НИЙГЭМНийгэм мэдээ
Хуулийн төсөл: НДШ төлөлттэй холбоотой таван шинэчлэлтэй танилц
Засгийн газраас Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод буй. Тэгвэл тус хуулийн төсөлд тусгасан онцлог заалтуудыг нэгтгэн хүргэе.
- Тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдэнэ. Тодруулбал, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос таваа доошгүй жилийн өмнө даатгуулагч өөрөө хүсвэл ирээдүйдээ зориулж тэтгэврийн даатгалын шимтгэлийн 1.0 хувийг хуримтлуулж болно. Хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад цахимаар эсхүл биечлэн гаргах юм байна.
- 5 хүртэлх ажилтантай гарааны бизнес эрхлэгчдийг дэмжиж, гурав хүртэлх ажилтны ажил олгогчоос төлөх НДШ-ийг 36 сар хүртэлх хугацаагаар чөлөөлнө. Сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага уг заалтад хамрагдана. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, гадаадын байгууллага үүнд хамаарахгүй аж.
- Өмнө нь НДШ төлж байгаагүй иргэн анх удаа даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг чөлөөлнө. Хөнгөлөлтийн хугацаа 24 сараас ихгүй байна.
- Хэрэв олон ажил зэрэг хийдэг бол албан журмаар даатгуулахдаа өөрт хамгийн таатай нөхцөлтэй 2 хүртэлх сонгосон гэрээнд заасан цалингаас НДШ-ээ төлж болно.
- 15-22 насны оюутан, залуус ажил хийвэл өөрөө хүсвэл НДШ төлнө. Хэрэв тухайн хугацаанд төлөөгүй үлдсэн тэтгэврийн шимтгэлээ 25 нас хүрэхээсээ өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх эрхтэй.
Тодотгоход, энэ хуулийн төсөлд тусгасан заалтууд бөгөөд хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн баталсны дараа албажих юм.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бизнес эрхлэгчдийг дэмжсэн заалт алга даа, чихэр долоолгох гэснээ болиод аваад явчихдаг хүүхэд шиг юм санаачилжээ
оюутнууд төлөөгүй даатгалаа 25 наснаас өмнө нөхөж төлнө, юу гээчийн хөнгөлөлт ийм байхав?
Ямар ч утга үгүй өөрчлөлт байна. НДШ төлөлт иргэдэд ашигтай шүү дээ.