С.Шаарийбуу: Малайзын төр надтай давж заалдсан хуралд явна. Монголчууд түүхэндээ хэзээ ч сөгдөөгүй

Одоогоос 19 жилийн өмнө Малайз Улсад монгол эмэгтэй тус улсын төрийн өндөр албан тушаалтны захиалгаар хэрцгийгээр хөнөөгдсөн харамсалтай хэрэг гарсан.
Улмаар хэргийг үнэн зөвөөр шалгуулж, хэрэгтнүүдийг зохих ёсоор шийтгүүлэхийн тулд талийгаачийн аав С.Шаарийбуу 2007 оноос эхлэн тэмцсэн.
Энэ хугацаанд С.Шаарийбуугийн тэмцэл үр дүнд хүрч, Ш.Алтантуяагийн амийг хохироосон хэрэгтнүүдийг яллаж чадсан. Гэхдээ гол хэрэгтэн болох аллагын захиалга өгсөн Малайз Улсын Ерөнхий сайд асан Нажиб Разак шийтгэгдээгүй. Мөн хэргийг гардан үйлдсэн цаазын ялтай хоёр цагдаагийн нэг нь Австрали руу оргон гарч, нөгөөх нь бүх насаараа хорих ялаар шийтгүүлэн Малайзын шоронд хоригдож байгаа юм.
Түүнчлэн Малайзын Дээд шүүх 2006 онд тус улсад бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны гэр бүлд 5 сая малайз рингит буюу 5.5 тэрбумын нөхөн олговор олгох шийдвэр гаргасан байдаг. Гэвч энэ нөхөн төлбөр олгогдоогүй.
Улмаар өнгөрсөн хоёрдугаар сард /2025.02.12/ Малайзын шүүхээс тус улсын Ерөнхий сайд асан захиалга өгч, алуулсан монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн ар гэрийнхэнд учирсан хохирлыг яаралтай барагдуулах шийдвэр гаргасан байдаг. Энэ хүрээнд тус улсын Засгийн газарт 30 хоногийн дотор Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн дансанд 4.7 сая малайз рингит буюу 5.5 орчим тэрбумын нөхөн олговор байршуулах шүүхийн шийдвэрийг хүргүүлсэн.
Гэвч шүүгдэгч тал болох Малайзын Засгийн газар шийдвэрийн эсрэг давж заалдсан. Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 19-нд товлогдсон ч хойшилсон. Улмаар энэ сар болох юм. Уг хуралд хэргийн амь хохирогч Ш.Алтантуяагийн аав Шаарийбуу оролцохоор явна гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.
Тэрбээр энэ талаар “Малайзын төр надтай давж заалдсан хуралд явна. Монголчууд түүхэндээ хэзээ ч сөгдөөгүй” гэсэн байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Та ялна тань шиг аав Монголд маш ховор амжилт хүсье эрүүл энхийг хүсье
Ялах эсэх тэндхийн улс төрийн байда л, шүүх 2-оос ша лтга а лна.