Гадаад мэдээДЭЛХИЙ

Иений ханш ам.долларын эсрэг 40 жилд үзэгдээгүй суларсан нь ямар үр дүнд хүргэх вэ

Иений ханш ам.долларын эсрэг 40 жилд үзэгдээгүй түвшинд хүрч суларч, хөрөнгө оруулагчид Японы Засгийн газар валютын зах зээлд интервенц хийж магадгүй гэж анхааралтай ажиглаж байна. Хэрэв интервенц хийвэл АНУ-ын хөрөнгийн зах зээл, Засгийн газрын бондын зах зээл болон дэлхийн эдийн засагт өргөн хүрээний нөлөө үзүүлэх боломжтой.

Иений ханш 1986 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн нь Ираны дайны улмаас АНУ бодлогын хүү дээрээ ямар алхам хийх бол гэсэн зах зээлийн хүлээлт өөрчлөгдөж, ам.долларын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой юм.

Японы Засгийн газар энэ оны эхээр иений ханшийг дэмжихээр интервенц хийсэн ч уналтыг нь зогсоож чадаагүй. Интервенцийг үл харгалзан ханш унаж, олон жилд үзэгдээгүй түвшинд хүрээд байгаа учир валют арилжаачид Японы Засгийн газраас шинээр интервенц хийхийг хүлээж байна.

Иений ханш яагаад унаж байна вэ?

АНУ-ын Холбооны нөөцийн сан ойрын саруудад инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ хэвээр хадгалах, эсвэл бүр нэмэгдүүлэх магадлалтай гэж арилжаачид үзэж байгаа юм. Учир нь АНУ, Израил нар Ираны эсрэг эхлүүлсэн дайны улмаас газрын тосны үнэ өсөж, инфляцын дарамт нэмэгдсэн.

ХНС-гийн боломжит алхмын талаарх таамаг ингэж өөрчлөгдсөн нь ам.доллар чангарч, иен болон бусад валютуудын ханш буурахад хүргэжээ. Ам.долларын индекс энэ онд гурван хувиар өсөөд байна. Өнгөрсөн жил есөн хувиар огцом унаад байсан тус индекс ийнхүү сэргэж эхэлжээ. Тэрхүү индекс нь ам.долларын ханшийг зургаан томоохон гадаад валюттай харьцуулдаг юм.

Зургийн эх сурвалж: CNBC

“MUFG” банкны валютын ахлах эдийн засагч Ли Хардман "Ираны дайнаас үүдэлтэй газрын тосны үнийн өсөлт нь иений ханш сулралтыг эрчимжүүлсэн. ХНС сүүлийн үед илүү хатуу байр суурь илэрхийлж эхэлсэн нь үүнийг улам бататгалаа" гэжээ.

Валютын ханш ихэвчлэн улс орнуудын бодлогын хүүгийн зөрүүнээс шалтгаалан өсөж, буурдаг. Японы Төв банк (BOJ) зургаадугаар сарын 16-нд бодлогын хүүгээ нэг хувь болгож нэмэгдүүлсэн билээ. Энэ нь 1990-ээд оноос хойших хамгийн өндөр түвшин юм. Гэсэн ч энэ нь ХНС-гийн 3.5-3.75 хувийн бодлогын хүүгээс их хэмжээгээр доогуур хэвээр байна.

Бодлогын хүүгийн зөрүүтэй байдал нь илүү өндөр ашиг олохыг хүссэн хөрөнгө оруулагчид Японоос хөрөнгөө гаргаж, АНУ руу чиглүүлэхэд хүргэж байгаа юм. Ингэснээр ам.доллар чангарч, иен суларч, дэлхийн санхүүгийн зах зээлийн савлагаа нэмэгдэнэ.

Иений ханш сулрах Японд ямар нөлөөтэй вэ?

Япон 2000 болон 2010-аад онд эдийн засгаа сэргээж, дефляцаас гарахын тулд бодлогын хүүгээ тэгээс доош буюу сөрөг түвшинд удаан хугацаанд барьсан. Энэ нь 1990-ээд оны эдийн засгийн хямралын дараах сэргэлтийг дэмжих зорилготой арга хэмжээ байсан юм.

Харин 2024 онд инфляц Японы Төв банкны зорилтот түвшнээс давсны дараа тус улс бодлогын хүүгээ өсгөж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч Японы бодлогын хүү дэлхийн бусад томоохон эдийн засгуудаас доогуур хэвээр байгаа тул иенийн ханш суларсаар байна.

Хэрэв иений ханш үргэлжлүүлэн хяналтгүйгээр унаж, инфляц өндөр хэвээр байвал эдийн засгийн хямрал үүсэх эрсдэлтэй. Иений ханш сул байх нь импортын барааны үнийг өсгөдөг. Япон улс хүнс, эрчим хүчнийхээ ихэнхийг гаднаас импортолдог билээ. АНУ, Израил хамтран Ираны эсрэг эхлүүлсэн дайны улмаас газрын тосны үнэ өссөн нь Ойрх Дорнодын нефтиэс ихээхэн хамааралтай Азийн орнуудад хүчтэй цохилт болсон.

“ING” банкны дэлхийн зах зээлийн хэлтсийн тэргүүн Крис Тернер "Иений ханш сул байх нь импортын зардлыг өсгөж, амьжиргааны өртгийн хямралыг улам хүндрүүлж байгааг Японы эрх баригчид тодорхой мэдэгдсэн. Энэ асуудал иргэдийн хамгийн их анхаарч буй сэдвийн нэг болоод байна" гэжээ.

Японы интервенц хийвэл дэлхийн хамгийн том эдийн засагтай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Японы Засгийн газар ам.доллар эсвэл АНУ-ын Засгийн газрын бонд зэрэг доллароор нэрлэгдсэн хөрөнгөө зарж, оронд нь иен худалдаж авснаар ханшийг дэмжиж болно. “ING”-гийн Крис Тернерийн үзэж буйгаар хамгийн эртдээ энэ амралтын өдрүүдэд интервенц хийж магадгүй байна.

Зургийн эх сурвалж: Reuters

Иений ханш огцом өсвөл ам.доллар болон АНУ-ын Засгийн газрын бондод дарамт учруулж, санхүүгийн зах зээлд мэдэгдэхүйц өөрчлөлт үзэгдэх боломжтой. “ING” мэдээлснээр дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхэн хүртэл Япон иений ханшийг дэмжих зорилгоор 70 орчим тэрбум ам.долларын хөрөнгө заржээ. Энэ нь АНУ-ын зах зээлд тийм ч хүчтэй нөлөө үзүүлээгүйгээс гадна иений ханш сулралтын суурь шалтгааныг ч шийдэж чадаагүй юм.

Хэрэв Япон эзэмшдэг АНУ-ын Засгийн газрын бондоо илүү их хэмжээгээр худалдаж эхэлбэл бондын өгөөж өсөх магадлалтай. Учир нь бондын үнэ буурах үед өгөөж нь өсдөг. Гэхдээ АНУ-ын бондын зах зээл асар том хэмжээтэй тул нийт нөлөө нь харьцангуй бага байх болно гэж шинжээчид үзэж байна.

“Corpay” компанийн зах зээлийн стратегийн ахлах мэргэжилтэн Карл Шамотта "Японы хийдэг интервенцийн хэмжээ нь ихэвчлэн хэдэн арван тэрбум ам.доллар байдаг. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 29 их наяд ам.доллар арилжаалагддаг АНУ-ын Засгийн газрын бондын зах зээлтэй харьцуулахад хэтэрхий бага тул өгөөжид бодитой нөлөө үзүүлэхгүй" гэжээ.

Гэхдээ хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө бий. “Wall Street”-ийн хөрөнгө оруулагчид Японоос бага хүүтэй зээл иенээр авч, АНУ-ын хувьцаанд хөрөнгө оруулдаг. Японы Төв банк олон жилийн хугацаанд бодлогын хүүгээ бараг тэгтэй тэнцэх хэмжээнд барьсан учраас ийм төрлийн хөрөнгө оруулалт их хийдэг байсан юм.

Харин Япон интервенц хийж иений ханш огцом өсөн, Японы Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлсээр байвал иенээр зээл авах өртөг эрс өснө. Ингэснээр тус төрлийн арилжааны стратеги нуран унах эрсдэлтэй юм. Хэрвээ ийм зүйл болбол арилжаачид зээлээ төлөхийн тулд хувьцаагаа зарахаас өөр аргагүй болно.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button