Их Британи Украинд зориулж баллистик пуужин хөгжүүлж эхэлжээ
Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ, Украины хэрэглээнд зориулж баллистик пуужин хөгжүүлэх “Nightfall” төслийг эхлүүлсэн гэжээ. Их Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хийли саяхан Украинд хийсэн айлчлалын үеэр энэхүү төслийг танилцуулсан байна. Хийли Украинд айлчилж байх үед Киев болон бусад хотуудад дроноор цохилт өгч, Орешник баллистик пуужинг харвасан.
Хийли “Киев рүү явах замд Львов орчим агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дохио сонсогдож байсан. Өвлийн хүйтэнд украинчуудад дрон, пуужингаар цохилт өгч буйг сануулсан явдал болсон. Бид үүнийг зүгээр хараад суухгүй, тиймээс украинчууд хариу цохилт өгөх үед хэрэглэх орчин үеийн зэвсгийг нийлүүлэх шийдвэр гаргалаа” гэжээ.
Их Британийн Батлан хамгаалах яам мэдээлснээр, “Nightfall” төслөөс бүтэх пуужингууд нь 200 кг жинтэй цэнэгт хошууг 500 орчим км газарт тээвэрлэх чадвартай байх юм. Тэдгээр пуужинг газраас харваж, харвахад ашигласан хэрэгслийнхээ байршлыг түргэн өөрчлөх зориулалттайгаар бүтээж байгаа аж. Ингэснээр ОХУ-ын хүчин хариу арга хэмжээ авахаас өмнө өндөр ач холбогдолтой байг онох боломжтой.
Эх сурвалж: Kyiv Independent












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.