Л.Идэрбат: Мөрөөдлийг минь биелүүлсэн ханьдаа баярлалаа |Э.Одонтунгалаг: Алдарт эхийн одон авна гэхээр догдлоод нойр хүрсэнгүй
"Одонгийн цайллага хийх ресторандаа чихэр жимс авчирч өгчихөөд танхим, ширээ засалт болон бусад зүйлсээ нягталчихлаа. Эргэж ирж идээгээ засна. Манайх залуу айл мөртлөө сар шинэдээ бүр их ач холбогдол өгч идээ шүүсээ бэлддэг. Аав ээжүүд маань тэгж сургасан юм. Үнэндээ догдлоод нойр ч хүрэхгүй байна" хэмээн ярихдаа ч яарч гэгэлзэн зогсох шавилхан биетэй бүсгүйг Э.Одонтунгалаг гэдэг. Тэрбээр өнөөдөр "Эхийн алдар II" одонгоор энгэрээ мялааж, хадмуудаасаа "Дархан бэр"-ийн хүндэтгэл хүлээн авна.
Манайх энэ жил баярын уур амьсгалтай байна. Эхнэр маань саяхан эм зүйчээр сурч төгссөн, гурав дахь диплом нь. Одоо хоёр одонгоо зэрэг авна. Охин маань энэ жил 12 дугаар төгсөнө. Амьдах сайхан даа" хэмээн өрхийн тэргүүн Л.Идэрбат хуучлав.
Тэд арван жилийн нэг анги, нэг нутгийнх. Тэр бүү хэл хоёр талын аав ээжүүд нь нэг салбарт ажиллаж хөдөлмөрлөж ирсэн ижий ахайгаас өөрцгүй хүмүүс ажээ. Өдгөө хоёр охинтой айлын том охин тэрсхэн дөрвөн хүү, нэг гүнжийн ээж болжээ. Харин олон хүүхэдтэй айлд орох бүрдээ сайхныг нь гайхдаг байсан хүү долоон ам бүл өнөр айлын эзэн болсон нь энэ. Зүүсгэл гоёлоо бэлдэж, идээ шүүсээ базаан давхар баяртаа бэлдэж ахуйд Л.Идэрбатынд зочиллоо. Жирийн нэгэн залуу гэр бүлийн эзэгтэй Алдарт эхийн одонгоо авахын өмнөх мөчид ийн хөөрөлдсөнөө хүргэе.
Биднийг гэрт нь очиход том охин И.Мишээл, дунд хүү И.Гарьд нь сургууль, цэцэрлэгтээ явсан байж таарав. Харин ээждээ төрийн одон авчирсан хоёр ихэр хүү нагац өвөөгийнхөөсөө дөнгөж орж ирлээ. Долоон настай, том хүү И.Дөлгөөн нь сониурчихсаар угтав. Тэр ч бас өмсөх хантаазаа барьж нэг, өмсөж нэг үзэн догдолно. Тэрбээр " Манай гэр бүлийн баяр болох гэж байгаа. Би дүү нарынхаа хөөрхөн нүдэнд нь хайртай. Аав маань маш их ажил хийдэг. Тэгээд харанхуйд хоолоо иддэг. Ээж маань намайг, дүү нарыг хараад дандаа завгүй байдаг" хэмээн ярив.
-Юун түрүүнд маш яаруу байгаа энэ мөчдөө цаг гаргасанд баярлалаа. Алдарт эх, Дархан бэр болж буйд нь баяр хүргэе. Давхар баярын өмнөх сэтгэгдлээсээ хуваалцаач?
Гэргий: Монь жил хийморьтой сайхан байна. Таван сайхан хүүхдийнхээ ачаар хүндтэй шагналыг авах гэж байгаадаа маш их баяртай байна. Догдлоод нойр хүрэхгүй байгаа. Бид ханилаад 21 жил болж байна. 10 жилийн нэг анги. Завхан аймгийн Тосонцэнгэл сумынх хүмүүс.
-Хань: Маш их баяртай байна. Уйлчих гээд ярьж чадахгүй нь ээ.
-Гэргий: Би их уйланхай хүн. Гэтэл хань маань надаас ч уяхан хүн байгаа юм. Ер нь ойрхон төрөх тусмаа уяхан болчихдог юм байна. Маргааш /өнөөдөр/ одонгоо авахдаа уйлахгүй юм сан гээд хичээж байна. Найр цайллага зохион байгуулах нь зугаа цэнгээнээс илүү тавах сайхан үр хүүхэддээ зориулж дурсамж бүтээж, ах дүү, хамаатан садан, найз нөхдөдөө хүндэтгэл үзүүлж байгаа явдал гэж ойлгож, маш их бэлдэж байна.
-Долоон ам бүлтэй өнөр айлын эзэн байх, дөрвөн тэрсхэн хөвгүүдийн ээж,аав байх ямар байдаг вэ?
-Гэргий: Сайхан байна. Миний хөвгүүд бие биедээ дэмтэй түшигтэй сайхан залуучууд бол өснө гэдэгт ээж нь итгэж, эх хүний сэтгэлээр залбирч явдаг. Охин маань том болчихсон учраас маш их тустай.
-Хань: Маш сайхан мэдрэмж авдаг. Том охин маань 18 настай И.Мишээл гэдэг. Тэгээд дөрвөн тэрсхэн хүүтэй. Хөвгүүдийг маань И.Дөлгөөн, И.Гарьд, И.Ачилдай, И.Агудай гэдэг. Бага хоёр ихэр дээрээ гэнэтхэн дуулаад их баярласан. Хоёр ихрийгээ төрөхөд эхнэртэйгээ хамт орсон. Эхний хүүхэд амархан гарчихаар нь ингээд гайгүй төрчих юм байна гэж ойлгосон. Бараг л 1,2,3 гээд гарна гэж бодоод. Сүүлдээ нөгөө ихэр нь гарч ирдэггүй. Нэг хэсэг сандарсан. Эхнэр маань ч тамирдсан. Эмч нар сайн байсан болохоор кесар хагалгаанд орж энх амаржсан.
-Ихэр хүүхэдтэй болж буйгаа сонсоод яаж хүлээж авсан бэ?
-Нөхөр: Хоёр талаас ихрийн удам бий. Гэхдээ нэлээд зайтай. Манай ээжийн талд хоёр гурван хүн бий. Маш их баярлаж хүлээж авсан.
-Гэргий: Үнэхээр их баярласан.
-Та хоёр маань ер нь олон хүүхэдтэй болно гэж боддог байв уу. Зарим хүн багаасаа л алдарт ээж болно эсвэл тэдэн хүүтэй болох сон гэж ярьдаг шүү дээ.
-Гэргий: Би эхээс хоёулаа. Ганц эмэгтэй дүүтэй. Хоёр хүүхэд юм юманд цөөндөг. Дүүтэйгээ ч "хоёулаа дөрөв дөрвөн хүүхэдтэй болъё" гэж ярьдаг байсан. Өөрөө ч өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэй болохыг хүсдэг байлаа. Мөрөөдөл минь биелсэн. Сэтгэл дүүрэн сайхан байна.
-Хань: Би эцэг эхээс гурвуулаа. Эрэгтэй, эмэгтэй дүүтэй. Миний мөрөөдөл ч бас олон хүүхэдтэй болох байсан. Олон хүүхэдтэй айлд ороход шаагилдаад их гоё санагддаг байсан. Тийм ч учраас бид олон хүүхэдтэй болъё гэсэн зорилго тавьж, таван сайхан хүүхэдтэй амьдарч байна.
-Анх яаж үерхэж байснаа дурсан яривал. Тэр үед суманд захиа өгдөг байв уу?
-Хань: Арван жилийн нэг учраас танилцахад төвөггүй. Захиа яг моданаас гарч байсан үе л дээ. Мессеж бичдэг байсан. Мэдээж, өөрсдөө гар утасгүй ээж, аавынхаа утсаар бичнэ.
Гэргий: Тухайн үед суманд гэрийн суурин утас байсан. Нөхрийн гэрийн дугаар 22547, манай гэрийнх 22047. Хоёр гэрийн утсаар их ярьж тоглолог байлаа.
-Танай гэр бүлийн аз жаргалтай байх "нууц жор" юу вэ?
-Хань: Бид нэг нутгийнх. 10 жилээсээс эхлээд бие биенээ, ааш зангаа мэддэг. Мөн ээж аавууд маань нэг нутгийн хүмүүс болохоор ойлголцоход амар байдаг. Манай хшн түргэн аашилбал би хүлээзнэнэ. Намайг онцгүй үед эхнэр маань хүлээнэ. Хоёр биендээ их хүлээцтэй ханддаг болохоор өдий зэрэгтэй сайхан амьдарч байна. Мөн эхнэр маань үнэхээр хөдөлмөрч, шударга. Үр хүүхдүүдээ маш сайхан өсгөж байна. Ханьдаа их баярлаж явдаг.

Эхнэрийнхээ "Алдарт эх"-ийн одон авахдаа өмсөх гоёлыг базааж буй нь
-Хүүгийнх нь ярианаас таныг хувиараа бизнес эрхэлдэг юм байна гэж ойлгосон. Ажил мэргэжлийнхээ тухай яривал. Өнөр бүлийн өрхийн тэргүүн учраас жилээс жилд л хариуцлага нэмэгдэж байгаа байх?
-Хань: Тийм. Ер нь хувиараа бизнес эрхэлж ирсэн. 10 жилээ төгсөөд Солонгос улсад гурван жил ажиллаж амьдарсан. Ирээд эхнэртэйгээ хуримаа хийгээд нэг хэсэг төрөлх суманд амьдарч байлаа. Тэр үед ярилцаж байгаад шашны дэлгүүр ажиллуулж үзсэн. Тэгээд бусад залуусын адилаар хотод ирсэн. Хүн ер нь хаана ч байлаа гэсэн хөдөлмөрлөх нь чухал. Хөдөлмөрлөж байгаа хүмүүс бол амьдралыг яаж ийгээд босгоно. Залхуурч болохгүй гэж боддог. Гэр бүл, хүүхдүүдийнхээ төлөө хөдөлмөрлөх ёстой.
-Олон хүүхэдтэй залуу ээж хэдий ч давхар сургуульд сураад төгсчихөж. Нөхөр бас арагшаа уягдалгүй ажлаа хийж байна. Ингээд харвал яалт ч үгүй ээж аавуудын түшиг их бололтой?
-Гэргий: Тэгэлгүй яахав. Бидний өдий зэрэгтэй сайн сайхан яваа нь эцэг эхийн минь буян. Хөдөлмөрч ээж аавуудын үлгэр дуурайл. Үнэтэй сайхан үг сургаал нь бидний хандлагат их нөлөөлдөг. Хүнд худлаа хэлэхгүй, хариуцлагатай, хөдөлмөрч байх зан чанарыг бидэнд суулгаж өгсөн. Бидний амьдралд маш их дэм болж байна.
-Хань: Аав ээж нар маань арыг найдвартай даадаг учраас ямар ажил эхлүүлсэн зорьсон асуудалгүй байдаг. Хоёр талын аав ээжүүд нэг нутгийнх. Дээрээс нь яг нэг салбарт ажиллаж, хөдөлмөрч ирсэн хүмүүс бий. Хоёр ээж маань худалдааны салбарт олон жил ажилласан, аавууд маань насаараа тээвэрт явсан.
-Та хоёрт маань бүл нэмэх төлөвлөгөө бий юү?
-Гэргий: Ойрхон дөрөв төрсөн болохоор одоохон төлөвлөөгүй байна. Гэхдээ мэдээж хүрээд ирвэл талархана.
-Хань: Манай эхнэрт ачаалалтай байгаа. Гэхдээ мэдээж бурхан бидэнд заяавал баяртайгаар хүлээж авна.
-Мэдээж хүүхдүүдээ хараад гэрт байхаар эхнэрт нь уурлаж бухимдах үе гардаг байх. Ялангуяа, сүүлийн дөрвөн төрөлт ойрхон юм байна?
-Хань: Хүний амьдралд гундах, инээх жаргалтай үе маш их тохиолдоно. Гэхдээ аль болох нэгнээ ойлгож, туслах хэрэгтэй. Би эр хүн гээд ганцхан гадаах ажлыг хариуцах ёсгүй. Чадахынхаа хэрээр туслахыг хичээдэг. Гэхдээ ажлын цаг зав болохгүй үе гарна.
-Гэр бүлийнхээ нь цаашдын зорилгоос хуваалцвал?
-Хань: Энэ жил миний охин 18 настай сургуулиа төгсөнө. Сайхан мэргэжил сонгоод яваасай гэсэн бодолтой байна. Түүнийх нь төлөө аав ээж нь чадах бүхнээ дайчилна. Ирээдүйн зорилго бол хүүхдүүдээ зөв сайхан хүмүүс болгох. Монголчууд хүн шиг хүн болгоно гэж ярьдаг даа
-Гэргий: Гэр бүлийн жаргал бол үр хүүхдүүдээ эрүүл саруул өсгөх, өвдөхгүй байх. Хүүхдүүддээ худлаа хэлэхгүй, хүнд тустай, ямар ч ажлыг голохгүй хийдэг хөдөлмөрч зан чанарын суулгахыг хичээдэг. Мэдээж ажил бизнесийн зорилго байлгүй яахав. Шинэ бизнес эхлүүлэхийн тулд сая хоёр ихэрийнхээ хажуугаар сургуульд сурсан. Хамгийн гол нь хүүхдүүд. Тэдний маань эрүүл мэнд, боловсрол хамгийн чухал зорилго.
-Мэдээж маш олон удаа бие биедээ сэтгэлийн үгээ хэлж байсан байх. Ханьдаа хандаж сэтгэлийн үгээ хэлбэл?
-Хань: Ханьдаа хайртай шүү. Хань ч гэсэн хичээж байгаа. Миний хань ч бас их хичээж байгаа шүү.
-Гэргий: Ханийн маань нөмөр нөөлөг маш их. Түшигтэй, маш их хүндлэлтэй сайхан залуу. Үр хүүхдүүдэдээ зөв үлгэр дуурайл болж явдаг. Гэр бүлийн маань түшиг тулгуур болж явдагт баярлалаа. Миний хань хорт зуршилгүй. Хадам аав маань ч тийм. Би яг бодож явсан сайхан хүнтэйгээ ханилсандаа үргэлж талархдаг. Эрүүл энх байж, олон жил сайхан амьдарцгаая. Хайртай шүү чамдаа.
П.ДАВААЖАРГАЛ
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм эвтэй найртай айл гэр харахаар сайхан санагдлаа
5 хүүхэд өсгөнө гэдэг үнэхээр хөдөлмөр шүү баяр хүргэе
Ханиа ингэж үнэлж ярьдаг эр хүн цөөрсөн шүү
Алдарт эхийн одонгоо авах гэж догдолж байгаа нь хүртэл гоё юм аа
Эвтэй гэр бүлд аз жаргал байдаг гэдэг үнэн юм байна
10 жилийн нэг ангиас ийм сайхан гэр бүл болсон нь гоё түүх байна
Олон хүүхэдтэй айлд инээд хөөр дүүрэн байдаг даа
Ээж аав хоёр нь хоёулаа маш зөв хүмүүжилтэй хүмүүс юм
Дархан бэр болно гэдэг бас их хүндлэл шүү баяр хүргэе
Iim saihan ger buliin yariltslaga unshaad duлаахan bolloo
Nuhur ni ehneree ih hundeldeg yum bn goe sanagdlaa
Az жарgal gedeg mungund bish gedgiig haruulj bn
Ihriin huuhedtei bolson tuuh ni uneheer hoorhon sanagdlaa
Hort zurshilgui ger buliin terguun gedeg hamgiin tom bayarlal
Eej aaviinhaa surgasniig ur huuheddee ulamjluulj baigaa ni saihan
Ger buldee ingej hairtai humuusig харахаар итгэл төрдөг
hoyor duud sain saihan buhniig husen erooe
миний сайхан 2 найздаа аз жаргал эрүүл энх хүсье.
Huuhed gargana gej morooddog sonin l yum. Hiij buteene gej moroodku
Ямар хөөрхөн юм бэ....