Гадаад мэдээДЭЛХИЙ

Жимин: BTS-ийн гишүүд надад хамгийн их нөлөөлсөн байх

BTS хамтлаг эргэн эрэлт хийж “ARIRANG” нэртэй шинэ цомгоо гарган, дэлхий даяар аялан тоглож байгаа. Тус цомог гарахаас өмнө “Rolling Stones” сэтгүүл хамтлагийн гишүүн бүртэй ярилцсан юм. Энэ удаад Жиминий ярилцлагыг орчуулж хүргэе.

“ARIRANG” цомог гарахад нэг сар үлдээд байна. Та яг одоо ямар сэтгэгдэл, мэдрэмжтэй байна вэ?

Маш их сандарч байна. Үнэхээр их сандарч байна. Цомгийг цацах өдөр ойртсоор л, харин бид хамтарч уран бүтээл гаргаагүй маш удаж байна шүү дээ. Энэ бүх хугацаанд догдолж байсан ч бас айдас мэдэрсэн. Үнэхээр сайн уран бүтээлүүд гаргахыг л хүсэж байна.

Та бие даасан уран бүтээлүүдээрээ маш том амжилт гаргасан. Ганцаарчилсан карьер тань ийм хурдан, ийм том хүрээнд амжилт олно гэж төсөөлж байсан уу?

Үгүй ээ, огт төсөөлөөгүй. Ганцаарчилсан уран бүтээлүүдэд минь хүмүүсийн үзүүлсэн дэмжлэгт үнэхээр их талархаж явдаг. Гэхдээ энэ бүхний явцад би өөрийгөө цаашид маш их хөгжүүлэх хэрэгтэй гэдгээ ойлгосон. Ирээдүйд ч үргэлжлүүлэн шаргуу хөдөлмөрлөж, сайжрах төлөвлөгөөтэй байгаа.

Тэгвэл энэ талаар бага зэрэг дэлгэрүүлж ярилцъя. Аль хэдийн хит дуунуудтай болсон хүний хувьд та яг юугаа сайжруулахыг хүсэж байна вэ?

Юуны өмнө дуулах чадвараа сайжруулахыг хүсэж байна. Илүү их суралцаж, илүү их бэлтгэл хийж, тэр хэрээрээ өсөж хөгжмөөр байна. Үүнээс гадна илүү сайн дуу бичихийг хүсдэг. Сайн концепцтой, чанартай цомгууд хийхийг хүсэж байна. Ер нь миний ажил бол сайн дуу бичиж, түүнийгээ сайн дуулах шүү дээ.

Та өөртөө хэт хатуу ханддаг юм биш биз?

Тийм биш ээ. Одоо бол амьдралаас үнэхээр сайхан мэдрэмж авч байна. Хамтлагийнхаа гишүүдтэйгээ хамт бэлтгэл хийх үнэхээр сайхан байдаг. Бид бэлтгэлийн үеэр маш их хөгжилдөж байгаа. Тайзан дээр гарах өдрөө тэсэн ядан хүлээж байна.

Зургийн эх сурвалж: Grammy

Цэргийн албанд байхдаа та олон төрлийн шагнал хүртсэн. Яаж тийм сайн цэрэг байсан гэж боддог вэ?

Тэр шагналуудын талаар та яаж сонссоныг мэдэхгүй юм байна. Эхэндээ бол цэргийнхэн бүгд биднийг алдартнууд гэдгийг мэдэж байсан шүү дээ. Тиймээс би алба хаагчдад сайн сэтгэгдэл төрүүлэхийн тулд шаргуу ажилласан. Харин дараа нь илүү олон өдрөөр чөлөө авахын тулд хичээдэг болсон доо.

Магадгүй дадлагажигч байх үе тань цэргийн албатай төстэй байсан болохоор бэлтгэгдсэн байсан байх гэж бодсон юм.

Тийм тал бий. Бид байнга бүжиглэж, биеийн бялдрын хувьд бэлтгэлээ хадгалсаар ирсэн. Тийм болохоор цэргийн албанд тодорхой хэмжээгээр бэлтгэгдсэн байсан гэж боддог. Гэхдээ бусадтайгаа насны зөрүүтэй байсан болохоор зарим талаар хязгаарлагдмал санагддаг байсан. Би ихэнх хүмүүсээс бараг 10 насаар ах байсан.

Цэргээс халагдсан эхний өдөр, хуучин амьдралдаа эргэж орно гэдгээ мэдэх ямар байсан бэ?

Үнэхээр хачирхалтай мэдрэмж байсан. Зүгээр л баярлана гэж бодож байсан ч тийм энгийн биш юм байна лээ. Үгээр илэрхийлэхэд хэцүү. Цэргийн албанд өнгөрүүлсэн бүх зүйлээ эргэцүүлсэн. Хамт бэлтгэл хийж байсан найзууд, офицеруудынхаа тухай бодсон. Дараа нь одоо би дахиад тайзан дээр гарч болох нь ээ гэж бодсон. Ийм олон янзын бодол нэгэн зэрэг орж ирсэн болохоор яг юу мэдэрснээ тайлбарлахад хэцүү юм.

Бид 2021 онд ярилцаж байхад та өөрийгөө хамтлагаасаа тусдаа байна гэж төсөөлж чаддаггүй гэж хэлж байсан. Түүнээс хойш хамтлагаас гадуур маш олон зүйлийг амжилттай хийж бүтээлээ. Энэ нь хамтлаг дахь өөрийн байр суурийг харах өнцгийг тань өөрчилсөн үү?

Миний бодол өөрчлөгдөөгүй. Тэд өөрчлөгдсөн байж магадгүй гэхдээ миний хувьд BTS болон BTS-ийн нэг хэсэг болж амжилт гаргах нь миний хамгийн том зорилт хэвээр байгаа. Бас би үүний зэрэгцээ илүү сайн дуучин болохыг хүсэж байна. Манай хамтлагийнхан бүгд үнэхээр гайхалтай хүмүүс. Тиймээс гишүүний хувьд өөрийн үнэ цэнийг өсгөж, бусдынхаа сүүдэрт дарагдахгүй байх хэрэгтэй гэж боддог.

“Be Mine”, “Who” зэрэг таны ганцаарчилсан уран бүтээлүүдийг сонсоход бүжигчний суурь тань мэдрэгддэг. Дууны хэмнэл, дуулах хэв маягт хүртэл нөлөөлсөн юм шиг санагддаг. Та ч гэсэн тэгж боддог уу?

Тийм ээ. Тэр дуунуудыг продюсеруудтойгоо хамт хийхдээ бүжиглэхэд үнэхээр тохирох дуунууд болно гэж бодож бүтээсэн. Ялангуяа “Be Mine”-ийн хувьд фенүүдтэйгээ хуваалцахыг хүссэн тусгай бүжиг хүртэл зохиосон. Гэхдээ цэрэгт явах шаардлагатай болсон болохоор цаг үе нь тийм ч тохиромжтой байгаагүй.

Таны дуулах арга барил их онцлог. Заримдаа бусад гишүүдтэй харьцуулахад R&B урсгалын нөлөө арай бага мэт санагддаг. Маш өвөрмөц өнгө аястай. Та өөрөө энэ хэв маягаа хэрхэн хардаг вэ?

Би зүгээр л цаанаасаа ийм хоолойтой. Ямар нэгэн нөлөөнөөс илүүтэйгээр ээж ааваасаа авсан хоолой. Гэхдээ ингэж хэлсэнд үнэхээр баярлалаа. Үнэнийг хэлэхэд BTS-ийн гишүүд надад хамгийн их нөлөөлсөн байх. Учир нь тэд намайг дадлагажигч байхаас минь эхлээд миний хоолойг сонсож ирсэн хүмүүс. “Хоолой чинь үнэхээр сайхан” гэж хэлдэг байсан, бас надад дуулах дуу санал болгодог байсан. Тэр зөвлөмжүүд надад маш их нөлөөлсөн.

Ямар төрлийн дуунууд санал болгодог байсан бэ? Түргэн хэмнэлтэй дуу дуулж байсан ч таны дотор баллад дуучны шинж байдаг юм шиг санагддаг.

Жастин Бибер, Крис Браун гээд өөр олон уран бүтээлчийн дуу санал болгодог байсан. Гэхдээ ихэвчлэн R&B төрлийн дуунууд санал болгодог байсан. Намайг дадлагажигч байхад алдартай байсан Trey Songz, Tory Lanez зэрэг уран бүтээлчдийн дуунууд гэх мэт.

Зургийн эх сурвалж: Tatler Asia

ARIRANG цомгийн чухал хэсгүүдийн нэг бол “They Don't Know ’Bout Us”. Энэ дууны бүтээлд таны оролцоо ямар байсан бэ?

Нэг орой ажлаа тараад RM бид хоёр ярилцаж байхад энэ нэр анх гарч ирсэн юм. Үнэндээ тэр дууны нэр эхэндээ “You make me weak” байсан. Учир нь би фэнүүддээ тэгж хэлэхийг хүссэн юм. Фэнүүд минь л биднийг хэлбэржүүлдэг. Бас бид хэдийг  гайхалтай хүмүүс мэтээр үргэлж хардаг. Гэхдээ үүнээс болоод бидэнд өсөж хөгжих орон зай үлдэхгүй байх шиг санагддаг. Тэд биднийг сул дорой болгож байгаа мэт тэр мэдрэмжийг илэрхийлж үзэхийг хүссэн юм. Тэгээд “They Don't Know ’Bout Us” гэсэн санаа тэр ярианаас гарч ирсэн. Анхандаа шүү дээ. Дараа нь бусад гишүүдийн бодол санаа ч нэмэгдэж, өргөжсөн. Гэхдээ эхэндээ бол бид хэчнээн эмзэг, сул байдгийг хэн ч мэдэхгүй гэсэн санаанаас эхэлсэн.

Энэ цомгийг бүтээх үйл явц өмнөхөөсөө маш өөр байсан гэж сонссон.

Цомог бүтээх үед бид нар үйлдвэр юм шиг л ажилласан. Дөрвөн бичлэгийн өрөөний аль нэгт нь продюсер сууна. Харин гишүүд хоёроос гурван хүний бүрэлдэхүүнтэй багуудад хуваагдаад үлдсэн өрөөнүүд рүүгээ орно. Өдөр бүр өрөөгөө солино. Нэг өдөр нэг продюсертой бүтэн ажиллаад, дараагийн өдөр өөр хүнтэй ажиллана. Энэ хэв маягаараа бараг хоёр сарын турш өдөр бүр ажилласан. Ингэж хамтран ажиллахдаа нийтдээ 100 гаруй дуу бүтээсэн.

Та ганцаарчилсан уран бүтээлээсээ хуримтлуулсан туршлага ARIRANG” дээр ажиллах арга барилд хэрхэн нөлөөлсөн бэ?

Ганцаарчилсан карьерынхаа явцад би тодорхой нэг хандлагад суралцсан юм. Дуу бичихдээ айдас багатай болсон. Тэр туршлагын ачаар шинэ хамтлагийн цомог дээр ажиллахдаа... би онцгой сайн ажилласан гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ асуулт асуухаас айхаа больсон байсан. Бас байнга оролдлого хийхийн төлөө чадах бүхнээ хийсэн.

Эх сурвалж: Rolling Stones

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button