Дархан, Орхон, Булган, Хөвсгөл чиглэлийн замын ачаалал өглөөний 05:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл үргэлжлэхээр байна
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс наадамчдын хөдөлгөөний эрчмийг зохицуулах зорилгоор Улаанбаатар хотоос гарах болон орох чиглэлийн авто замын ачааллын нөхцөл байдал, оргил цагийн тооцооллыг гаргажээ. Тус мэдээллээр Төвийн болон баруун аймгуудыг зорих үндсэн гарц болох Эмээлтийн постын орох, гарах урсгал шөнийн 00:00-02:00 цагийн хооронд хэдийнэ оргил ачаалалдаа хүрсэн байна.
Түүнчлэн өдрийн 16:00 цагаас эхлэн шөнийн 02:00 цаг хүртэл тус чиглэлд замын хөдөлгөөний дахин нэг томоохон ачааллын давлагаа үүсэж, хөдөлгөөн эрс нэмэгдэх төлөвтэй байгааг анхаарууллаа.
Мөн тус постын хотоос гарах чиглэлийн урсгал үүрийн 05:00 цагаас өдрийн 17:00 цаг хүртэл бүтэн 12 цагийн турш үргэлжлэн оргил ачаалалтай байхаар тооцоолжээ. Үүний зэрэгцээ хойд болон төвийн бүсийн аймгуудыг холбодог Баруунтурууны постын хувьд ч хөдөлгөөний ачаалал багагүй байх төлөв гарсан байна. Тодруулбал, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд хотоос гарах тээврийн хэрэгслүүдийн оргил ачаалал мөн адил өглөөний 05:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл үргэлжлэхээр байна.
Харин тус постоор хот руу буцах буюу орох чиглэлийн хөдөлгөөний эрчим оройн 18:00 цагаас эхлэн шөнийн 02:00 цаг хүртэл хамгийн өндөр түвшинд хүрэхээр төлөвлөгдсөн тул жолооч та бүхнийг замын ачааллыг тооцон, хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн 28 анги байгууллагын 841 алба хаагч, 50 тээврийн хэрэгсэл, 16 албаны нохой болон 30 морьт эргүүлийн бүрэлдэхүүнтэйгээр наадамчдын аюулгүй байдлыг ханган, хяналт тавин ажиллаж байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.