О.Амгаланбаатар ТББХ дээр унасан "гурван эрийн наадам"-ын хуулиа Дэгийн тухай хууль зөрчин УИХ-руу зүтгүүлэв
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилсан хоёр хууль мягмар гарагт ТББХ-оор орсон. Нэг нь бүдэрч, дэмжигдсэн. Тодруулбал, түүний "Гурван эрийн наадам"-ын тухай хууль нь олонхын дэмжлэг аваагүй тул ТББХ-ноос буцаагдсан.
Гэтэл даваа гарагт урьдчилсан гаргадаг УИХ-аар хэлэлцэх асуудлын тов дараалалд орсныг нь далимдуулан хуулийн төслөө хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасуулах санал гаргаж мэдэн будилав. Тав дахь удаагаа парламентад суугаа, хуулийн төсөл ямар зарчмаар явдгийг хэнээс ч илүү мэдэх С.Бямбацогт дарга ч санал хураалтыг уриалгахан явуулснаар, 52.4 хувиар дэмжигдлээ.
Өөрөөр хэлбэл, байнгын хэлэлцэх эсэхийг дэмжээгүй хуулийг чуулганы босго давуулж, хойшлуулах эсэх санал хураалт хүртэл явуулж "эрх ямбаа" гайхуулж байгаа нь энэ. Дараагийн удаа өмнөх хуралдаан дээр өөрийн саналаар хойшлуулсан одоо хэлэлцэхэд бэлэн боллоо гэж мэлзсээр оруулаад ирж мэдэх нь.
Ингэхдээ АН-ын бүлгээс бичиг хүргэж, хэлэлцүүлэх асуудлаас түр хойшлуулах горимын санал гаргуулав. УИХ-ын дарга С.Бямбацогтод угаас байнгын хороон дээр унасан хуулийг хасаад бусад асуудлаа хэлэлцээд явах боломж бөгөөд үүрэг байв. Гэхдээ сонгуулийн нэг тойргоос сонгогдсондоо ч тэр үү, Нарансэвстэйг нээх дээр эрх ашиг нэгтэй байгаадаа ч тэр үү О.Амгаланбаатарын хууль дээр "нүдээ аниад" өнгөрөв.
О.Амгаланбаатарын Дэгийн тухай хууль зөрчиж байгаа нь анх удаа биш. Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт ТББХ-ны хурлаар хэлэлцэх байсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслөө У.Отгонбаяр нарын ижил нэрт хуультай зарим заалт давхардсан гэх шалтгаанаар түр татсан. Маргааш нь шинээр өргөн бариад, ажлын шинэ долоо хоногт шууд ТББХ-оор хэлэлцүүлж, өнөөдөр УИХ-аар хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг нь явах гэж байна.
Тодруулбал, дагалдах 17 хуулийн төслийнхөө 10-г нь буюу дийлэнхийг нь хасаж орвонгоор нь өөрчлөн шинээр өргөн мэдүүлсэн. Тэгээд ажлын дөрөв хоногийн дараа чуулганаар оруулж ирээд байна. Зарим гишүүн өргөн барьсан хуулиа хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах гэж хэдэн сараар хүлээж байхад О.Амгаланбаатар тэргүүтнийх ногоон гэрлээр урагшилж байх юм.
Тэр нийгмийн шахалтад ормогцоо Нарансэвстэйд санаархсан дагалдах хуулийн төслөө хассанаар дэмжүүлж чадсан. Байнгын хороо дэмжсэн тул өнөөдөр чуулганаар хэлэлцэнэ.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр хэнийг доромжлоод байна аа