээр өдөрт хэдэн хүн ажиллаж байгаа вэ?

-Манайх чинь хорь гаруй хүн байгаа. Газрын гүнд 18 орчим метр шон суурилуулж байгаа учраас ээлжээр ажилладаг.

-Бетонон гүүрийн насжилт хэр удаан бэ?

-Ер нь ойролцоогоор тавин жил л байдаг. Хуучин гүүрийг буулгаж байх үед бас л үнэхээр хүнд болчихсон байсан. Хэзээ мөдгүй нурах замаар л өдөр бүр явдаг байсан байна лээ.

Барилгын талбай дээрх инженер гүүрийг ашиглалтад орох сүүлийн хугацааг зургаадугаар сарын 30-ны өдөр гэж хэлэв. Тиймээс хоёр сарын дараа замын ачааллыг бууруулдаг гэх Зайсангийн гүүр ашиглалтад орох юм.

Тус гүүрийн анхны зураг төсөл. Даацыг илүү сайжруулахаар төлөвлөжээ.

Энэ нь өмнөхөөсөө илүү өндөр болон даацын багана, шон сайтай гэдгээрээ онцлогтой. Мөн замын хучилтын ажил сайн хийгдэх учраас ойрын хэдэн жилдээ хучилтыг сэргээхгүй гэж албаныхан мэдээлэв.

Дахин барьсан баруун талын гүүр
Одоо барьж буй зүүн талын гүүр
Зурагт харагдаж буй багана дууссаны дараа авто замын хучилт хийгдэж эхэлнэ
Барилгын талбай дээр 18 метрийн гүн нүх ухаж буй байдал
Баруун талын гүүрийг хоёр урсгалтай болгосон байдал

Гүүрийг нурааж байх үеийн зураг

Зүүн талын гүүрийг нурааж буй зураг. Тухайн гүүрийн ашиглалтын түвшин "D" үнэлгээнээс доошоо орсон буюу гүүрийг зайлшгүй шинэчлэх, буулгаж дахин барих шаардлагатай байдалд хүрсэн.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр бидэнд уг гүүртэй холбоотой дараах мэдээллийг бидэнд өглөө.

“Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх ажлын хүрээнд бохирын шугам хоолойг янзалсан. Зайсангийн хуучин гүүрний хажуугийн шинэ гүүрийг хийхдээ бохирын шугамыг угсарсан. Хуучин гүүрний доогуур тус шугам явж байгаа учраас холбохын тулд шинэ гүүрнээс урагш Зайсангийн уулзвар хэсэгт худаг суурилуулаад долоон метрээр бохирын шугамыг суулгасан байна. Зайсангийн гүүрийг шинэчлэхийн тулд гүүрэн доорх бохирын шугамыг шилжүүлж шинэ гүүрэнд залгах хэрэгтэй болсон. Тухайн ажлын хүрээндзургаан метрийн дор холболтын ажлыг хийсэн" гэлээ.

Бага Тэнгэрийн ам руу чиглэсэн модон гүүр нь 1934 онд нуран унасан учир Сайд нарын зөвлөлийн тушаал гарч шинээр барин Зайсангийн гүүр гэж нэрлэх болжээ. Зайсангийн модон гүүрийг 1941, 1952 онд их засвар хийсэн боловч 1966 оны их үерт өртөж бүрэн сүйдсэн түүхтэй.

Улаанбаатар хотын зам гүүрийн угсралтын трест анхны их даацын төмөр бетон гүүрийг 1967-1968 онд барьж ашиглалтад өгснөөр Зайсангийн гүүрийн шинэ түүх эхэлсэн байна. Үүнээс хойш 60 гаруй жилийн дараа дахин шинэчилж, 50 орчим жилийн настай шинэ гүүр байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button