Гадаад мэдээДЭЛХИЙ

Reuters: Монгол Улс Баялгийн сандаа 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрүүлжээ

“Reuters” агентлаг Монгол Улсын Үндэсний баялгийн сангийн тухай нийтлэл оруулсан байна. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.


Монголын Үндэсний баялгийн сан бие даасан ТУЗ-ийн гишүүд томилох, гадаад зөвлөхүүд авах, ил тод хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Байгалийн баялаг арвин энэ улс хөгжилд хөтлөх өргөн цар хүрээтэй төлөвлөгөө хэрэгжүүлэхээр зорьж буй юм.

Чингис хаан Үндэсний Баялгийн Санг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хууль батлан байгуулсан. Одоогоор тус сан 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Тус сан 2026 оны эхний хагаст төлөвлөгөөгөө эцэслэн батлахаар зорьж байна. Санг Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан Чингис хааны нэрээр нэрлэсэн юм. Тэрээр Азийн өргөн уудам нутгийг байлдан дагуулж байв.

Монгол Улс байгалийн баялаг ихтэй Азийн болон Персийн булангийн бусад улс орнуудын жишгийг үүгээрээ дагаж байгаа юм. Саяхан Тайвань, Индонез, АНУ зэрэг орнууд ч ижил санаачилга гаргаж, үндэсний баялгийн сан үүсгэх талаар авч үзэж эхэлсэн.

Чингис хаан Үндэсний Баялгийн Сангийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн Сингапурт болсон Милкен институтийн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр “Үндэсний баялгийн сангийн зорилго нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид болон Монголын ард түмний хооронд итгэлцэл бий болгох” гэж ярьжээ.

17 гаруй жилийн турш хэлэлцүүлэг явуулж, үндэсний хэмжээнд зөвшилцөлд хүрсний эцэст энэ бүхнийг хуульчилж, тодорхой болгож, дүрэм журамтай болгох зайлшгүй шаардлагатай байсан гэж Б.Тэмүүлэн хэлсэн юм.

Олон улсад түүхий эдийн үнэ өссөн тул байгалийн арвин баялагтай ч хүн ам цөөн Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсөж байгаа. Гэсэн хэдий ч авлигын асуудал үргэлжилсээр байсан тул зургаадугаар сард болсон эсэргүүцлийн жагсаалын улмаас Засгийн газар нь огцорсон.

Б.Тэмүүлэн хэлснээр иргэдэд үүссэн үл итгэх байдлыг арилгахын тулд тус сан аппликейшн хөгжүүлсэн байна. Тэрбээр аппликейшний талаар ярихдаа “Хөрөнгийг хаана байршуулж, орлого хаанаас орж ирж байгаа, ямар компаниудаас хэдэн хэмжээний орлого авч байгаа, түүнчлэн иргэн бүр ямар хувь хүртэж байгааг харах боломжтой болгоно” гэжээ.

Чингис хаан сан нь Сингапурын үндэсний баялгийн сантай адил гурван чиглэлт бүтэцтэй байх юм. Сингапурын баялгийн сан нь стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт, тэтгэврийн сангийн санхүүжилт, дотоодын компаниудад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хөрөнгөө хуваарилдаг.

Тэгвэл Чингис хаан сангийн Ирээдүйн өв сан нь ашигт малтмалын экспортын хураамжийг гадны оронд хөрөнгө оруулахад ашиглана. Өөр нэгэн сан болох Хуримтлалын сан нь хөрөнгөө төрийн өмчит уул уурхайн компаниудын ногдол ашгаас бүрдүүлдэг. Харин түүхий эдийн үнэ өссөнөөс орж ирдэг гэнэтийн ашгийн татвараас санхүүждэг Хөгжлийн сан нь дэд бүтцийн төслүүдэд суурь хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэж, тэдгээр төслүүдэд гадаадаас хөрөнгө оруулалт татах зорилготой.

Чингис хаан санг Монголын ашигт малтмалын орд газруудад хувь эзэмшдэг “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компани бүрэн эзэмшдэг. Монгол Улсын Сангийн яам тус баялгийн сангийн санхүүгийн үйл ажиллагааг хянана. Сангийн яам хяналт тавьж буй нь Норвегийн Үндэсний баялгийн сангийн бүтцээс жишээ авч тавьсан зохицуулалт.

Б.Тэмүүлэн хэлэхдээ тус сан ирэх жилийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгээ боловсруулж, бие даасан ТУЗ-ийн гишүүд томилох бэлтгэл ажлыг хийж байна. Одоогийн байдлаар тус сангийн хөрөнгийн багцыг 2030 он хүртэл түгжсэн, маш болгоомжтой байдлаар хуваарилсан гэж тэр хэллээ. Б.Тэмүүлэн “Одоохондоо миний хийх гол ажил бол суурийг нь бат бөх тавих” гэж нэмж хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баялагийн сан гэж чичрээд байдаг дарга нар хувааж идэхэд наадах чинь ёстой аманд ч үгүй, хамарт ч үгүй л юм бна доо !
Сан бол сайд нарын идүүр ш дээ !!!

Холбоотой мэдээ

Back to top button