Фото: Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслолд 99 бөө лам хуваргууд оролцож байна
Төрийн тахилгат Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслол 2026 оны зургадугаар сарын 22-ны өдөр бөө мөргөлийн ёслолоор эхлэж өнөөдөр төрийн тахилга эхэлж байна. Энэ удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн тавдугаар сард гаргасан шийдвэрийн дагуу улс 21 аймаг сумдаас шалгарсан 99 бөө Бурхан Халдун уулнаа хуран цугларч, уул ус, тэнгэр хангайдаа даатгал өргөсөн юм. Монгол Улсын хэмжээнд өдгөө 5-6 мянга орчим бөө байдаг гэх судалгаа бий бөгөөд тэдгээрээс хамгийн нэр хүндтэй, шалгуур хангасан шилмэл 99 бөөг сонгосон аж.

Харин өнөөдөр Тахилгын ёслолын эхэнд шашин номын зан үйлийг үйлдэн, эх орон амар амгалан, ард иргэд энх тунх, байгаль дэлхий тэгш сайхан байхыг бэлгэдэн ном айлдсан байна. Мөн Бурхан Халдун хайрхны эзэн савдаг, лус сахиусыг аргадан тайтгаруулах, уул усны ариун шүтээнийг дээдлэн хүндэтгэх уламжлалт зан үйл хийгджээ.

1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Бурхан Халдун уулыг Төрийн тахилгат уул болгосон бөгөөд 2013 онд Засгийн газар Үндэсний бахархалт хайрхнаар зарласан юм. Мөн 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвийн жагсаалтад соёлын ангиллаар бүртгэжээ.
Х.ХУЛАН


























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.