БЗД-т гал гарч, ЧД-ийн алба хаагч нар унтраахаар ажиллаж байна

БЗД-ийн нутаг дэвсгэрт И-Мартын орчимд гал гарч, галын дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дээрх дуудлага мэдээллийг тодруулахад, "Одоогийн байдлаар ЧД-ийн гал унтраах, аврах аравдугаар анги ажиллаж байна. Талбайн шар өвс шатсан. Хүний амь эрсдэж, бэртсэн тохиолдол байхгүй" гэлээ.
Иймд иргэд, олон нийтийг ойр орчмын шар өвс болон хог шатаахгүй байхыг анхааруулж байна.
Нэмэлтээр дурдахад хаврын цагт шар өвс шатаахгүй байх зөвлөмжийг хүргэж байна.
Шар өвс шатааж болохгүй шалтгаан 1. Түймэр 1 секүндэд хааш хаашаа 2 метр тархдаг. Салхитай үед бүүр ч хурдан, илүү хол тархаж, хянах боломжгүй болдог.
Шар өвс шатааж болохгүй шалтгаан 2. Хавар болохоор хүмүүс хашааныхаа шар өвсийг шатаах гээд өөрийнхөө төдийгүй өрөөлийн хөрөнгийг галдаж, өчнөөн төчнөөн төгрөгийн өрөнд орсоор байна. Энэ тухай мэдээлээд байхад, сонсоод, хараад хаширдаггүй нь хачин. Шар өвс шатааж болохгүй гээд байхад зөрүүдлэн шатаагаад, гал алдмагцаа аврал эрж гүйдэг.
Шар өвс шатааж болохгүй шалтгаан 3. Шар өвсөө шатаавал сайхан өвс ургадаг гэж хүмүүс эндүүрдэг. Үнэндээ бол шар өвсгүй, хар газарт ургасан өвсний ногоон өнгө илүү тод харагддаг. Хатсан шар өвсөн завсраар ургасан шинэхэн өвсний ногоон өнгө хуучин өвсний шар өнгөтэй холилдоод, арай алаг харагддаг. Ердөө л энэ. Харагдах байдал нь өөр болохоос шар өвсгүй газарт өвс сайхан ургана, шар өвстэй газарт өвс муухай ургана гэж үгүй. Өвс хэр ургахыг хөрсний үржил шим, чийг, Нар гурав л шийднэ.
Шар өвс шатааж болохгүй шалтгаан 4. Өөр нэг үнэнийг хүмүүс огт мэддэггүй. Өвс шарлаж хатан, хагдраад, газарт шингэж ялзран, хөрсийг бордоно. Шар өвс бол шинэ өвсний бордоо, хөрсний үржил шимийг бүрдүүлнэ. Нэг ёсондоо шар өвс аажмаар шороо болж хувирдаг юм. Шар өвсөө байнга шатаагаад байвал хашаан доторх газар чинь удалгүй үржил шимгүй болж, өвс сайхан ургахаа болино. Үржил шимээ алдсан хөрсөнд өвс ногоо биш, шарилж лууль ургана.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.